Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулах, нийтийн тээврийн үйлчилгээг гэр хороололд хүргэх, шинээр суурьшиж буй гэр хорооллыг хотын төвтэй холбох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ онд дараахь дөрвөн байршилд авто зам шинээр барихаар төлөвлөжээ. Үүнд:
-Сүхбаатар дүүрэг, Оюутны гудамжийг Бээжингийн гудамжтай холбох авто зам
-Баянзүрх дүүрэг, Бөхийн өргөөний зүүн талаар явсан замыг Дамдинсүрэнгийн гудамжтай холбох
-Сонгинохайрхан дүүрэг, II хорооны нутагт 0.89 км авто зам
-Баянзүрх дүүрэг, Нарны замыг “Өгөөмөр” авто худалдааны төвийн зүүн талаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн арын гэр хорооллын дахин төлөвлөлтийн авто замтай тус тус холбоно.
Эхний ээлжинд Сонгинохайрхан дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны хойд талын гүүрнээс хойш чиглэсэн замын төгсгөлөөс 23 дугаар хороо руу өгсөн “Хангай” захын урдуур шинээр баригдсан авто замтай холбосон 0.89 км авто замыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар” нэгтгэл барьж, 2015 оны аравдугаар сарын 20-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Тус дүүргийн 23 дугаар хорооны нийтийн тээвэр үйлчилдэг авто зам руу иргэд 1.0-2.0 км хүртэл шороон замаар явдаг бөгөөд бороо орох үед хүн болон машин зорчиход хүндрэлтэй байдаг байна.