Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор авдаг. Уул уурхайн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэвийн байлгах, нөөцийг нэмэгдүүлэх, дэлхийн зах зээлийн үнээр импортлох, гадаадын нэг нийлүүлэгчээс хэт хараат байдлыг бууруулах, улсын төсөвт хүндрэл учруулахгүй байх, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах зэрэгт чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Манай улс 2013 оны 5 дугаар сараас эхлэн түүхий газрын тосны дэлхийн зах зээлийн үнэтэй уялдуулсан аргачлалаар тооцсон үнээр шатахуун импортлож байна. Тиймээс газрын тосны үнийн бууралттай уялдан импортлогдсон шатахууны хилийн үнэ 2014 оны 8 дугаар сард тонн тутамд 1011 ам.доллараас 2015 оны 2 дугаар сард буюу 5 сарын хугацаанд 517 ам.доллар болж буурсан.
Шатахууны жижиглэнгийн үнэ нь хилийн үнэ, татварууд, үйл ажиллагааны зардал, ашиг зэргээс бүрддэг. Сүүлийн үед шатахууны хилийн үнэ буурсантай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүүжилтийн дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үе шаттайгаар зогсоох арга хэмжээ авсан. Тухайлбал, Монгол банкнаас үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогч компаниудад олгосон зээлийн хүү 3.8 хувь байсныг 2015 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 16-18 хувь болгосон. УИХ-аас 2015 оны Улсын төсвийн тухай хуулиар шатахууны гааль, онцгой албан татвараас төвлөрүүлэх орлогын хэмжээг тооцон баталсан. Үүнтэй холбогдуулан алслагдсан хөдөө орон нутгаас бусад төвийн бүсээр импортлогдож буй шатахууны онцгой албан татварыг Засгийн газрын 2015 оны 18 дугаар тогтоолоор тонн тутамд А-80 автобензинд 252,000 төгрөг, АИ-92 автобензинд 259,000 төгрөг, Дизель түлшинд 265,000 төгрөгийн татвар тус тус ногдуулсан. Түүнчлэн Засгийн газрын 2015 оны 65 дугаар тогтоолоор шатахууны гаалийн татвар 1 хувь байсныг 5 хувь болгож нэмэгдүүлсэн.
Шатахуун импортлогч компаниуд 2015 оны 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 160 гаруй тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлээд байгаа бөгөөд 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 251.6 орчим тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр байна. Нөгөөтэйгүүр газрын тосны үнийн бууралтаас шалтгаалан манай улсаас экспортод гаргадаг газрын тосноос 2015 оны улсын төсөвт төвлөрүүлэх орлого 100 гаруй тэрбум төгрөгөөр тасалдахаар болоод байна.
“Өрсөлдөөний тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.2.4 дэх хэсэгт заасны дагуу аж ахуйн нэгжийн борлуулж буй бүтээгдэхүүний үнэ тогтоох үйл ажиллагаанд салбарын яам оролцох боломж хязгаарлагдмал байгаа ч, үнийг тогтвортой байлгах, улмаар бууруулахад анхаарч ажиллаж байна.
Алслагдсан аймаг, орон нутгаар импортлогдож буй шатахууныг онцгой албан татвараас чөлөөлсөнөөр 2015 оны эхнээс баруун бүсийн аймгуудад жижиглэнгээр борлуулах шатахууны үнэ дунджаар 150 төгрөгөөр буурсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахаас иргэн, аж ахуйн нэгжүүдэд бөөнөөр борлуулагдаж буй шатахууны литр тутмын үнэ 300 гаруй төгрөгөөр буурч 1390 орчим болсон байна. Мөн 2015 оны 9 дүгээр сараас эхлэн хотын захын дүүрэг, Дархан, Эрдэнэт, Төв аймгийн зарим сумдаас эхлэн жижиглэнгээр борлуулж буй үнэ литр тутамд дунджаар 60 төгрөгөөр буураад байна.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд орон нутаг дах шатахууны үнийг бууруулах боломж нь гааль, НӨАТ, онцгой албан татвараар зохицуулах хэлбэрээр хязгаарлагдаж байна.
Алслагдсан хөдөө орон нутгийн шатахууны үнийг бууруулах үүднээс манай улсын төвийн бүсийг хангаж буй гол хилийн боомтоос бусад боомтоор импортлож байгаа шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг “0” байлгаж ирсэн. Энэхүү ялгавартай татварын зохицуулалт нь дунд хугацаандаа үр дүнгээ өгнө гэж үзэж байна.