Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат мах экспортлох боломж сэдэвт хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчдийн асуултад ийн хариулав.
-ОХУ-ын талаас мах импортолж авах нөхцөл боломжоо танилцууллаа. Манай экспортлогч компаниудад хэр боломжийн санал санагдав?
-Энэ бол шинэ зүйл биш. Боломжийн санал. Манай компаниуд урд ОХУ-д олон жил мах экспортолсон туршлагтай. Иймд Оросын талын тавьж буй санал, журмын дагуу мах бэлтгэж өгөх бололцоотой юм. Хамгийн гол нь бид энэ жил ОХУ бог малын мах авах байх гэсэн хүлээлт байлаа. Гэтэл ОХУ-ын Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх бог малын маханд хэмжээ тогтоогоогүй. Хүссэн хэмжээгээрээ өгч болно гэлээ. Харин Оросоос мах авах гэж ирж байгаа компаниуд зөвхөн адуу, үхрийн мах авна гэдэг юм. Иймд бог малын мах экспортлох бололцоо бас л хаагдмал хэвээр байна гэж хэлж болно.
-Хоёр хөрш амьд мал авах сонирхол бий гэсэн. Энэ талаар танай холбоо ямар байр суурьтай байна вэ?
-Амьд мал экспортлох талаар зарим хүн ярьдаг. Манай мах экспортлогч компаниуд үүний эсрэг. Бид махыг зөвхөн үйлдвэрийн аргаар олон улсын стандартын дагуу бэлтгэж экспортолно. Малыг амьдаар нь экспортолход махны чанар алдагдана. Тэр дундаа намрын цагт мал хөлөөр гаргана гэдэг маш хүнд. ОХУ амьд мал авлаа гэхэд нэг сар хорионд байлгах ёстой. Энэ хугацаанд мал үнэхээр хэцүү байдалд ордог. Тэгээд шинжилгээ хийнэ. Гэтэл маш олон тооны мал тэнцдэггүй. Түүнийг эргүүлээд туух хэцүү гашуун туршлага бидэнд бий. Тухайлбал, 2009 онд Засгийн газрын шийдвэр гарч Булган, Завхан аймгийн хилийн боомтоор амьд мал экспортолсон. Ингээд малчид үүнийг дуулаад тал талаас олон мал тууж очсон юм. Өнөөдөр очоод маргааш туугаад гаргах юм санадаг. Завхан аймгийн Арц суурь боомтоор нэг ч амьд мал гараагүй. Тууж очсон малаа тэнд нь бусдад өгсөн. Зарим нь үхэж үрэгдээд дууссан. Иймд манай улс амьд мал экспортлох шаардлага байгаа бол урин дулаан цагт, бололцоотой үед нь гаргах ёстой. Өнөөдөр бол оройтсон.
-Экспортод гарч буй махны үнэ ханш ямар байдаг вэ?
-Олон жилийн дунджаас үзэхэд адууны нэг кг мах хоёр ам.доллар 30 цент. Гэтэл Оросоос мах авах гэж ирж буй компаниуд адууны нэг кг махыг 130 рубилиэр авах санал тавьдаг. Энэ нь өнөөдөр хоёр ам.доллар хүрэхтэй үгүйтэй үнэ. Тэгээд рублийн ханш өнөө, маргааш яаж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Ийм учраас ханшийн зөрүү, үнийн асуудал манай компаниуд мах экспортолход саад тотгор болдог юм.
-Тэгэхээр махны экспорт энэ жилдээ яриа хэлэлцээрээс хэтрэхгүй нь гэж ойлгож болох уу?
-Бидний найдаж буй нэг зүйл бол Хятадын хорио цээрийн мэргэжилтнүүд ирж махны үйлдвэрүүдийг шалгана. Тэгээд богийн мах авна гэвэл энэ нь хамгийн дөхөм, ашигтай гарц болно. Нэг ёсондоо монголчууд бид тоо нь олширч буй бог малаа экспортолж ашиг олно гэсэн үг. Өөрөөр хэлбэл дараа дараагийн жилүүдийг хүлээх бус энэ жил мах экспортлох ганц гарц нь болох юм.
-Тэгэхээр мах экспортлогч компаниудын эргэлтийн хөрөнгө ямар байна вэ?
-Ер нь бага. Бараг байхгүй гэж хэлж болно. Иймд Засгийн газраас 180 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох талаар ярьсан. Сураг нь дуулдаж байгаа ч шийдсэн зүйл алга. Энэ байдал экспортын гэлтгүй дотоодын мах бэлтгэлийн ажилд сөргөөр нөлөөлж байгаа.