Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бөөлжиж, суулгадаг ханиаданд гэдэсний эм дураараа хэрэглэж болохгүй

Э.ГАНЦЭЦЭГ

Хот хөдөлгөөнд орохын хирээр ханиад томууны дэгдэлт ихэсдэг. Энэ жилийн хувьд цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүд бөөлжиж, суулгадаг ханиадаар өвчилж эцэг эхчүүдийн санааг зовоож байгаа. Энэ талаар Баянгол эрүүл мэндийн нэгдлийн хүүхдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Г.Цэенээс тодрууллаа.

-Бөөлжиж, суулгадаг ха­ниад бага насны хүүхдүү­дийн дунд их байгаа талаар эцэг эхчүүд санаа зовинож бай­на. Энэ ханиад нь ямар шинж тэмдгээр илэрч байна вэ?
-Энэ ханиад нь клиник шинжээрээ вирусийн гарал­тай, гэдэсний халдвар давам­гайл­сан шинжтэй байна. Зовиу­рын хувьд 39-40 хүртэл, 2-3 хоног үргэлжлэн өндөр халуурч, бөөлжиж, суулгалт өгнө. Мөн бөөлжиж, гэдсээр өвдөж, өндөр халуурч байгаа тохиолдлууд ч их байна. Мөн гэдэс их базална. Энэ үед гэдэсний хурц мэс заслын өвчинтэй их андуурах тохиолдол гарч байгаа.

-Ханиадны дэгдэлт их байгаа­тай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж гаргасан уу?
-Халдварт өвчин судлалын төв, Эх нялхсын эрдэм шинжилгээний төвүүд дээр вирусийн шинжилгээ судалгаа хийгдэж байгаа. Одоогоор олон нийтийг хамарсан шинж харагдахгүй байна гэж үзэж байгаа. Гэвч өрхийн болоод хоёр дах шатлалын эмнэлэг дээр ирж байгаа хүүхдийн тоо буурахгүй байна.

-Дээрх ханиадны шинж тэмдгээр өдөрт хичнээн хүүхэд ирж байна вэ?
-Манайх хоёр дахь шатлалын эмнэлэг учир хэвтэж эмчлүүлэх бичигтэй хүүхдүүд ирдэг. Өдөрт 20-30 хүүхэд ирж байгаагийн дийлэнх хувийг дээрх ханиадны шинж тэмдэгтэй хүүхдүүд эзэлж байна. Томуугийн дэгдэлтийн үе болж байгаа учраас ачаалал их байна. Хэвтэх бичигтэй хүүхдүүдээс яаралтай гэх оноштой хүүхдүүдээ хэвтүүлээд бусдад нь хүлээн авахаар хордлого тайлах эмчилгээ хийлгээд буцааж байна.

-Хүндрээд буцаж ирж байгаа тохиолдол байна уу?
-Цөөн тохиолдол гарсан. Томуугийн халдварт өвчний үед аль болох гэрээр тусгаарлаж эмч­­­­лэх хэрэгтэй. Эмнэлэгт олноор бөөгнөрч хэвтэх нь дахиж өөр вирусээр халдварлах магадлал өндөртэй.

-Энэ ханиадаар ихэвчлэн хэд орчим насны хүүхдүүд өвчилж байна вэ?
-Ихэвчлэн цэцэрлэгийн насны хүүхдүүд ирж байна. Цэцэр­лэгүүд ханиад томууны дэгдэлтийн үе буюу аравдугаар сараас дөрөвдүгээр сарын хугацаанд өвчтэй хүүхэд хүлээж авахгүй байх хэрэгтэй. Эцэг, эхчүүд хүүхдээ 3-5 хоног хэвтрийн дэглэм сахиулж, цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байх нь халдвар  тархах эрсдэлийг бууруулна.

-Хүүхэд нь энэ ханиадаар өвчилсөн үед эцэг эхчүүд асаргаа сувилгаан дээр юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Өвчтэй хүүхдийн хоолыг баяжуулж, уургийг нь нэмэг­дүүлж өгөх хэрэгтэй. Хувцсыг нь тохируулж өмсгөнө. Ха­луурч байгаа хүүхэд гээд хэт нимгэлж, хэт зузаалж болохгүй. Өрөөнийхөө хэмд тааруулан хувцаслах хэрэгтэй. Мөн халуунгүй байх үед нь өдрийн цагаар усанд оруулахад тохиромжтой. Учир нь, хүүхэд усанд орсны дараа даардаг учраас шөнө агаарын хэм буурч ханиад хүрэх магадлал өндөр болдог. Өдөр усанд оруулах нь тоглож гүйнгээ биеийн дулаан энергээ алдахгүй байх сайн талтай.
Халуурч шингэн их алддаг учир шингэн уух зүйл ихээр уулгах хэрэгтэй. Буцалсан болон цэвэр ус, хросол энэ ханиадны эдгэрэлтэд сайнаар нөлөөлж байна. Гэхдээ эмийг эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэхгүй, нэгдүгээр шатлалын эмнэлэгт хүүхдээ үзүүлэх шаардлагатай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан