Т.ЖАНЦАН
Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын судалгааны “Зөвлөлдөх нийгэмлэг” саяхан байгуулагдлаа. Энэ талаар ШУА-ийн дэд ерөнхийлөгч Б.Жадамбаагаас зарим зүйлийг тодруулав.
-Хөрш гурван улс хамтын ажиллагааны судалгааны “Зөвлөлдөх нийгэмлэг” байгууллаа. Энэ нийгэмлэгийн зорилго, үр дүн ямар байх вэ?
-Монгол, Орос, Хятадын Ерөнхийлөгч хэд хэдэн удаа уулзлаа. Энэ уулзалтын гол агуулга нь гурван улс урдын цагт хамтарч ажиллаж ирсэнд бий. Тухайлбал, Торгоны зам, цайны замаар эдийн засгийн харилцаатай байв. Түүхийн энэ хамтын ажиллагаагаа өнөөдөр хэрхэн сэргээх талаар ярилцсан юм. Одоо торгоны зам, цайны зам, талын зам чиглэлээр эдийн засаг, улс төр, шинжлэх ухаан, соёл, боловсрол, дэд бүтэц гээд олон салбарт хамтарч ажиллахаар тохирсон юм. Энэ харилцааг эрчимжүүлэх гэж Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Олон улсын харилцааны хүрээлэн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хөгжлийн судалгааны төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөгжлийн судалгааны төв, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Алс Дорнодын хүрээлэн хамтарч ажиллана. Тэгээд байнгын ажиллагаатай судалгааны “Зөвлөлдөх нийгэмлэг” байгуулж анхдугаар хуралдаанаа хийлээ. Ингээд бүтэц зохион байгуулалт, дүрэм, эхний ээлжинд хийх ажлын төлөвлөгөөгөө баталсан юм. Уг нийгэмлэг гурван улсын хөгжлийг шинжлэх ухаанд тулгуурлаж явуулахын тулд ямар зүйлд анхаарах ёстойг тогтооно. Мөн гурван орны хамтын ажиллагааны талаар хийгдсэн судалгааны үр дүнг тооцно. Хөрш гурван орны шинжлэх ухааны бүх байгууллагын төлөөлөл байна. Тэгэхдээ улс бүр салбар нийгэмлэгтэй байх юм. Энэ нийгэмлэгийг улс бүр нэг нэг жилээр ээлжлэн даргална. Жилд нэг удаа нэгдэн хуралдаж ажлаа дүгнэнэ. Гурван улсаас нэг нэг нарийн бичгийн дарга байх бөгөөд эрдэм шинжилгээний хурал зөвлөлгөөн зохион байгуулах ёстой.
-Тэгэхээр одоогоор хийсэн ямар судалгаа байна вэ. Тухайбал, эдийн засгийн салбарт ямар ямар чиглэлээр хамтарч ажиллах боломж харагдаж буй вэ?
-Уул уурхай, хөнгөн үйлдвэр, зам тээврийн чиглэлээр хамтарч ажиллахаар хийсэн судалгаа нэлээд бий. Цаашид зам тээвэр, эрчим хүч гээд олон чиглэлээр хамтарч, судалгаагаа гүнзгийрүүлнэ. Үүнээс гадна судалгаа хийх сэдвүүдээ тогтоож хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Мөн хөрш гурван орны ижил төстэй соёл, зан заншлын чиглэлээр хийсэн судалгаанууд ч бий.
-Манай төр засаг эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсдоггүй гэсэн шүүмжлэл байнга гардаг. Бусад улс орны жишиг ямар байдаг бол. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Дэлхий нийтээр өнөөдөр шинжлэх ухаанд суурилсан хөгжил ярьж байна. Товхондоо судалгаанд суурилан хөгжиж буй юм. Үүний нэг жишээ манай урд хөрш. ӨМӨЗО-ы Засгийн ордны дэргэд 120 судлаач ажилладаг. Тэд бүх шинжлэх ухааны бүх чиглэлийн судалгаа хийнэ. Үүний үндсэн дээр төр засаг нь шийдвэрээ гаргадаг. Хойд хөрш ч бас шинжлэх ухаанд суурилан хөгжих бодлого баримталж буй. Гэтэл манайд байдал эсэргээрээ. Энгийн жишээ хэлэхэд сүүлийн үед баялаг бүтээгчид гэж их ярих боллоо. Баялаг бүтээгчид гэдэг бол бидний өнөөгийн яриад ойлгоод байгаа жижиг дунд үйлдвэрлэл биш. Монголчуудад баялаг дээдлэх өөрийн уламжлал бий. Энэ бол эрдэм, ном. Тийм ч учраас хамгийн дээд баян эрдэм мэдлэг, хамгийн доод баян бол эд хөрөнгө гэж сургаж ирсэн юм. Үүнийг монгол хүн бүр мэднэ. Гэтэл өнөөдөр бид үүний эсрэг явчих гээд байна. Монгол Улс өнөөдөр шинжлэх ухаанд бус улс төрийн намд түшиглээд хөгжинө гээд байгаа юм. Улс орон хөгжлийнхөө явцад иймэрхүү үе шат дамжих л ёстой байх. Одоо шинжлэх ухаанд, ул суурьтай судалгаанд түшиглэж хөгжлийнхөө чиг баримжааг гаргадаг болно гэдэгт найдаж байна. Эрдэмтэн, судлаачдынхаа үгийг тоохгүй хөгжихөөр юунд хүрдгийг өнөөдөр манай нийгэм, улс төр, эдийн засгийн бүх асуудал, хүндрэл тод харуулж буй юм. Монголчууд бид хоёр хөрш, дэлхий нийтийн жишгээс гажууд хөгжинө гэж байхгүй.