Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
А.Нямдолжин: Манайхаас мах авах сонирхол, бидний экспортлох боломж хоёр зөрдөг

Т.ЖАНЦАН

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэд доктор А.Нямдолжинтой махны экспортын талаар ярилцлаа. Тэрээр “Монгол Улсын гадаад худалдаа дахь махны экспорт: Орос, Хятадын зах зээлийн боломж” сэдвээр судалгаа хийжээ.

-Сүүлийн үед хоёр хөршид мах экспортлох талаар их ярих болсон. Та судлаач хүний хувьд манай улс жилд хэдий хэмжээний мах экспортлох боломтой гэж хардаг вэ?
-Манай улс хойд хөршид мах экспортолж ирсэн уламжлалтай. Тухайлбал, ЗХУ-ын үед малаа хөлөөр нь гаргадаг байлаа. Харин сүүлийн жилүүдэд Орост мах экспортлох уламжлал тасалдсан. Энэ нь зүүн бүсийн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбоотой. Үүнээс үүдэн мах импортлох хориг тавьж, тоо хэмжээ заах болсон.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн онд манай улсад айлчлахад тус улс мах импортлох яриа хэлцэл хийсэн. Үүнээс гадна Хятдад мах экспортлох санаачилга нэлээд гарч байна. Хоёр хөрш маань манайхаас үхэр, адууны мах их хэмжээгээр авах сонирхолтой байгаа.
ОХУ барууны орнуудаас мах их хэмжээгээр авдаг байсан. Гэтэл Укрианы хямралын улмаас махны экспорт нь 30 хувиар буурсан гэсэн статистик бий. Тэгэхээр импорт нь буурсан энэ цаг хугацааг ашиглан манай улс мах экспортлох боломж гарсан гэж үзэж байна. Урд нь манай улс жилд 40 орчим мянган тонн мах экспортолдог байв. Одоо хоёр хөршид жилд 120 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоо бий.

-Та манайхаас үхэр, адууны мах авах сонирхол их бий гэсэн. Манай улсын хувьд үхэр, адууны махаа гаргах малын тоо толгойн харьцаа, экспортлох боломж ямар байна вэ?
-Монгол Улс малаа хувьчилснаас хойш хоёр дахин өссөн. Манай улс 1990 онд 25 сая толгой малтай байв. Өнгөрсөн оны статистикаас харвал 52 сая толгой болсон. Малын тоо толгойн бүтцээр нь аваад үзвэл хонь, ямаа нийт малын 80 орчим хувийг эзэлж буй юм. Гэтэл гадаад зах зээл нийт малын 5.6 хувийг эзэлдэг адуу, есөн хувийг эзэлдэг үхрийн махыг  авах сонирхолтой байна. Үнэндээ мах авах сонирхол, бидний экспортлох боломж хоёр зөрөөд байгаа юм. Манай улс ямаа, хонины мах ОХУ-д маш бага хэмжээгээр экспортолдог.
Хонины мах биднээс бараг авдаггүй. Гэтэл бид хамгийн олон тоотой малаа экспортлох сонирхол бий. ОХУ-ын Буриад, БНХАУ-ын Өвөр монгол хонины мах идэх дуртай. Тэгэхээр энэ менежментийг нь зохицуулж өгөх шаардлага байгаа юм. Мөн мах экспортлох нь тасралтгүй үргэлжлэх ёстой. Гэтэл манай малын тарга тэвээрэг, тоо толгой цаг агаараас ихээхэн шалтгаал­даг.  Байгалийн гамшгийг хэн ч зохицуулах аргагүй. Иймд бид махаа тогтвортой нийлүүлэх баталгаа гаргаж өгөх хэцүү. Ер нь тохиолдож болох эрсдэлүүдийг сайтар тооцох учиртай.

-Малын шүлхий бо­лоод бусад халдварт өв­чин махны экспортод нөлөөлдөг нь тодорхой. Тэгэ­хээр малаа эрүүл­жүүлэх талаар  та ямар санал дэвшүүлэх вэ?
-Малын эрүүл мэндийн талаар төр тодорхой арга хэмжээ авдаг. Манай мал 1990 он гарснаас хойш хувьд шилжсэн. Ингээд иргэд хувьчилж авсан малаа эрүүлжүүлэх талаар нэлээд хойрго болсон байна. Урд нь улсын мэдэлд нэгдэл гэж байхад нэгдсэн журмаар эрүүлжүүлэх ажил хийж байсан юм. Иймд малын янз бүрийн өвчин гарах нь бага байгаа. Мах зах зээлд нийлүүлдэг 40 орчим компани өнөөдөр ажиллаж байна. Тэд мал авахдаа эрүүл гэдэг шаардлага тавиад, нэгдсэн лаборатортой болох ёстой. Гэхдээ лабораториуд нь сайн ажилладаг, тоног төхөөрөмж нь орчин үеийнх байх нь чухал. Хамгийн гол нь, нэгдсэн үйл ажиллагаа дутагдаад байгаа юм. Үүнийг шийдэхэд хөрөнгө мөнгө ихээхэн шаардана. Хэрэв төр хувийн хэвшилтэй хамтраад хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдчихвэл малаа эрүүл байлгах, аливаа өвчнөөс урдчилан сэргийлж чадна.

-Малчид малаа эрүүл­жүүлэхэд хойрго ханддаг гэлээ. Мал эмнэлэг үйлчилгээний өртөг зардал өндөр болоод тэр үү. Эсвэл өөр шалтгаан байна уу. Уг нь хүн өмч хөрөнгөө тордож, өсгөхийг л хүсдэг шүү дээ?
-Би нарийн шалтгааныг нь сайн хэлж мэдэхгүй. Энэ талаар нарийн судалгаа хараахан хийгээгүй. Махны экспорт хийх ямар боломж нөхцөл байна вэ гэдгийг л судалж үзсэн. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудал байхыг үгүйсгэхгүй.

-Монгол малын мах экспортод гаргахад үнэ ханш ямар байх төлөв байна вэ?
-Бид эхлээд монгол малын махны давуу талаа тодорхойлж байж зах зээлээ бий болгоно. Дэлхий нийтэл өнөөдөр экологийн цэвэр бүтээгдэхүүн гэх болсон. Манай малын мах хамгийн түрүүнд энэ шаардлагад нийцнэ. Учир нь бэлчээрийн мал аж ахуйтай. Мал өөрсдөө бэлчээрлээд өвс тэжээлээ олж иддэг. Тэгэхээр фермерийн аж ахуй биш болохоор харьцангуй эрүүл мал байх үндэслэл бий. Иймд манай малын мах эрүүл, хямд гэдгийг тодотгож санал болгож байгаа юм.
Жишээ нь, европт үхрийн нэг кг мах монгол төгрөгөөр 65 мянга  байхад манайд 7-8 мянган төгрөг. Тэгэхээр гаднаас манай махыг авах сонирхол маш их байгаа ч бид олон улсын стандарт шаардлагад нийцсэн зарчмуудын дагуу экспортлох ёстой. Нэг ёсондоо олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн экспортолвол заавал манайх малын мах хямд зарах албагүй. Боломжийн үнээр зарах юм.

-Тэгэхээр стандартад нийцүүлэн мах бэлтгэхээс гадна хил гаалийн болон импортын татвар, хураамжаас өгсүүлээд хоёр хөрштэй тохиролцох асуудал гарч ирэх байх. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Тийм. Импортын татвар өндөр. Тухайлбал, ОХУ-ын талаас тавих хорио цээр, эрүүл ахуй, гаалийн татвар махны экспортод нөлөөлөх гол шалтгаан болох нь зайлшгүй.

-Малыг амьдаар нь авах сонирхол, санал хэр байна вэ?
-Ер нь малыг амьдаар нь авах сонирхолтой байдаг. Манай улсад  малаа амьдаар нь экспортлох нь ашиггүй. Тухайлбал, мах, арьс, ноос, үс, дайвар бүтээгдэхүүн гээд бүгдийг нь  нэг үнээр худалдана гэсэн үг. Тэгэхээр бид малаасаа мах бэлтгэн ангилж ялгаад  дайвар бүтээгдэхүүн, түүхий эдийг нь тус тус тусад нь худалдвал илүү ашигтай.

0 Сэтгэгдэл
YAg zov harsan bna.Minii bodsontoi adil bnaa.Uulzaj sanal soliltsvol bolomjtoi l yum bna
Хамгийн их уншсан