Т.ЖАНЦАН
“Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт эрдэм шинжилгээний олон улсын хоёрдугаар бага хурал өчигдөр Улаанбаатарт боллоо. Үүнд манай улсаас гадна АНУ, Англи, Герман, ОХУ, БНХАУ зэрэг арав гаруй орны эрдэмтэн судлаачид оролцож илтгэл хэлэлцүүлэв. Энэ хурлын үеэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга доктор /Ph.D/, профессор Г.Нямдаваатай ярилцлаа.
-Дэлхийн уур амьсгал өөрчлөгдөж байгаа. Энэ өөрчлөлт манай улсын эдийн засагт хэдий хэмжээний хохирол учруулж ард иргэдийн аж амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
-Яг нийт мөнгөн дүнг тооцож гаргахад хэцүү. БОНХАЖЯ Германы эрдэмтэдтэй хамтарч эдийн засгийн хохирол тооцох аргачлал шинээр боловсруулж байна. Эдийн засгийн хохирлыг тооцохдоо улс орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамруулахаас гадна тухайлсан газар нутаг, ашигт малтмалын ордын хэмжээнд дүгнэдэг. Тухайлбал, говийн бүс нутгийн зарим уурхайд өнгөрсөн онд байгаль орчин, эдийн засгийн хохирол тооцож үзсэн. Тэгэхэд гурван тэрбум төгрөгийн хохирол гарсан юм. Энэ бол нэг л жаахан хэсэг. Үүнийг Монгол орны хэмжээнд авч үзвэл их том тоо гарах нь ойлгомжтой. Гагцхүү бид нэг уурхай ашиглаад эргээд төлж дийлэхгүй хохирол байгаль орчинд учирч буйг ойлгох ёстой юм. Гэтэл өнөөдөр манай улс төрчид, эдийн засагчид зөвхөн гадаад орнуудаас авсан зээл, өр яриад байна. Бид л байгаль орчноо зүй зохистой ашиглахгүй бол үр хүүхэд, хойч ирээдүйгээ түүнээс илүү өрөнд оруулж байгаагаа ухаарах учиртай.
-Тэгвэл манай орны байгаль, цаг уурын байдал өнөөдөр ямар байна вэ?
-Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлангаас үзэхэд сүүлийн 75 жилд жил бүр 2.1 хэмээр дулаарч байна. Орж буй хур тунадас жил бүр долоон хувиар буурлаа. Мөн байгалийн гамшигт үзэгдлийн тоо өслөө. Тухайлбал, 2013 онд байгалийн аюултай болон гамшигт үзэгдэл 123 удаа болсон байдаг. Өнгөрсөн онд 85 удаа тохиосон. Гэтэл 1993 онд 16 удаа байгалийн гамшигт болон аюулт үзэгдэл гарч байв. Нутгийн төв болон баруун бүст илүү эрчимтэй дулаарах хандлага ажиглагдаж буй юм. Бас мөстөлт, мөсөн гол хайлах нь сүүлийн 10 жилд хамгийн их хэмжээнд хүрсэн. Иймд энэ нөхцөл байдалд хариу өгөх зорилгоор энэ хурлыг зохион байгууллаа. Монгол орны байгалийн нөхцөл нөөц өнөөдөр ямар байна яаж хамгаалж хэрхэн зүй зохистой ашиглахад эрдэмтэдийн дуу хоолой их чухал. Төр засгаас улс орны эдийн засаг сул дорой хэцүү байна, мөнгө төгрөг босгох хэрэгтэй гэж амьдарлын шаардлагаар ямар нэг шийдвэр гаргадаг. Түүний цаана алс хэт ирээдүйг харсан тогтвортой хөгжлийг тодорхойлох байгаль орчны асуудал хамгийн чухал. Тэгээд байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд шинжлэх ухаанч байхгүй бол болдоггүй. Иймд эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланг хоёр жил тутам УИХ-аар хэлэлцүүлдэг. Ирэх онд энэ тайлан шинэчлэгдэнэ.
-Бусад улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Дэлхийн дулаарал, цөлжилт бусад улс оронд ч хохирол учруулж байгаа. Иймд улс орнууд хамтарч ажиллахаас өөр аргагүй. НҮБ-аас дэлхийн дулааралд анхаарч улс орнууд хамтарч цөлжилт, уур амьсгалын эсрэг тэмцэх шийдвэр гаргасан. Жишээлбэл, манай орны байгаль орчинд тулгамдаж буй асуудлын нэг түйрэн байна. Энэ бол шар шороон шуурга юм. Шар шороон шуурга шуурах давтамж өнөөдөр гурав дахин нэмэгдлээ. Тэгэхээр уг шуурга зөвхөн манай говь цөлд болж буй асуудал биш. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлуулсан лидарын хэмжилтээр түйрэн өнөөдөр газрын газаргаас дээш 2.5 км өндөртэй шуурдаг боллоо. Нэг шоо метр агаарт агуулагдаж байгаа бохирдол 3233 микро граммд хүрсэн. Энэ нь энгийн төвшнөөс 70 дахин их байна гэсэн үг. Ингээд Хятадын зүүн хойд нутгаар дамжин Солонгосын хойг хүрч байгаа. Тэгэхээр зөвхөн шороон шуурга л гэхэд олон улсын хэмжээнд хурц асуудал болж буй юм.
-Шар шороон шуурга цөлжилтөөс үүдэлтэй гэдэг. Өнөөдөр манай улсын нутаг дэвсгэрийн хэдэн хувь нь цөлжилтөд нэрвэгдээд байна вэ?
-Манай орны нийт нутгийн 77 хувь нь хүнд болон бага зэргийн цөлжилтөд нэрвэгдсэн судалгаа бий. Ингэж цөлжсөн шалтгааны 53 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Жишээ нь хүүхдийн сургуульд орох насыг зургаа болгосноор малчид сумын төвийн ойролцоо нэг буурин дээрээ шахуу дөрвөн улиралд нутаглаж байна. Энэ нь бэлчээр талхлагдах, цөлжих нэг шалтгаан болсон. Мөн уул уурхайд жилд 1000 гаруй га талбай өртөж буй судалгаа бий. Ингээд уул уурхайн олборлолтод өнгөрсөн жилийн байдлаар нийт 24636 га талбай эвдэрсэн юм. Бидний байгаль орчинтойгоо зүй зохисгүй харьцаж байгаагийн нэг илрэл нь өдөр тутам гаргаж буй хатуу хог хаягдал. Манай улс 2010 оноос өмнө хатуу хог хаягдлын бүртгэл тооцоо хийж байгаагүй. Сүүлийн жилүүдэд хог хаягдлын хэмжээ эрс ихсэж байна. Жишээ нь, улсын хэмжээнд 2013 онд хоёр сая 394 мянга 648 тонн хатуу хог хаягдал гарсан. Үлдсэн 47 хувь нь байгалийн доройтол уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан тооцоо гарсан.
-Одоо хэчнээн га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагтай вэ?
-Сүүлийн үед нөхөн сэргээлтэд нэлээд анхаарах болсон. Тухайлбал, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг сайжруулах шийдвэр гарсан. Өнөөдөр улс орны эдийн засаг хүндэрсэн тул алтны олборлолт нэмэгдүүлж байна. Үүний нөлөөгөөр нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээ өслөө. Иймд энэ намар бүх аймгуудад байгаль орчны үзлэг хийж нэгдсэн судалгаа гаргана.