Монгол улс Манж Чин улсын харъяанд байх үед хэтэрхий дөрвөн хэргэм хэмээх ван, бэйл, бэйс, гүн хэргэмийг Чин улсын төлөө зүтгэсэн этгээдэд шагнадаг байжээ. Богд хаант засгийн үед Чин гүрний хэтэрхий дөрвөн хэргэмийг залгамжлан хэрэглэжээ. Ван гэдэг нь хятадаар “хан” гэсэн утгатай үг бөгөөд эртний хятадын улсуудад их хаадыг хуанди бага хаадыг ван гэж нэрлэдэг байжээ. Монголын нууц товчоонд Хэрэйдийн Тоорил ханд Алтан улсын хаан ван цол олгосноор ван хан гэж алдаршсан гэж өгүүлдэг билээ. Ван цол нь хятадын төрийн бодлогын нэг хэсэг бөгөөд хуанди бол тэнгэрийн хүү, тэнгэрийн доорхи бүхэн түүний эзэмшил гэдэг үзлийг илэрхийлэн хөрш орнуудын хаадад ван цол олгодог байсан байна.
Манж Чин улсын үе болон Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсын үед хэрэглэж байсан төрийн ноёдын тэргүүн зэргийн цол юм. Ван хүн гурван нүдтэй тогосын отго малгайдаа зүүдэг байсан. 1912 онд Манж Чин улс мөхөхөд энэ цолыг хэрэглэхээ байсан боловч Богд хаант Монгол улсын үед 1924 он хүртэл хэрэглэж байгаад Ардын хувьсгалын дараа язгууртнуудын цол хэргэмийг устгах үед хэрэглэхээ больжээ. Чин ван: Манж Чин улсын үеийн ноёдын нэгдүгээр зэргийн вангийн хэргэм юм. Малгайн оройд улаан өнгөтэй эрдэнийн чулуун жинс зүүж, жинсний сууринд хоёр зэрэг алтан луу ороож, дунд нь арван ширхэг тана эрдэнэ шигтгэнэ. Чин ван 2000 лан мөнгө, 25 зах торгоны пүнлүү авна. Манжийн хуулинд зааснаар 60 хамжлага захирах эрхтэй байжээ. Жүн ван: Манж Чин улсын үеийн ноёдын хоёрдугаар зэргийн цол юм. Малгайн оройд улаан эрдэнийн чулуун жинс тогтоож, дунд нь 3 тана шигтгэнэ. 1500 лан мөнгө, 20 зах торгоны пүнлүү авна. Хуулиар 50 хамжлага захирах эрхтэй байв.