Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняху ОХУ-ын нийслэлд ирж, Ерөнхийлөгч В.Путинтай өчигдөр Кремльд уулзсан байна. Тэрээр Сирийн нөхцөл байдал, иргэний дайны талаар зөвшилцөж, ОХУ-аас цэргийн ажиллагаагаа зогсоохыг хүсэх, Сирийн дайнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг гуйх гэж очсон хэмээн хэвлэлүүд мэдээлэв. ОХУ-ын Батлан хамгаалах яамны шийдвэрээр тус улс Сирийн армид агаараас туслах, дэмжлэг үзүүлэх зорилго тавин ажиллах болсон. Үүнд хамгийн их санаа зовж байгаа улс орнуудын нэг бол Израиль.
Б.Нетаняхуг В.Путингаас чухалчлан гуйх зүйл байгаа гэх утгатай зүйл өмнө нь мэдэгдэж, ийнхүү айлчлал уулзалт товлох болсон талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн. Харин Израйлийн хэвлэлүүдээр Ойрхи Дорнодын энхийн хэлэлцээр, дэлхийн терроризмын эсрэг тэмцэх үйл явцын талаар санал бодлоо хуваалцах гэж ирсэн хэмээн арай өөр өнцгөөр айлчлалын талаар мэдээлсэн.
Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаняхутай хамт цэрэг армийн хэд хэдэн томоохон цолтой эрхмүүд Москва хотод газардсан аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Израилийн Батлан хамгаалах яамны салбарын дарга хурандаа генерал Гади Эйзенкот, цэргийн академийн дарга хошууч генерал Хертзи Халеви болон Үндэсний аюулгүй албаны зөвлөх Ёсси Сечен нар багтжээ.
Хэвлэлийнхэнд хаалттай уулзалтаар чухам юу хэлэлцсэнийг таамаглах аргагүй ч ажиглагчид Сирийн газар нутагт байгуулах ОХУ-ын байлдааны агаарын нисэх бааз болон терроризмын эсрэг үйл ажиллагааны талаар ярилцсан болов уу гэж таамаглаж байгаа юм. Мөн уулзалтын дараа ч Сири дэх ОХУ-ын зарим цэргийн зэвсэглэлүүд хөдөлгөөнд орж эхэлсэн гэдгийг хиймэл дагуулаас харуулсан аж. ОХУ-ын “Сухой Фланкер” нэртэй байлдааны онгоц Сирид байрлаж буй бол удахгүй усан цэргийн ганц хоёр флот илгээх талаар яриа гараад байгаа юм.
Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн хурлын дараа Сирийн газар нутагт болон гадна байгаа цэргийн үйл ажиллагааны талаар хоёр улс үл ойлголцолтой асуудлууд байсныгаа засч залруулсан талаар өгүүлсэн. Израилийн Ерөнхий сайд “иймэрхүү том эндүүрэл, үл ойлголцлыг сайн ярилцаж шийдвэрлэхгүй бол болдоггүй” гэх мэт өгүүлбэр хэлсэн. Сирийн газар нутгаас аюултай зэр зэвсэг, хүнд механизм бүхий байлдааны томоохон зэвсгүүдийг гаргахгүй байх үүрэг хүлээн ажиллаж байгаа талаараа Б.Нетаняху өгүүлсэн.
Израилийн хувьд өөрсдийн замаас ОХУ-ыг цэвэрхэн холдуулахын тулд ийнхүү Ерөнхий сайд нь биечлэн очиж, хаалттай хуралдаан хийж талууд харилцан тохиролцлоо. Ингэснээр Сирийн газар нутагт Израилийн нөлөө байсаар байгааг баталлаа. Тодруулбал, Израилийн зэвсгүүдийг ОХУ-ын тал сөнөөчих байх гэж айсны үүднээс ийнхүү ОХУ-тай харилцан тохиролцсон бололтой.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “ Сирийн газар нутагт энхийг сахиулан ажиллах нь бидний эрхэм зорилго. Бид Сирийн ард түмнийг хамгаалаад зогсохгүй газар нутгийг нь бүрэн бүтэн байлгах эрхэм үйл хэрэгт гар бие оролцож байна” гэжээ. Мөн тэрээр Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассадын Засаг захиргааг дэмжин, иргэний дайны хөлд өртсөн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг зорьж байгаа тухайгаа онцолсон аж. Ассадын нийгэм унах ямар ч үндэслэл байхгүйг ОХУ цохон тэмдэглэж, цэргийн ажиллагаа, тусламжийн гараа сунгасаар байх болно гэдгийг ч мөн Израилийн талд анхааруулжээ.
Израилийн талаас Сирийн иргэний дайн хэдийгээр Израилийн ард түмэнд саад тотгор болоогүй ч газар нутгийн хувьд тун ойрхон учраас Лалын дайчид болон иргэний дайны золиос болж байгаа зэвсэгт босогчид гэнэтийн дайралт хийж магадгүй зэрэг олон зүйлд санаа зовж буйгаа уламжилсан. Голаны шугамаар Израилтай холбогдох Сирийн газар нутагт нөхцөл байдал үнэхээр хүндхэн байгаа тухай В.Путинд үнэндээ “хов зөөсөн” байна. ОХУ-ын цэрэг армийн үйл ажиллагаа Израилийн талын цэргүүд болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдэд хохирол битгий учруулаасай гэсэндээ ийнхүү урьдчилан сануулж ирсэн нь ч тодорхой болов.
Лебаноны Хезболла зэрэг зэвсэгт бүлэглэлийн гарт гэмгүй олон иргэн өртөж, Сирийн газар нутагт аллага хядлага хараа хяналтгүй үргэлжилсээр буйг ОХУ ялгаж салгаж цэргийн ажиллагаагаа явуулахыг хүссэн бололтой. Израилийн зүгээс Сири улсад иргэний дайн гарч байхад босогчдын талыг дэмжиж байсан удаатай. Энэ үйл явдлыг ОХУ ч мартаагүй. Сүүлд өөрсдийн хилийн бүс, нутгийн аюулгүй байдлыг хангахын тулд ийнхүү хамгаалалт хийж байгаа мэт “дүр эсгэсэн” нь зарим орны эгдүүцлийг хүргээд амжсан. Яг өнөөдөр Сирийн газар нутагт байрлаж байгаа олон мянган босогчид болон террористуудаас хамгаалах хоёр дахь шугам байгуулах гэж Израиль хичээж байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
ОХУ-ын зүгээс айлчлын дараа бусад орнуудад хандан “ОХУ Сирид болон бусад гадны орнуудад явуулж байгаа аль ч үйл ажиллагаандаа хариуцлага хүлээн, өндөр түвшинд ажиллаж байгаа” гэжээ. Тагнуулчид “Израиль сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Хезболла руу Сирийн газар нутгаас аюултай зэвсгийн систем нэвтрүүлэхгүйн тулд урьдчилсан арга хэмжээ авсаар ирсэн” хэмээн “Риа Новости” агентлаг мэдээлсэн. Мөн Сирийн эрх баригчдаас Израилийн тал агаарын чөлөөт бүс хүсэж байгаагаа нуусангүй. Гэвч Сирийн зүгээс зөвшөөрөөгүй.
Сирийн газар нутагт Израиль цэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл ОХУ-аас хүсээд байгаа мэт байдал үүссэн тул Москва үүнд тайлбар хийсэн. Сирийн төр засаг бол албан ёсны эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа цорын ганц хүчин зүйл. Манай улстай Сирийн талаар зарим зүйл ярих нь зохимжгүй хэрэг гэдгийг ОХУ анхааруулсан. В.Путин “Сирийн арми одоо ч хүчирхэг байгаа. Тэд иргэний дайн нэрийн дор зэвсэгт босогчдын эсрэг хүчтэй ажиллагаа явуулахгүй байна. Асуудлыг эвээр шийдэхийн тулд хүлээцтэй хандсаар байна. Олон улсын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг зөвхөн Башар Аль Ассад гэдэг хүн гаргана” гэжээ.
Зэвсгийн мэргэжилтнүүд болон тоймчид Израилийг Сирийн нөгөө талд байлдааны өөр фронт нээхийг хүсэж, энэ талаар ОХУ-тай зөвлөлдсөн байж магадгүй талаар өгүүлсэн. Хэрэв үнэхээр хоёр дахь фронт нээгдэх юм бол энэ бүхэн олон улсын цэргийн ажиллагаа болж хувирна. АНУ-ын тал ч үүнийг анхааралдаа авч нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцох болно гэдгийг ОХУ-ын зүгээс хэлэх байх. АНУ-ын зүгээс Сирийн иргэний дайд Башарын Засгийн газрыг эсэргүүцсээр ирсэн. Тиймээс ОХУ-ын үйл ажиллагааг ч дэмжихгүй шүүмжлэлтэй хандаж байгаагаа уламжилсан удаатай. Энэ мэт Сирийн иргэний дайны талаарх үл ойлголцох зүйл олон улсад ихэсч магадгүй юм.