Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Exclusive”-ийн цаад санааг хэн ч ойлгох арга алга


Үндэсний үйлдвэрлэгч гэсэн нэр зүүж, монголын гэх брэндийг буй болгохоор зорино гэдэг монгол хүний бахархлыг бадраасан хэрэг. Сонссон хэн ч монгол брэнд дэлхийд гарах мөч ойртож хэмээн төсөөлмөөр. Ийм төсөөлөл дөнгөж сууж эхэлтэл өнөөх үйлдвэрлэгч маань гэнэт төр нийгмээ буруутган, дарамтлуулж буйгаа дэлгээд ирэхээр иргэд үйлдвэрлэгчийн талд зогсох нь зүйн хэрэг. Өнгөрсөн долоо хоногт ийм л хэрэг болов. Гэхдээ амралтын өдрүүд дуусах хүртэл шүү дээ.

Exclusive брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг гэгч эмэгтэй өөрийнх нь компанид Татварын ерөнхий газраас 150 сая төгрөгийн торгууль тавьсан. Үүнийг хэсэгчлэн төлөх гэсэн боловч Татварын ерөнхий газраас тус компанийн харилцах дансыг хаасан хэмээн мэдэгдээд үүнийг эсэргүүцэж 120 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд үнэгүй тараана гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ өөрийн цахим хаягуудаар зарлаж, телевизийн шууд эфирээр хүртэл хэлсэн. “Номин”-гийн салбар болон “Хүннү молл” дахь салбараараа өнгөрсөн амралтын өдрүүдэд үнэгүй тараана гэв. Гэвч “Номин”-гийн харуул хамгаалалтын хэлтсээс албан бичиг хүлээн авч “Уг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй боллоо. Тиймээс өөрийн мэдлийн газартаа тараахад ч бэлэн байна” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэлж байсан ч эцсийн мөчид “Номин” Холдингийн Баярсайхан захирал бүхнийг ойлгож, туслахаар боллоо. Бараа анхны зарын дагуу тараагдахаар болсон” гэсэн.

Иргэд бямба гарагийн үүрээс эхлээд “Номин” болон “Хүннү молл”-ын гадаа дугаарлаж, бараа тараах мөчийг хүлээв. Цугласан олон дунд “Үнэгүй л бол юу ч байсан яах вэ” гэх нэгэн байсан ч үндэсний үйлдвэрлэлээ бага ч гэсэн дэмжиж, өөрийнхөө чадлаар хандив өргөхөөр зорьж очсон нь ч байсан. Гэтэл ийм үйл ажиллагаа болохгүй, анхнаасаа зөвшөөрөл олгохгүй хэмээн дэлгүүрүүдийн зүгээс мэдэгдэж, харин Саппоро худалдааны төвийн задгай талбайд болно хэмээн зарласан ч иргэд хүлээсээр байв. Баянгол дүүргийн цагдаагийн 50 гаруй алба хаагч энд дуудлагаар очин ажиллаж, иргэдийг тараасан ч хороолол дахь “Номин” холдингийн шилэн хаалгыг хагалсан байна.

Ямартаа ч иргэд үүнээс өөр хохирол учруулалгүй тарсан нь азтай хэрэг. Гэтэл өчигдөр орой “Exclusive” брэндийн фэйсбүүк хуудаснаа нэгэн мэдэгдэл гарчээ.
Уг мэдэгдэлд “Жексон АМЬД гэдэг шиг #exclusive АМЬД. Бид дампуураагүй. Буруу ойлголт санаатай санамсаргүй тарааснаар ХҮССЭНДЭЭ ХҮРЧ чад­сангүй. 120 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг өгөхөөсөө харамласан зүйл байхгүй. Гэхдээ ҮНЭГҮЙ­ДҮҮЛЖ өгөхийг хүсэхгүй байгаа учраас 19, 20-ны үйл ажилагааг албан ёсоор цуцалсан. Цаг заваа гарган ирсэн ТА бүхнээсээ УУЧЛАЛТ хүсэж байна.
ЭКСКЛЮЗИВ-ийн хамт олон” гэсэн байв.

Өнөөдөр манай нийгэмд ядуурал ямар төвшинд хүрээд байгааг иргэд үнэгүй юмыг хэрхэн хүсэн хүлээж байгааг хатагтай Г.Майцэцэг тодоос тод мэдрүүлсэн ч түүнийг анх үнэгүй бараа тараана хэмээн ярихад “Ядаж хямдруулаад зарах хэрэгтэй. Огт үнэгүй бараа тараах сургаар замбараагүй байдал үүсч болох. Үнэхээр 120 сая төгрөгийн бараагаа үнэгүй тараах гэж байгаа бол бага ч гэсэн үнээр зараад олсон орлогоо буяны үйлд зарцуул” гэх зэргээр анхааруулж байсан. Гэтэл энэ үгийг огт тоогоогүйгээр барахгүй эмх замбараагүй үйл ажиллагааг өдүүлсэн хойноо санаатай санамсаргүй ойлголт тараагаад хүссэндээ хүрч чадсангүй хэмээн мэдэгдэх нь хэр ёс зүйтэй хэрэг вэ. Тэд юунд хүрэхийг хүссэн гэж. Татварын ерөнхий газрын ногдуулсан торгуулийг тэглүүлэхийг үү эсвэл “Чингис” бондоос авсан 750 сая төгрөгийн өрөө цайруулахыг уу, Г.Майцэцэг гэгч хүүхэн өөрийн хувийн рейтингээ өргөхийг хүсэв үү эсвэл түүний зорилго монголчуудын ядруухан амьдралаар доог тохуу хийх байв уу гэдгийг иргэд ойлгосонгүй.

Ийм олон хүн цуглана гэж бодоогүй. Гэхдээ хэлсэндээ хүрч эмх журамтайгаар бараа бүтээгдэхүүнээ үнэгүй тараана хэмээн дахин дахин нотлон хэлээд байгаа үйлдвэрлэгчийн цаад санаа нь авлига хийгээд дарамттай тэмцэх мөн гэж үү.
Хөрсөндөө эхлээд буучихаад дараа нь ямар алхам хийхээ тооцоолоосой. Болчимгүй үг нийгэмд ямар хор уршгийг дагуулж болзошгүй эрсдэлтэйг аль аль тал нь ойлгосон л байгаасай. Энэ удаад Номингийн шилэн хаалга хагараад өнгөрсөн ч давтан давтан хэлээд байгаа үг чинь дараа  дараад ямар эрсдэл дагуулж болзошгүйг анхааралдаа аваасай билээ.

Хэдийгээр энэ удаа дан ганц “Exclusive” гэх “брэнд” яригдаж байгаа ч түүний ард ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ бүр цаашлаад ДЭЛХИЙН БРЭНДИЙГ МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭХ гэсэн бахархал хамт явааг санах хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан