Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
“Экспорт нэмэгдүүлэхээс илүү импорт орлох бүтээгдэхүүн чухал”

Б.ШИРНЭН

Ашигт малтмалын үнэ буурч байна. Уул, уурхайн салбараас экспортын орлогын дийлэнхийг бүрдүүлснээр төсвийн гүйцэтгэлээ ахиулдаг манай улсын хувьд муу мэдээ гэвэл энэ л байна. Хэдийгээр олон улс энэ байдлыг эдийн засгийн болон санхүүгийн түр зуурын хямрал гэж тодорхойлж байгаа ч үргэлжилсэн уналт хэзээ зогсохыг хэлж мэдэхгүй байгаа юм. 2012 онд 7952 ам.долларын үнэтэй байсан нэг тонн зэс 5156 ам.доллар, 128 ам.доллар байсан төмрийн хүдэр 43 ам.доллар гээд манай улсын голлох экспортын бүтээгдэхүүний үнэ уруудсаар, дотоодын эдийн засагт ирэх онд ч хүндхэн байдал үргэлжлэх дүр зураг ажиглагдаж байгаа юм. Үүний хажуугаар улс төрийн тогтворгүй байдал үүсч, Гүйцэтгэх засаглалын тэргүүн Ч.Сайханбилэгийг огцруулах асуудал яригдаж байна. Энэ бүгдийг нэг талаас нь солонгорсон эдийн засаггүй уул уурхайгаас хэт хараат байдлаас үүдэлтэй ч гэж болох юм.

Гэтэл манай улс аж үйлдвэрийн салбарыг зөнд нь орхиж, дахин сэргээн босгосноор ердөө жил гаруйн л хугацаа өнгөрч. Өнгөрсөн онд энэ салбар хоёрхон сая ам.долларын экспортын орлого оруулж байсан бол эсрэгээрээ зөвхөн хөнгөн аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний импортод 110 сая ам.долларын зарлага гаргаад байгаа юм. Харин дахин энэ салбарыг хөл дээр нь босгохын тулд
• Хүнд үйлдвэрлэл
• Хөнгөн үйлдвэрлэл
• Боловсруулах салбар
• Чөлөөт бүс буюу аж үйлдвэрийн парк
• Худалдаа буюу экс­порт, импорт хариуцах
• Концесс гэсэн чиглэлд хуваан бодлогын баримт бичгүүд үйлдэж, зарим нэг хуулийн төсөлд өөрчлөлт оруулах, шинээр хууль гаргах зэргээр ажиллаж байна. Гэхдээ бодит байдал дээр хүссэн хүсээгүй уул уурхайн салбар нийт экспортын 90 хүртэлх хувийг ойрын жилүүдэд бүрдүүлэх учраас аж үйлдвэрийн салбарын экспортын хувь хэмжээ гэхээс илүүтэй, импортын бараа бүтээгдэхүүнийг орлох дотоодын үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах ёстой болж таарна. Тэгвэл дээрх чиглэлээр ямар ажил хийж гүйцэтгэж байгаа талаар Д.Эрдэнэбат сайдын оролцсон “Сайдын цаг” уулзалтаас онцлон хүргэе.

Нефть боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ-г энэ онд багтааж гаргана

Манай улсын үе, үеийн Засгийн газрууд нефтийн үйлдвэрлэлтэй болох талаар удаа дараа ярьдаг ч ажил хэрэг болдоггүй. Газар доороо нефьттэй мөртлөө дотооддоо боловсруулан ашиглаж чаддаггүй ганцхан улс нь Монгол бөгөөд нийт импортын 60 хувийг машин техник, түүний шатахуун эд ангид зарцуулсан байдаг судалгаа бий. Энэ нь импортын урсгалыг татраах, дотооддоо нефтийн үйлдвэр барьж ашиглах үндэслэл болдог. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар энэ чиглэлээр 5, 5 жилээр нийт 15 жилийн стратегийн бичиг баримт боловсруулаад байгаа юм. Ажлыг Д.Эрдэнэбат сайд хариуцаж байгаа бөгөөд говийн бүсэд хоёр сая тонн хүртэл нефть боловсруулах хүчин чадалтай үйлдвэр барих шаардлагатай гэж үзээд байгаа билээ. Одоогоор хүнд үйлдвэрийн чиглэлээр нефть боловсруулах, зэс хайлуулах цэвэршүүлэх, хар төмөрлөгийн үйлдвэр байгуулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд говийн бүсэд нефть боловсруулах үйлдвэр байгуулах ажил эхэлсэн байна. Мөн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулах компанийг ч  сонгон шалгаруулжээ.

Харин зүүн бүсэд 300 мянга хүртэлх тоннын хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэр барих компанийн сонгон шалгаруулалт дууссан байна. Сонгон шалгаруулалтад 14 компани оролцож, саналаа ирүүлснээс энэ онд багтаж хийх нефть боловсруулах үйлдвэрийнхээ урьдчилсан ТЭЗҮ, сонгон шалгаруулалтыг дуусгаад он гармагц хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалтыг эхлүүлэхээр төлөвлөсөн аж. Зэс хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэрийн тухайд ирэх оны эхээр хөрөнгө оруулагчийг шалгаруулж, ажил эхлүүлэхээр болж.

“Нэг төгрөг гарч, хоёр ам.доллар орж ирнэ”

Засгийн газар үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг өнгөрсөн долдугаар сард баталж, арилжааны банкаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл гаргахаар болсон юм. Үүнд түлхүү, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд багтаж байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар санхүүжилт авах хүсэлтэй 110 төсөл ирүүлж, 31 төсөл нь эхний ээжид санхүүгийн дэмжлэг авахаар сонгогджээ. Ирж байгаа төслүүдийн дийлэнх нь боловсруулах үйлдвэрийн чиглэлд багтаж байгаа юм байна. Мөн нийт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь тухайн төсөл хэрэгжүүлэгч үйлдвэр өөрийнхөө хөрөнгөөр 22.7 хувийг, гадаадын хөрөнгө оруулалтаар 53.8 хувийг, экспорт, импортын зээлийн хүрээнд Хөгжлийн банкны зээлээр 23.5 хувийг санхүүжүүлье гэсэн дундаж гарч байгаа аж.

Энэ талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монголоос гарч байгаа нэг төгрөг тутмын эсрэг хоёр ам.доллар орж ирэх төсөл. Инфляцыг өдөөхгүй, төгрөгөө валют болгоод тоног төхөөрөмж худалдан авахгүй байх эерэг боломжийг үүсгэж байгаагаараа энэ төслийн инфляцыг өдөөх эрсдэл бага” гэсэн юм.
Харин жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж 70 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газраас батлагдсан байгаа. Энэ хүрээнд нийт 588 төсөл дэмжигдсэн байна. Өмнө нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхний сонгон шалгаруулалтад шалгарсан төслийн 20-30 хувь нь банкны шалгуур давдаг байсан бол энэ жилийн төслийн 50 хувь нь банкны шалгаруулалтыг давж гарчээ. Өөрөөр хэлбэл, зээл авах боломжгүй 256, санхүүжилт хийгдсэн 152 төсөл байна. Мөн ноолуурын экспортын бараа бүтээгдэхүүнийг дэмжихэд зориулж 150 тэрбум төгрөгийн төслийг санхүүжүүлсэн. Өнөөдрийн байдлаар 25 экспортын компани дэмжигдсэн бөгөөд үүнээс 14 төсөл батлагдаж 70.1 тэрбумын зээл авч, төслөө хэрэгжүүлээд явж байгаа юм байна. Хэрвээ дээрх 25 компани экспортын хувь хэмжээгээ нэмэгдүүлсэн бол зээлийг цаашид үргэлжлүүлэн сунгах аж. Харин экспортын төвшингөө нэмэгдүүлээгүй бол цаашдаа зээл авах эрх нь хаагдахаар болжээ.

Засгийн газрын тогтоолоор 77 төсөл концессоор хэрэгжихээр болжээ

Засгийн газрын тогтоолоор концессоор нийт 77 төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны 15 нь хүчин төгөлдөр гэрээтэй. Үүнээс Багануурын ТЭЦ, ТЭЦ-V, Эрдэнэт-Овоотын төмөр замын зэрэг төсөлд нийт таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа аж. Мөн 250 сая ам.долларын авто замын төсөл хэрэгжиж байгаа аж. Үүний дийлэнх нь аймгуудыг авто замаар холбох төсөл юм. Зөвхөн баруун бүсийг авто замаар холбох дөрвөн концессын төсөл хэрэгжиж байгаа аж. Энэ талаар “Баруун бүсийг авто замаар холбох нь стратегийн ач холбогдолтой. “Торгоны зам” ярьж байгаа энэ үед баруун бүсийг босоо болон хэвтээ тэнхлэгийн авто замаар холбох нь гурван улсын хооронд хамгийн дөт бөгөөд эдийн засгийн үр ашигтай. 2017 он гэхэд концессоор хийгдэж байгаа замын ажил дуусна. Харин чөлөөт бүсийн тухайд Замын-Үүдийн чөлөөт бүсэд 18 компанийн төсөл шалгарсан бөгөөд төслийн шалгаруулалт эцсийн шатандаа сонгогдож байгаа” гэв.  Түүнээс гадна БНХАУ-аас энэ бүсэд тодорхой хэмжээний газрыг авч үйлдвэр байгуулах санал ирүүлснийг дэмжсэн байна.

Ирэх онд сурагчийн дүрэмт хувцасны даавууг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангана

Дотоодын үйлдвэрүүд 1.5 сая ширхэг адууны арьс, шир боловсруулах хүчин чадалтай бөгөөд жилд 250 мянган арьс, шир бэлтгэгддэг байна. Өөрөөр хэлбэл, адууны арьс, ширийг дотооддоо бүрэн боловсруулах хүчин чадалтай. Тиймээс адууны арьс, ширийг түүхийгээр нь гаргахыг хориглосон бөгөөд хэрэв 160 мянган арьс, шир хадгалж байгаа хүмүүс байгаа бол дотоодынхоо үйлдвэрүүдэд өгч боловсруулахыг энэ үеэр Аж үйлдвэрийн сайд сануулсан юм. Түүнчлэн сурагчийн дүрэмт хувцасны даавууг ирэх онд дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломж бүрдсэн гэж Аж үйлдвэрийн яам үзжээ.

ЭЗТХ-ийн хүрээнд судалгааны ажлууд эхэлжээ

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хоёр тал  ёсчлон  баталсан билээ. Энэ хүрээнд судалгааны ажлууд хийгдэж байгаа бөгөөд үр дүн нь ирэх хавраас гарч эхлэх юм. Япон улстай эхлүүлсэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай урагшилж байгаа бол хоёр хөрштэйгөө харилцан ашигтай хамтарч ажиллах хэрэгтэй гэж Аж үйлдвэрийн яам үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн хавар ОХУ-д айлчлах үеэр Евро Азийн холбоотой санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд  худалдаан дахь тарифын дарамтыг багасгах чиглэлээр даацтай алхмуудыг хийх боломж олгосон байна. Улмаар манай улсын үйлдвэрлэгчид  ОХУ руу бараа, бүтээгдэхүүнээ экспортод гаргахад  ирэх оны  эхний улиралд  үр дүнтэй ажлыг эхлүүлэх боломж үүссэн болохыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат онцоллоо. Түүнчлэн БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг өрнүүлэх талаар идэвхтэй ажиллаж байгааг дуулгаад урд хөршид зохион байгуулагдсан Шанхай хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад оролцож, байр сууриа илэр­хийл­сэн байна. Цаашид эдийн засгийн коридорын хү­рээнд боловсруулах хүнд үйлд­вэ­рийн хөрөнгө оруулалт, бү­тээн байгуулалтын ажил нэг шатаар ахих боломж бүр­дэх юм. Үүнээс гадна энэ сард “Монгол-Германы хэлэл­цээрийн хамтарсан ажлын хэсгийн хурал” болно. Энэ хүрээнд Германы технологийг нутагшуулах, импортыг орлуулах томоохон төслүүдэд хамтрахаар зэхээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан