Т.ЖАНЦАН
Нийслэлийн авто замын газрын дарга Д.Нанзаддоржтой замын шинэчлэлт, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.
-Нийслэлд тулгамдаж буй асуудал олон. Түүний нэг нь түгжрэл. Үүнийг бууруулахад туслах зам олон байх хэрэгтэй гэдэг. Ийм замуудыг хаана хийх шаардлага байна вэ?
-Өмнө нь хуучин замаа засч шинэчилж ирсэн. Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт эрчимжсэн. Нийслэлийн авто замын газар 2005 онд байгуулагдахад нийт замын урт 360 км байсан. Одоо 487 км боллоо. Энэ нь нийслэлийн авто замын сүлжээ 53.1 хувиар урт болсон гэсэн үг. Мөн түгжрэл бууруулахын тулд хуучин замыг өргөтгөх, шинээр барих ажил хийж байна. Дээр нь холбоос зам тавьж байгаа. Өнгөрсөн онд Анкарагийн гудамж буюу тавдугаар сургуулиас хуучнаар Лениний музей, хойд зүгт Дэнжийн мянга, урагшаа Залуучуудын гудамжаар Гэсэр сүм орох чиглэлд холбоос зам тавьсан. Бас 11 дүгээр хорооллыг АНУ-ын Элчин сайдын яам ордог замтай холболоо. Энэ мэтээр есөн байршилд ийм холбоос зам барьсан. Одоо дөрөв, таван байршилд яаралтай холбоос хийх шаардлага бий. Чадвал энэ сард нэг хоёр холбоос замыг нь багтааж барих санаатай ажлаа эхлээд байна. Үүний нэг нь Сонгинохайрхан дүүргийн Өнөр хорооллын 34 дүгээр байрны хойноос 21 хороолол ордог шороон зам бий. Энэ холбоос замыг тавих ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа. Хоёрдугаарт “Өгөөмөр” захыг Нарны замтай холбох ажил эхэлсэн. Уг зам богинохон тул удахгүй барьж дуусна. Гуравт Бөхийн өргөөнөөс ургашаа явж буй замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох боломжтой. Гэхдээ хэдэн чингэлэг, нэг дэлгүүрийн довжоог чөлөөлж 100 гаруй метр зам тавих учиртай юм.
Дөрөвт, Яармагийн гүүр, Гурвалжингийн гүүртэй холбосон зам тавина. Энэ замд дулааны ил шугам доогуур гарсан хэсэгт 330 метр газар хатуу хучилтгүй байгаа. Үүнийг гүйцээнэ. Гэвч хөрөнгийн асуудал нь хүндрэлтэй. Учир нь уг замын зурагт энэ холбоосыг хийхэд дулааны далд шугамыг дээш гаргахаар тусгасан. Гэтэл ингэхэд нэг тэрбум гаруй төгрөг нэхэж буй юм. Ийм мөнгө өнөөдөр нийслэл болон улсын төсвөөс гаргах боломж байхгүй. Ямартай ч хатуу хучилтыг нь хийхээр болсон.
-Сонгинохайрхан дүүрэгт 21 хорооллын хойд уулзвараас Толгойтын эцэс орох зам их эвдэрсэн. Энэ замыг хэзээ засах бол. Ер нь, олон жил болж ингэж эвдэрсэн зам хаана хаана байгаа вэ?
-Толгойтын замыг энэ онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барихаар Зам тээврийн сайдын төсөвт тусгаж санхүүжилтийг нь шийдсэн. Зам тээврийн сайд зургадугаар сард уг замыг барих эрхийг хотын Засаг даргад шилжүүлсэн. Ингээд тодорхой шалтгааны улмаас тендер шалгаруулалт оройтлоо. Тендерийг саяхан нээж үнэлгээ хийж байна. Энэ замын урт 3.6 км, 1985 онд ашиглалтад орсон. Дундаа төмөр бетонон хоёр гүүр бий. Үүнийг буулгаад шинээр барих ёстой. Одоо зам барилгын ажил зогсдог улирал ирж буй тул ирэх жил хүртэл хойшилно гэсэн үг. Гүйцэтгэгч нь тодорхоор гэрээ байгуулахдаа хэд хэдэн нөхцөл тохирох бодолтой байна. Энэ зам бол хүн ам шигүү суурьшсан хотын төвийн бүст байдаг. Иймд цаг дулаарч зам барилгын ажил эхлэх хүртэл арга хэмжээ авч онгорхой цоорхойг нь нөхүүлэх юм. Мөн газар гэсэхийг хүлээлгүй хоёр гүүрийг нураалгана. Ингээд түр гүүр, эсвэл зам гаргах ёстой. Болж өгвөл суурийг нь ухчихвал ирэх жил цаг хугацаа хожиж шуурхай ажиллана гэсэн үг.
-Нийслэлийн авто замын газар энэ онд ямар ажил амжуулав?
-Энэ онд нийслэлд авто замын 25 төсөл хэрэгжүүллээ. Ингээд 43.4 км зам, 113 метр урт төмөр бетон гүүр шинээр тавьсан. Мөн 48.6 км зам, 134 метр урт гүүр өргөтгөхөөр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс энэ сарын 1-ний байдлаар 16.6 км зам, 113 метр урт гүүрийг шинээр барилаа. Бас 41.7 км зам, 50 метр урт гүүр өргөтгөн шинэчилсэн. Иймд энэ онд төлвөлсөн ажлын 80 орчим хувийг биелүүлсэн юм. Одоо үлдсэн ажлаа бүрэн дуусгах бололцоо бий. Үүнээс гадна хуучнаар ажилчдын соёлын төв, Нэхмэлийн шарын хооронд явган хүний гүүрэн гарц ашиглалтад оруулсан. Мөн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд төмөр зам доогуур авто машины хоёр нүхэн гарц барилаа. Энэ оны эхэнд нийслэлийн зургаан дүүрэгт хорооллын доторх замыг шинэчлэхэд тус бүр 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Багануурт 200, Налайхт 180, Багахангайд 80 сая төгрөг хуваарилсан юм. Тэгээд тухайн дүүрэг өөрсдөө засах замынхаа байршлыг тогтоож барих эрх өглөө. Уг ажилд манай газар хяналт тавьж ажиллалаа. Жишээ нь, Баянгол дүүрэгт Номин их дэлгүүрийн ар талын орон сууцнаас хуучнаар 1000 барааны дэлгүүр хүртэлх замыг шинэчилсэн. Сүхбаатар дүүрэгт Дэнжийн мянга, 9,10 дугаар хороонд хорооллын дундах замыг зассан юм. Урд нь дүүргүүд өөрсдөө зам засах хөрөнгөө зарцуулах эрх үүсгэж байгаагүй. Энэ онд манай замчдын ажил үйлс бүтэмжтэй өөдрөг байна. Одоо Нийслэлийн авто замын газар байгуулагдсаны 10 жилийн ой болно. Үүнийг угтаж төлөвлөгөө гарафикийн дагуу ажилласны үр дүн хэд хэдэн замыг ашиглалтад орууллаа. Мөн ашиглалтад ороход бэлэн болсон замууд ч бий.
-Тухайлбал?
-Өнөөдрийн байдлаар Өлзийт хороолол, Шувуун фафрикийг холбосон зорчих хэсэг нь есөн метр өргөн, суурин газартаа явган хүний зам, гэрэлтүүлэгтэй замыг ашиглалтад орууллаа. Мөн Гачууртад 11 км, гэрэлтүүлэгтэй зам шинээр тавьсан. Энэ замыг 1987 онд ашиглалтад оруулснаас хойш их засвар хийгээгүй, олон жил нөхөөсөөр аргацааж ирсэн юм. Одоо тендерийн хэмнэлтийн 700 гаруй сая төгрөгөөр дугуйн болон явган хүний зам тавина. Бас Шарга морьтын зуслангийн чиглэлийн замыг шинэчиллээ. Зуслангийн замын эхний ээлж 1973 онд баригдсан байдаг. Шарга морьтын гүүр гараад явдаг замыг 1995 оноос ашиглалтад оруулсан. Ингээд энэ замыг өргөтгөн шинэчилж эхэллээ. Уг замын урт 16.3 км. Дунд нь Сэлбийн гол дээр 54 метр урт, дөрвөн урсгалтай бетонон гүүр шинээр барьж байна. Энэ зам дөрвөн урсгалтай, хашлагатай, явган хүний болон ундаг дугуйн замтай, хоёр талаараа гэрэлтүүлэгтэй болгон барьж байна. Манай замчид энэ бүтээн байгуулалтыг маш богино хугацаанд чанартай барьж буй. Өөрөөр хэлбэл, энэ замыг орон нутагт барьж буй долоон метр өргөнтэй замд шилжүүлэн тооцвол 32 км болно. Үүн дээр гэрэлтүүлэг, гүүр, хашлага, явган хүний зам нэмж барина гэвэл нормт хугацаа нь 24 сар. Тэгэхээр бид ийм нүсэр ажлыг дөрвөн сарын хугацаанд амжуулаад дуусч байна. Энэ сарын 20-доор гүүр нь ашиглалтад орох юм. Ингээд 30-ны өдөр албан ёсоор нээнэ. Гэхдээ ажил нь бүрэн дуусаагүй. Ирэх онд явган хүний зам, үлдсэн заслын ажлаа хийж зургадугаар сарын 15 гэхэд дуусгах төлөвлөгөө бий.
-Тэгэхээр богино хугацаанд энэ ажлыг амжуулахад ямар арга, техник ашиглав?
-Олон гүйцэтгэгч компани ажиллуулсан. Зам барихад дөрвөн компани ажиллаж байна. Гүүр, гэрэлтүүлгийн ажлыг тус бүр нэг компани хийж байгаа. Энэ жил томоохон зам барихад олон гүйцэтгэгч зэрэг ажиллуулж богино хугацаанд, чанартай гүйцэтгэх асуудлыг туршиж үзлээ. Амжилттай болж байна. Хоёр жилийн өмнө бид Хүй долоон худагт 8.2 км урт замыг 25 хоногийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан удаатай. Дээр нь 3500 авто машины зогсоол барьж чадсан. Эндээс үзэхэд гүйцэтгэгч нарын ажлыг тус бүрд нь чамбай зохион байгуулж хийх зүйлийг нь салгаад өгвөл манай замчид богино хугацаанд чанартай гүйцэтгэж чаддагийг нотолж буй юм.
-Зам, гүүр барихад орчин үеийн техник, технологи хэр нэвтэрч байна вэ?
-Бид замын технологи, чанарыг сайжруулах талаар сүүлийн гурван жилд нэлээд анхаарч ажиллалаа. Жишээ нь Шувуун фафрикийн 22 км зам юм. Энэ замаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтад ашиглаж буй элс, хайрганы тээвэр хийдэг. Заримдаа хяналтаас гадуур 50, 60 тонн ачаатай авто машин явах удаа бий. Ингээд энэ замын даацыг нэмэгдүүлэхийн тулд суурь даланд нь геосэт гэдэг тор суулгаж өгсөн. Энэ технологи үр дүнгээ өгч байна. Уг зам ашиглалтад ороод бараг хоёр жил боллоо. Хүнд даацын авто машин байнга зорчиж их ачаалалтай ч эвдрээгүй. Эл технологийг Шарга морьтын зуслангийн замыг барихад Майхан толгой, Хуурай мухар, Хандгайтын богино ам орчимд нийт гурван км газарт ашигласан. Учир нь, эдгээр газар намгархаг тул замын далан сууж байнга засвар хийх болдог. Үр дүнгээ өгөх байх гэж найдаж байна. Мөн урд нь замын өргөтгөл шинэчлэлт хийхдээ асфальтан хучилтыг нь хуулаад хаядаг байлаа. Тэгээд энд тэнд гуу жалганд хог болдог юм. Тэгвэл үүнийг буталж замын далан, суурийн ажилд ашиглах болсон. Ингэснээр хог хаягдал багасч, эдийн засгийн үр ашигтай байгаа юм. Эдгээрээс гадна Улаанбаатар хотыг хойд урд хэсэгт төмөр замаар хуваадаг. Гэтэл уг төмөр зам дээгүүр гардаг ганц Энхтайвны гүүр гэсэн гарцтай байв. Хоёр дахь гарц Нарны гүүрийг 2012 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан. Гэвч энэ хоёр гүүр ачааллаа дийлдэггүй. Тэгээд гүүр бариад байвал эдийн засгийн хувьд хүндрэлтэй, цаг хугацаа шаардсан ажил. Иймд гадаадын туршлага, дотоодын инженерүүдийн ур ухааныг ашиглаж төмөр зам доогуурх гүүрэн гарц барих ажлыг сүүлийн гурван жилд хийж байна. Тухайлбал, Баянмонгол хороололд 2.5 метр өндөр суудлын авто машин зорчих зориулалттай нүхэн гарц гаргасан. Мөн Соёолж төвийн хажуу талаар Саруул хотхон орох нүхэн гарц барилаа. Энэ онд Дунд голын харалдаа Энхтайвны гүүрний зүүн талд Нарны замын уулзвараас ургаш 2.5 метр өндөр, гурван метр өргөн хоёр нүхэн гарц нээсэн.
-Эдийн засгийн хямрал нүүрлэж хүн бүр, салбар бүхэнд хүндхэн тусч байна. Гэвч энэ жил та бүхний хийсэн ажлыг харвал замын салбар хямралд арай бага өртөж хийсэн ажил их байж. Ирэх онд ямар байх бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Бид Зам тээврийн яам, Нийслэлийн захиргаанд хийх ажлын жагсаалтаа гаргаж өгсөн. Одоо төсөв хэлэлцэхэд хэрхэн шийдэхийг нь хүлээгээд л сууж байна. Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдардаг. Манай улсад 600 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий. Үүний 55 хувь нь нийслэлд байдаг. Үүнээс гадна Монгол Улсын хөгжилд гол нөлөө үзүүлэх зүйл бол авто зам. Өөрөөр хэлбэл, манайд усан замын тээвэр алга. Агаарын тээвэр бүх аймаг, суманд хүрч үйлчилж чадахгүй. Түүгээр зорчих хүн ам цөөн тул алдагдал хүлээнэ. Аймаг хотуудын хооронд төмөр зам тавилаа гэхэд түүгээр тээвэрлэх ачаа бага, зорчигч цөөн. Тэгэхээр алдагдалтай гэсэн үг. Манай улсын нийгэм эдийн засагт ганц авто тээвэр л тохиромжтой юм. Иймд нийслэл болон орон нутгийн авто замын сүлжээгээ сайжруулах, шинэчлэхэд хэчнээн хямралтай байсан ч төр засаг онцгой анхаарах байх гэж найдаж байна. Ер нь, нийслэлийн авто замд хийх ажил маш их бий. Томоохон уулзваруудыг хоёр төвшинд огтлолцох гүүрэн гарц хийнэ гээд хөрөнгө мөнгөгүйн улмаас чадахгүй байна. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд төмөр зам, авто зам огтлолцсон газруудад гүүрэн гарц барих асуудал бий. Хамгийн нааштай ажил нь Замын цагдаагын газрын урд талын төмөр зам дээрх гүүрэн гарц. Үүнийг Хятадын Засгийн газрын зээлээр хийнэ. Уг ажлыг гүйцэтгэх компани шалгарч гэрээгээ байгуулсан. Одоо Хятадын “Экспорт, импорт”-ын банкнаас мөнгө нь орж ирэх юм. Мөнгөө хүлээж байна. Бас Яармагийн төмөр бетонон гүүрийг хос болгох гэрээ хийсэн байгаа. Цаашлаад таван шарын төмөр замын огтлолцолд гүүрэн гарц барих шаардлага бий. Ингээд бид гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламж авах, концессын гэрээ хийх талаар нэлээд ажиллаж байна. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бидэнд ийм төсөл байгаа гэж танилцуулж буй юм. Хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байна. Тухайлбал, Солонгос, Польшийн хөрөнгө оруулагчид нэлээд сонирхдог. Улсаас гар хараад сууж буй нэг том ажил бий. Шинэ гэмтлийн эмнэлгийн харалдаа зам дээр хоёр төвшний гүүрэн гарц барина. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороолол хүртэлх айлуудын газрыг чөлөөлж 21 метр өргөн зам тавих төсөл хийгээд гурван жил болж байна. Баруун чиглэлд гарах ганц гарц нь Энхтайвны өргөн чөлөө. Тэгээд Саппоро ороод л гацаад хөдөлгөөн удааширдаг. Энэ гарцыг задлах зам нь дээрх төсөл. Гэтэл 400 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлж газар чөлөөлөх учиртай. Үүний нөхөн төлбөрийн мөнгийг шийдэхэд хүнд байна. Уг замыг барихын тулд 100 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй тооцоо гарсан. Ийм мөнгөөр газар чөлөөлчихөөд ямар мөнгөөр зам барих билээ дээ. Ингээд гадаадын хөрөнгө оруулагчдад бид 21 метр зурвас чөлөөлж зам барина. Та нар 60, 80 метр өргөн зурвас өөрийн хөрөнгөөр чөлөөлж зам бариад үлдсэн талбайг нь бизнесийн журмаар ашиглах боломж бий гэсэн санал хэлж буй. Үүнийг их сонирхож байгаа. Хоёр хоногийн өмнө Польшийн компани сонирхож төсөлтэй танилцаад явсан.
-Шинэ зам тавилаа. Гэтэл хэд хоногийн дараа ямар нэг шугам сүлжээ солино, засна гээд сэтлээд эхэлдэг зан бидэнд бий. Ийм асуудал гаргуулахгүй байх талаар ямар шийдэлд хүрч байна вэ?
-Ийм асуудал их гардаг байлаа. Сүүлийн гурван жилд замын өргөтгөл шинэчлэлт хийхэд нэлээд нухацтай хандаж байна. Манай хот төлөвлөлт урд нийгмээсээ эхлээд замбараагүй явж ирсэн. Иймд зам доогуур дулаан, цэвэр бохир ус, цахилгаан, холбооны шугам тавьсан байдаг. Дээр нь замдаа тулгаад байшин барилга, хашаа барьсан нь зам шинэчлэх, засахад саад болдог. Тэгээд замын чанар, өртөг, хугацаанд нөлөөлж буй юм. Одоо замын зураг хийхдээ эдгээр асуудлыг хамт шийдэж байгаа. Энэ нь зам барьж буй бидэнд жаахан хүндрэлтэй. Бид зам барих ёстой. Гэтэл тэр инженерийн шугам сүлжээг зайлуулах гэж цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээд зарцуулдаг юм. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллаж байгаа. Жишээ нь, Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэл дулааны шугам томосгож сольсон. Энэ үед тунель хийж дээрээс нь замын хучилтаа хийсэн. Иймд дулааны шугам сүлжээнд эвдрэл гарсан ч зам эвдэхгүйгээр засах боломжтой. Цаашид суурин газарт зам тавихдаа энэ аргыг хэрэглэнэ. Гэвч тунель хийх нь өртөг өндөр, хугацаа шаардсан ажил тул бүх замд ашиглах боломжгүй.
-Үүнээс гадна иргэд шинэ зам дээр бетон овоолж гарц гаргах, сэтлэх тохиолдол их байдаг. Тэдэнд ямар арга хэмжээ авдаг вэ?
-Манай иргэд, аж ахуйн нэгжүүд нэг үеэ бодвол ухамсартай болсон. Зохих газруудаас нь зөвшөөрөл авч буй юм. Гэвч хулгайгаар зам эвдэх үйлдэл гарч байна. Энэ нь Авто замын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хуулийг зөрчиж байгаа хэрэг. Гэтэл тэдэнд авах арга хэмжээ их зөөлөн. Ердөө 15000 төгрөгөөр торгох хуультай. Үүнийг тоодоггүй. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг нь чангаруулах шаардлага бий.