Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Засгийн газрын өр улсын төсвөөс хоёр дахин илүү


-Монгол Улсаар овоглосон нийт өр 21.7 тэрбум ам.долларт хүрсэн-

Т.ЖАНЦАН

Монгол Улс уул уурхайн салбараас хэт хамааралтай төсөвтэй, ашигт малтмал олборлох салбарт тулгуурласан эдийн засагтай болсноо энэ жил хүлээн зөвшөөрсөн. Уул уурхайн ачаар эдийн засгийн өсөлт 17.3  хувьд хүрч дэлхийг “ангайлгасан” нь ч үнэн.

Тэгвэл хоёр жилийн өмнөөс ашигт малтмалын үнийн уруудах мөчлөг тохиож эдийн засгийн өсөлт дагаад унав. Энэ оны эхний зургаан сард эдийн засгийн өсөлт гурван хувь болсон. Олон улсын банк санхүүгийн  хамтын ажиллагааны байгууллагууд ч эдийн засгийн дээрх өсөлтийг ирэх оны эхний хагас жил хүртэл хадгалагдах төсөөлөл хийж байна. Тухайлбал, Дэлхийн банк энэ оны эцэст  эдийн засгийн өсөлт 4.4 хувьтай гарна гэсэн тооцоогоо 3.3 болгон бууруулжээ. Мөн уул уурхайн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл 10 хувь болох төсөөлөл хийв. Ашигт малтмалын газрын статистик мэдээллээс үзвэл уул уурхайн салбар манай улсын эдийн засгийн 17 орчим хувийг бүрдүүлж буй аж. Иймд эдийн засагт уул уурхайн ноёрхлыг багасгах, бүтцийн өөрчлөлт хийх ёстой хэмээн судлаачид хэлж буй.

Монгол Улсаар овоглосон нийт өр энэ оны хоёрдугаар улиралд 21.7 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн Монголбанкны мэдээлэлд дуржээ.Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал есөн хувь буюу 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдсэн үзүүлэлт. Уг өрийн 10.5 тэрбум ам.доллар буюу 48.4 хувь нь аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгө оруулагчдаас авсан зээл.

Үлдсэн нь Засгийн газрын гадаад өр бөгөөд энэ жил өнгөрсөн оноос хоёр хувиар өсчээ. Харин Монголбанкных 1.9 тэрбум ам.доллар болжээ. Төв банкны өр ингэж нэмэгдэхэд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцлийн ашиглалт нөлөөлөв. Тус банк Хятадын Ардын банктай 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн. Цаашид уг хэлцлийн хугацааг сунгах аж. Монголбанк энэхүү хэлцлийг ашиглаж төлбөрийн тэнцлийн хүндэрлийг зөөлрүүлэх, алдагдлыг нь санхүүжүүлэх, гадаад худалдааг дэмжих, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авсан хэмээн тайлбарлаж буй юм.  Харин хувийн хэвшлийн өр одоогоор зургаан хувиар нэмэгдэж, 16.1 тэрбум ам.долларт хүрчээ.   

Монгол Улсын ДНБ энэ онд 21 их наяд төгрөг байна. Гэтэл Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан ирэх оны төсвийн төсөлд  Засгийн газрын өр 15.1 их наяд төгрөг  гэжээ. Энэ нь улсын төсвөөс хоёр дахин илүү гарсан үзүүлэлт. Тухайлбал, ирэх жилийн төсвийн орлогыг  6.9, зарлага нь 7.8  их наяд төгрөг байхаар тооцсон. Мөн ДНБ-ээс зургаан их наяд гаруй төгрөгөөр дутуу байгаа юм. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд  “Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байдаг. Гэвч Сангийн яамны мэдээллээр энэ онд Засгийн газрын өр ДНБ-ий  58.3 хувьтэй тэнцэж байгаа юм. Ирэх жил  55, 2018 оноос эхлэн 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж буй.

 Улсын төсөв энэ онд нэг их наяд төгрөгөөр тасрах нь тодорхой болоод буй. Хэрэв улсын төсвөө дээрх байдлаар баталвал ирэх онд ч дээрх хэмжээгээр тасрах дүр зураг байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх ашигт малмалын үнэ унасан, эдийн засагт үзүүлэх гадаад шок өндөр байгаа өнөө үед дээрх төлөвлөж буй орлого бүрдэх эсэх нь эргэлзээтэй. Иймд цаг үеэ мэдэрч төсвөө алдагдалгүй батлахыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас зөвлөж буй. Тэд хамгийн гол нь төсвөө алдагдалгүй баталснаар жил бүр нэмэгдэж буй өр зээл, түүний зардлыг хүндрэлгүй төлөх боломж бүрдэнэ гэдгийг онцолж анхааруулсан. Сүүлийн 10 жилд улсын төсөв тэлж  байгаагийн хэрээр жил бүр алдагдалтай гарч буй билээ.

Алдагдалтай гарах бүрт зээлийн хэмжээ, түүний үйлчилгээний зардал нэмэгдэж ирсэн гэсэн үг.  Тухайлбал, 2009 онд зээлийн үйлчилгээний төлбөр 29.2 тэрбум төгрөг байж. Тэгвэл энэ онд 696 тэрбум төгрөг төлнө. Харин  ирэх жил 1.2 их наяд төгрөг болох тооцоо гарав.  Хүүгийн зардал ингэж өссөн шалтгаан нь төгрөгийн ханш суларсных. Жишээ нь, ирэх онд Чингис бондын хүүгийн төлбөр 38.5 тэрбум төгрөгөөр өсөх тооцоо гарчээ. Мөн Хөгжлийн банкнаас санхүү­жүүлсэн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төсөл хөтөлбөрүүдийн хүү энэ оныхоос 90 тэрбум төгрөгөөр нэмэгдэх хандлага байгаа юм.  Үүнээс гадна Засгийн газрын дотоодод гаргасан бондын төлбөр ч нэмэгдэх нь. Хэрэв бодлогын өөрчлөлт хийхгүй бол ирэх онд Засгийн газрын дотоод бондын хүүгийн төл­бөр 400 тэрбум төгрөгөөр нэмэг­дэх тооцоо гараад буй. 

Тэгэхээр жил ирэх бүр зузаарч буй өрийн дансаа нимгэлэх, цэгцлэх талаар Засгийн газар одооноос анхаа­рах шаардлага зүй ёсоор гарч ирнэ. Эдийн зас­гийн өнөөгийн байдал Зас­гийн газрыг өр зээлээ төлөхөд хүндрэл учруулах болно хэмээн эдийн засагчид хэлж байгаа.

Ингээд Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал, зээлжих зэрэглэлийг сайжруулах ёстой хэмээсэн ч 2017, 2018, 2022 онд төлөх их хэмжээний гадаад өрийн санхүүжилтийг ямар арг замаар хэрхэн хийх арга хэмжээг одооноос авах шаардлагатай гэдэг. Засгийн газар гадаад, дотоод өрөө хүндрэлгүй төлөх нэн тэргүүний алхам бол улсын төсвөө алдагдалгүй байлгах гэж зөвлөж буй юм.

0 Сэтгэгдэл
татварынхан урамшуулал нэртэй тэрбумын луйвараа авсан нь үнэн үү төр мөнгөгүй гэдэг ширээний цаана ажлаа хийж цалин авдаг тэд үйлдвэрийн баялаг бүтээдэг ажилчид биш яагаад ийм их мөнгө авдаг нь гайхаад барахгүй юм атг цаана чинь байна уу төр засаг байна уу бослого тэмцэл хийх сэтгэгдэл төрөөд байна шүү
татварынхан урамшуулал нэртэй тэрбумын луйвараа авсан нь үнэн үү төр сөнгөгүй гэдэг ширээний цаана ажлаа хийж цалин авдаг тэд үйлдвэрийн баялаг бүтээдэг ажилчид биш яагаад ийм их мөнгө авдаг нь гайхаад барахгүй юм атг цаана чинь байна уу төр засаг байна уу бослого тэмцэл хийх сэтгэгдэл төрөөд байна шүү
Хамгийн их уншсан