Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай сэтгүүлч Б.Цэдэвсүрэн “балдорж шагнал”-ын шилдэг аравт шалгарлаа

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Амьдралын өмнө сөхрөлгүй, сөрөх л ёстой” хэмээн нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан хэлсэн удаатай. Алдаж гишгэх алхам бүрийг чинь анан суудаг амьдралыг сөрөхийг хүсээд ч сөхрөх үе цөөнгүй.Тэр дундаа ар гэрээсээ ч илүү ажил мэргэжилдээ бүхнээ зориулдаг сэтгүүлчдийн ахуй амьдрал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байдаг гэвэл худал хэлсэн болохгүй. Тиймдээ ч өвдөг сөхөрч, өөрийн эрхгүй бууж өгөх тухай бодох үе бий. Энэ л үед өмнөө тавьсан зорилгоо санаж өөрөө өөрийгөө хурцалж байдаг хүмүүс бол сэтгүүлчид. Нийгэм, нийтийн төлөө үг, үзгээрээ зэвсэглэж үнэний талд зогсдог сэтгүүлчдийн авьяас билэг, хөдөлмөр бүтээлийг шүүн тунгаадаг хамгийн шударга шалгаруулалт болох “Балдорж шагнал”-ын эзэд тодорлоо. Өрсөлдөөнтэй хийгээд өндөр босготой эл талбараас манай сэтгүүлч Баасанхүүгийн Цэдэвсүрэн шагнал хүртлээ.
2015 оны Балдоржийн нэрэмжит шагналын шилдэг 10-ын тоонд багтсан тэрээр оюутны ширээнээс өдийг хүртэл үндэсний өдөр тутмын чөлөөт хэвлэл “Ардчилал” сонинд ажиллаж байна. Нэг албанд хүчин зүтгэдэгийн хувьд би түүнийг сайн мэднэ. Өвдөг сөхөрлөө ч өндийн босох асар их сэтгэлийн тэнхээтэй түүнийг сэтгүүлч, уран бүтээлчийнх нь хувьд хүндэлж явдаг билээ.

Түүний “Амар амгалангийн оронг холоос хайх хэрэггүй” сурвалжлага, “Хүүхэд “бүтээдэг ээж” хөрөг нийтлэл нь шилдэг бүтээлд нэр дэвшин шалгарлаа. Уран бүтээлчийн авьяас билгийг устай зүйрлэх аваас булингар үгүй булгийн ус гэвэл түүнийх. Мэргэжлийн ёс зүйгээ дээдэлж, буртаг хиргүй авьяас билгээ булингартуулаагүй тэрээр өдөлж гүйцээд өндөр тэнгэрт ийн дүүллээ. Сөхөрч биш сөрж, өндрөөс өндөрт дүүлэхийг хүсье.

2015 оны “Балдорж” шагналт­наар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэл­баатар “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусч байна”, “Би Монгол улсаа дэлхийн хамгийн том орон гэж боддог буюу Хануйн бага сургуулийн сурагчид”, “Бөгтөр бөхөнгийн мөхөл ирэв үү” зэрэг бүтээлээрээ шалгарсан бол дэд байрт “Гэрэгэ” сэтгүүлийн У.Бямбаням “Голомт сахих горьдлого” бүтээлээрээ шалгарсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан