Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эерэг имиж

Н.БАТ

Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Парламентын Ассамблейн  хурал өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт болж, дэлхий Монгол руу анхаарал хандууллаа.

Талын нүүдэлчин Монгол гэдэг имижийг энэ өдрүүдэд улстөр, эдийн засаг бужигнаж хөгжилд тэмүүлж буй Монголын тухай имижээр дэлхийн чихэнд цацав.
“ЕАБХАБ-ын бүс нутаг болон олон улсын түвшин дэх аюулгүй байдлын сорилт бэрхшээлүүдийг хэлэлцэх нь: Бүс нутгийн хамтын жиллагаа бэхжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” гэсэн уртаас урт сэдвээр явагдсан хурлыг чухам яагаад бид зохион байгуулав гэдэг нь олон хүний анхаарлыг зүй ёсоор татаж, зарим нь эдийн засгийн хүндрэлийн үед гарч буй бас нэг зардал гэсэн өнцгөөс ч тайлбарлаж байлаа.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канервагийн хэлснээр хурлыг Монголд зохион байгуулсан нь  ЕАБХАБ-ын гишүүн орнуудын газар зүйн талаас нь авч үзвэл хамгийн зөв өнцөг нь болж буй гэсэн юм.

Түүний хэлсэн үгийг батлан ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Е.Нарышкин “АНУ-д болсон парламентын Спикерүүдийн дөрөвдүгээр бага хуралд ОХУ-ын төлөөлөгч болох В.Матвиенког хүлээж авахаас татгалзсан бол Финландад болсон ЕАБХАБ-ын парламентын ассамблейн ойн хуралд  ОХУ-ын төлөөлөгчдөд оролцох боломж олгоогүй гэх  мэт асуудлууд сүүлийн өдрүүдэд гарсан. Монгол улс бидэнд зочломтгой хандлаа. ЕАБХАБ-ын гишүүн, НАТО болон Европын холбоотой хамтран ажилладаг орон хэдий ч Монгол улс  олон улсын харилцаанд бие даасан, зарчмын байр суурийг баримталж байна” хэмээн онцолсон.
Харилцан зөрчилтэй байгаа Орос Украины төлөөлөгчид энэ удаад Монголд нүүр нүүрээ харан уулзаж ярилцлаа. Европын хамгийн том асуудлын нэгд зүй ёсоор тооцогдсон энэ асуудлын талаар тэд ОХУ, Украинд бүүр Европ тивд биш Азийн цээжинд ярилцлаа. Түүгээр зогсохгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын 47 орон дүрвэгсдийн асуудлыг хэрхэн шийдэж болох гарцыг Монголд хайлаа.  Учир нь Монгол хэнтэй ч зөрчилдөөнгүй, хэнтэй ч үл ойлголцолгүй, өөрийн гэсэн байр суурьтай тайван улс. Энэ бол дэлхийд хөгжиж буй Монголыг таниулах бас сурталчлах үнэхээр сайхан эерэг имиж. Траншейнд амьдардаг, нүүрс зардаг, ядарсан, зүдэрсэн бараан амьдралаас тэс өөр төсөөлөл. Тал дүүрэн мал, хоосон тал, малчин ахуйгаас өөр өнцгөөр Монголыг харж болно гэдгийг дэлхийд таниулсан ажил байлаа. АСЕМ-д Монгол бэлэн гэдгийг ч баталж чадах нэг ажил болов.

Өмнө нь бид хоёр Солонгосын тал Монголд уулзалт товлоход тийм ч  ач холбогдол өгдөггүй байв. Бид өөрсдөө энэ талаар товч тодорхой мэдээлэл дэлхийд цацаж байсан нь ч ховор. Хоёр Солонгосын өөрсдийн мэдээллийн агентлагууд л жижиг мэдээлэл цацаад өнгөрдөг байсан биз. Харин энэ удаагийн томоохон хурлын дараа УИХ-ын дарга З.Энхболдын дүгнэснээр “ Монгол бол асуудалтай талуудын  уулзаж, ярилцдаг талбар болж болох юм. Дэлхийн сөргөлдөөнтэй талууд Улаанбаатарт ирээд эв зүйгээ олж, ярилцаж зөвшилцөнө. Оростой, Украинтай  Монгол найз учраас асуудалгүй уулзаж ярилцах боломж олгодог. Бид ямар ч улстай сайн харилцаатай. Бидэнтэй асуудалтай улс энэ дэлхийд байхгүй” гэж хэлснийг онцлох нь зүй биз.

Энэ нь Монгол Улс гадаад ертөнцөөс хол, хэний ч нүдэнд үл өртөх жижигхээн улс гэсэн тодотголыг үгүйсгэж болох нэг хэлбэр. Бид дэлхийн амьдралд идэвхтэй оролцдог, цаашид оролцсоор байх болно. Өөрийн гэсэн байр суурьтай, үзэл бодолтой, үүндээ үнэнч байж чаддаг гээд давуу талуудаа дэлхийд гайхуулж болно.

Хаана ч жишиг болон яригдсаар байгаа ардчиллыг тайван замаар байгуулж чадсан Азийн Монгол дэлхийн хамгийн тайван цэг учраас дэлхийн Монгол хэмээн дуудуулах боломж байгааг энэ удаагийн хурлаар нотоллоо. Дэлхий өдрөөс өдөрт ганцхан хумигдан даяаршиж байна. Бид энэ даяаршилд өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэж, үүнийгээ түүхэнд тамгалан үлдээх ёстой. Өнөөдөр дэлхийн аль улсад очсон Монгол хүн Чингисийн Монгол хэмээн тодотгосоор байна. Монгол гэдгийг Чингисээр төсөөлсөөр байна. Нэгэн талаар зүй ёсны бахархал ч гэлээ үүнээс өөрөөр бидний талаарх дэлхий нийтийн ойлголт бүхэлдээ бүрхэг байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Үндэсний үйлдвэрлэл эсвэл ашигт малтмалын нөөцөөр дэлхийд танигдана гэвэл хэдэн арван магадгүй зуун жилийг үдэх биз. Тэгвэл Монголын эерэг имижийгбүрдүүлэх хамгийн ойрын боломжийг “Бид ямар ч улстай сайн харилцаатай. Бидэнтэй асуудалтай улс энэ дэлхийд байхгүй” гэсэн УИХ-ын даргын үгээр тодорхойлж болох санагдлаа.
 Тийм ээ, бидэнтэй  асуудалтай улс энэ дэлхийд байхгүй...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан