Л.БАТБААТАР
Дэлхийн улсуудын жишгээс үзэхэд, үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид нь улс орныхоо хөгжил дэвшлийг тодорхойлж нийгмээ авч явдаг нь нотлогдсон. Хөгжсөн улс бүрт үндэсний хэмээх тодотголтой 10 гаруй гегант компани байдаг. Монгол Улсад ч энэ жишгийн дагуу үндэсний үйлдвэрлэгч томоохон компаниуд бий. Тэдний нэг бол “Мак” юм.
Анх 1993 онд дотоодын хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулсан, Монгол Улсын тэргүүлэх компаниудын нэг гэдгээр хүмүүс илүүтэй мэднэ. Салбар хариуцсан яамны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Төв, Дорноговь аймагт байрлах тус компанийн үйлдвэр, уурхайн ажлын явцтай өнгөрсөн есдүгээр сарын 29, 30-нд газар дээр нь танилцлаа.
Европ стандартаар баригдсан анхны үйлдвэр
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат тэргүүтэй холбогдох албаныхан “Монголын Алт” компанийн Багахангай дүүрэгт байрлах “Хийт бетоны үйлдвэр” дээр очиход үйлдвэрийн дарга Д.Баярсайхан угтан авч, үйлдвэрээ танилцуулав. Тэрээр “Манай үйлдвэр жилд 270 мянган метр куб хийт бетон үйлдвэрлэх хүчин чадалтай. Монгол Улсын жилийн хэрэгцээ 800 мянган метр куб байдаг. Үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд 465 мянган метр куб үйлдвэрлэдэг болтол нэмэгдүүлэх боломжтой. Ингэвэл Монгол Улсын жилийн хэрэгцээний 50 орчим хувийг хангадаг болно. Манай бүтээгдэхүүнийг орон сууцны барилгын компаниуд болон “Шинэ Яармаг” төслийнхөн ихээр худалдан авдаг.
Ижил төрлийн импортын бүтээгдэхүүнтэй үнийн хувьд ойролцоо боловч, хэмжилтийн алдаа нь нэг миллиметрээс бага байдаг. Блок өрөхөд шавраар зуурахгүй, цавуугаар наадаг. Дулаан хадгалах чадвар өндөр учраас гадна талын дулаалгыг багасгах зэрэг давуу талтай” хэмээн бүтээгдэхүүний онцлогийн талаар танилцууллаа.
Тус үйлдвэр 2015 оны зургадугаар сард албан ёсоор нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Үйлдвэрийн нийт өртөг нь 58 сая ам.доллар. Хоёр ээлжээр 100 гаруй хүн ажилладаг. Үйлдвэр барих хугацаандаа ажилчдад техник, тоног төхөөрөмжийн сургалт явуулан гэрчилгээ олгожээ.
Үйлдвэрийн гол түүхий эд нь элс, шохой, цемент, гөлтгөнө. Эдгээр түүхий эдийг дотоодын үйлдвэрүүдээс татдаг. Элс, гөлтгөнийг өөрийн компанийн уурхайгаас бэлтгэн нийлүүлдэг ажээ. Хэмжээ, өргөн, зузаан зэргээс хамааран 12 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн үйлдвэрийн Ерөнхий технологич Н.Баяржавхлан “Үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи бүгд Герман улсынх. Түүхий эд боловсруулах дамжлагаас эхлээд, үйлдвэрлэлийн бүх үйл ажиллагаа Европ стандартын дагуу явагддаг. Түүхий эдийн анхан шатны бэлтгэл бүтээгдэхүүний чанарт маш чухлаар нөлөөлдөг. Түүхий эдийн бэлтгэл сайн хийснээр дараагийн дамжлагад, бүтээгдэхүүнийг орц, найрлагын дагуу холиход технологийн горим алдагдахгүй. Зуурах дамжлагад цемент, шохойг нунтаглаж бэлдсэн элстэй холин зуурмаг бэлтгэдэг. Зуурмагийг нарийн автоматчлагдсан системийн хяналтын дор бэлтгэх учир үйлдвэрлэлийн технологийн горим алдагдах, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх эрсдэл гарахгүй. Мөн хүний оролцоо бага учраас бүтээгдэхүүний чанар тогтвортой байдаг. Түүхий эд бэлтгэхээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл есөн шат дамжлага байдаг” гэв.
“Нэг метр куб хийт бетоны үйлдвэрийн үнэ 133.500 төгрөг. Ингэхдээ 1.8 метр кубийн багтаамжтай модон тавцан дээр өрөгдөн зах зээлд нийлүүлэгддэг. Орон сууц, эмнэлэг, сургуулийн барилгын ханын үндсэн материал нь хийт бетон блок юм. Мөн хоёр давхар хувийн орон сууцыг ямар ч бэхэлгээгүйгээр хийт бетон блокоор өрөөд барьж болно. Галд болон ус чийгэнд тэсвэртэй чанараараа Европт өргөн хэрэглэгддэг бүтээгдэхүүн болсон. Монголд Европ технологиор үйл ажиллагаа явуулж буй анхны үйлдвэр” хэмээн үйлдвэрийн дарга Д.Баярсайхан танилцуулгын төгсгөлд онцолсон.
450 хүн ажлын байртай болно
Дараа нь ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг Олон овоот өртөөнд байрлах “Хөх цавын цементийн үйлдвэр”-т очсон. Биднийг очиход бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байв. Цементийн гол түүхий эд болох цагаан шохойг 16 км зайтай орших өөрийн компанийн Хөх цавын шохойн ордоос нийлүүлэх аж. Ажлын хэсгийнхэнд цементийн үйлдвэрийн барилгын гүйцэтгэлийн ажлын талаар “Мак” компанийн Төслийн удирдлагын газрын захирал Ю.Хэрлэнбаяр танилцуулав.
Тэрээр “Манай үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ. Монгол Улсын цементийн жилийн хэрэгцээ гурван сая тонн байдаг. Манай компани нь бүх хэрэгжүүлж буй төсөлдөө барууны дэвшилтэт технологи хэрэглэнэ гэсэн зорилго тавьж ажилладаг. Энэ үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж Дани улсын 130 жилийн түүхтэй компанийнх. Ирэх жилийн энэ үеэр ашиглалтад оруулна. Цахилгааны тоног төхөөрөмжийг Швейцарийн “А&Б” компаниас нийлүүлнэ. Ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын компани ажиллаж байна. Яагаад Хятадын компаниар бариулж байна вэ гэж хүмүүс их асуудаг. Монгол хүний хийж чадах бүх ажлыг монголчуудаар хийлгэж байгаа. Ийм том үйлдвэр барьсан туршлагатай, эрсдэл даах чадвартай дотоодын компани байхгүй. Тийм учраас 350 сая ам.долларын өртгөөр босох цементийн үйлдвэрийг барихад хариуцлага хүлээх, туршлагатай компани оруулахас өөр арга байхгүй. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн суурилалтын ажлыг дани инженерүүд хийнэ” гэлээ. Мөн Цементийн үйлдвэр барих явцад учирч буй бэрхшээлийн талаар ч дурдсан.
“Гадаад ажиллах хүчний квотын асуудал бидэнд маш хүнд дарамт болж байна. Ноднин жил энэ асуудлаас болж ажил хойшлогдсон. Барилгын ажил эхэлсэн 2012 оноос эхлэн гадаад ажиллах хүчээ хилээр оруулахад маш их цаг хугацаа алдсан. Мөн гадаадаас тоног төхөөрөмж оруулахад шууд гаалийн татвар төлөх шаардлага тавьдаг. Энэ шаардлага нь бидэнд бас дарамт болдог. Гаалийн татварыг хойшлуулах нь үндэсний үйлдвэрлэгчдэд их дэмжлэг болно. Элдэв төрлийн татварыг хойшлуулж үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй байна. Ингэхгүй бол гадны мөнгөтэй компаниуд энэ төслийг хэрэгжүүлэх болно. Монгол компани энэ том төслийг хэрэгжүүлж чадна гэдгийг харуулахыг зорин ажиллаж байна” хэмээн нэмж хэлсэн.
Төслийн удирдагч үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулсны дараа ажлын хэсгийнхэн дотогш нэвтэрсэн. Асар том талбай бүхий тус үйлдвэр нь үйл ажиллагааны олон хэсэгт хуваагддаг. Гол түүхий эд болох шохойг дамнуургын тусламжтайгаар бутлах хэсэгт хүргэнэ. Тоос шиг болтол буталсан шохойг зөөвөрлөн эцсийн бүтээгдэхүүн цемент болгох бүх шат дамжлага автоматчлагдсан хяналтын дор болно. Дашрамд сонирхуулахад, сансрын холбоогоор дамжин үйлдвэрт гарсан гэмтлийг Дани улсаас тодорхойлж, “Тэр хэсгийн тэнд тийм гэмтэл гарсан байна, тэгж зас” гэсэн зааварчилгааг өгөх гэнэ. Үүнийг хамгийн сүүлийн үеийн технологийн ид шид гэлтэй. Нийт 450 ажлын байр бий болно. Үүнд ихэвчлэн орон нутгийн иргэд ажиллах аж. Мөн үйлдвэрийг төмөр зам дагуу, үйлдвэрийн үндсэн түүхий эд болох “Хөх цавын цагаан шохойны үйлдвэр”-ийг түшиглэн байгуулсан гэдгээ үйлдвэрийнхэн дурдаж байлаа.
Зэс молибденын “Цагаан суваргын орд”
Дорноговь аймгийн Мандах сумаас баруун зүгт 70 километрийн зайд Цагаан суварга хэмээх уул бий. Цагаан чулуулгаар бүтсэн уулыг холоос харахад Цагаан суварга мэт үзэгддэг. Ийм учраас нутгийнхан Цагаан суварга уул хэмээн нэрлэсэн хэрэг. Энэ уулын хажууд Оюутолгой, Эрдэнэтийн дараа орох нөөцтэй зэс молибденын томоохон орд илэрсэн. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгааны ажлыг хийж, 1984 онд нөөцийг тогтоосон байна. Судалгаагаар 1.6 сая тонн цэвэр зэс, 66 мянган тонн молибден, 11 тонн алтны нөөцтэй гэж тогтоогдсон.
“Цагаан суваргын” зэс молибденын үйлдвэрийн нийт өртөг нь нэг тэрбум 31 сая ам.доллар. Өнөөдрийн байдлаар “Мак” компани 143 сая ам.доллар, Европын сэргээн босголт Хөгжлийн банк 201 сая ам.долларын санжүүжилт хийснээр төслийн гүйцэтгэл 50 хувьтай хэрэгжиж байна” хэмээн “Мак” компанийн Төслийн удирдлагын газрын захирал Ю.Хэрлэнбаяр ажлын хэсгийнхэнд мэдээллээ. Мөн тэрээр ”Нэг жилд 320 мянган тонн зэсийн баяжмал, таван мянган тонн молибденын баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай. Банкны зээл авахын тулд нөөцийг барууны стандартын жишгээр үнэлүүлсэн. Канадын 43/101 стандартын дагуу нөөцийг баталгаажуулсан. 2009 онд цагаан суваргын зэс молибденын хүдрийн нөөцийг 250 сая тонн гэж Эрдэс баялгийн зөвлөл баталж, улсын бүртгэлд бүртгэсэн” гэлээ. Төслийг амжиллтай дуусгахын тулд үлдэгдэл 686 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдэх талаар “Зэсийн баяжмалаа барьцаалан ХБНГУ-ын Засгийн газраас баталгаа гаргуулна. Германд бүтээгдэхүүн нийлүүлнэ. Мэдээж ХБНГУ-ын Засгийн газрын баталгаанд хөрөнгө оруулах банк түвэггүй олдоно” хэмээн Төслийн удирдлагын газрын захирал Ю.Хэрлэнбаяр нэмж хэлсэн.
Үндэсний томоохон үйлдвэрлэгч “Мак” компанийн үйлдвэрүүдтэй танилцсны дараа Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монгол-Германы ашигт малтмал, аж үйлдвэр,технологийн хамтын ажиллагааны хэлтсийн ажлын хэсгийн ахлагчийн хувиар эдгээр үйлдвэрийг үзэж танилцлаа. Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол-ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хамтарсан ажлын хэсгийн хуралдаан энэ сарын 15-нд Улаанбаатар хотноо болно. Хуралдаанаар өмнө нь хэрэгжсэн төслийн биелэлтээ дүгнэж, цаашид хамтрах ажлаа ярилцах юм. Оюутолгойгоос зарчмын хувьд ялгаатай байгааг онцлох ёстой. Өмнө нь дэд бүтэц болон бусад салбарт хамтарч хэрэгжүүлсэн төслийн үр дүн хангалтгүй. Тиймээс цаашид аль салбарт хэрхэн хамтарч ажиллахаа энэ хуралдааны үеэр нухацтай ярилцаж, зөв томъёолохыг зорьж байна. Энэ хүрээнд гурван үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Монгол Улсын цаашдын баримтлах зарчим бол Германтай технологийн хөрөнгө оруулалт, тэр дундаа ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн эдийн засгийн хамтын үр ашигтай ажиллагааг зөв голдиролд нь оруулах. Үндэсний үйлдвэрүүд, хувийн хэвшил өрсөлдөх чадвар бүхий өндөр технологийг оруулж ирэх эрмэлзлэлтэй байна. Өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Хэдийгээр Цагаан суваргын орд бол Эрдэнэтээс гурав дахин, Оюутолгойгоос зургаа дахин бага нөөцтэй орд боловч Монгол төрийн шийдвэр үндэсний компанид үлдээж, ашиглуулна гэж гарсан шүү дээ. Өнөөдөр нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа. Энэ шийдвэр зөв байсныг та бид харлаа. “МАК” компани ХБНГУ-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ ярьж байгааг бид дэмжих ёстой” гэв.
“Цагаан суваргын орд”-ын төсөл 2017 оны зургадугаар сард дуусна. Ингэснээр 1120 хүний ажлын байр шинээр бий болж улсын төсөвт 178 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ. Мөн 72 мегаваттын дизель станцаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Мандах сум цахилгааны байнгын эх үүсвэрээр хангагдах юм байна.
Ямартай ч, манай хувийн хэвшлийн байгууллагууд дэлхийн хэмжээнд сэтгэх, өрсөлдөх чадвартай нь “Цагаан суварга” ордын бүтээн байгуулалтаас харагдсан. Эрдэнэтийн үйлдвэрийг өөр цаг үе, болзол нөхцөлийн дор Монголын төр байгуулсан. Ард түмэнд ашгаа өгч буй ч гэрээний үндсэн нөхцөл заалтууд Монголд ашиггүй байдлаар тусгагдсан гэж эдийн засагчид үздэг. Дараа нь Оюутолгойн гэрээг Эрдэнэтээс тэс өөр цаг үед мөн л төр оролцож байгуулсан. Үр дүнг нь та бид мэднэ. Монголд ямар ч ашиггүй болсон гэсэн “Эх орон”-чийн үг биеллээ олж байх шиг.
Төр оролцсон томоохон гэрээ хэлэлцээр бүтэлгүй болдог жишиг ч тогтох янзтай. Тэгвэл Цагаан суваргын ордын ашиглах гэрээг хувийн хэвшлийн үндэсний үйлдвэрлэгч компани хийж байна. Бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь харсан хүний хувьд өмч эзнээ олсон үед ямар хурдан ажил хэрэг болдгийг үзлээ. Цагаан суваргын орд нь Монголын анхны хувийн хөрөнгө оруулалтаар боссон дэлхийн хэмжээний үйлдвэр хэмээн түүхэнд үлдэхэд хоёр жил гаруйн хугацаа үлдээд байна.