Т.ЖАНЦАН
Монголчууд олон зуун жил мал аж ахуй эрхлэн амьдарч ирсэн. Тиймдээ ч эдийн засаг нь мал аж ахуйн бүтээгдэхүүнд тулгуурладаг байлаа. Гэтэл өнөөдөр уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай болсон билээ. Үүний уршгаар өнөөдөр хямралт байдалд ороод буйг хүн бүр мэднэ. Эдийн засагчид өнөөдөр аж амьдарлаа залгуулах салбарыг уул уурхай, хөдөө аж ахуй хэмээн тодорхойлж буй. Тэр дундаа мал аж ахуйн салбар эдийн засагт өөрчлөлт хийх хамгийн боломжит сонголт гэдэг. Манай улсад өнгөрсөн онд 51.9 сая толгой мал тоологдсон. Энэ жил 18 сая толгой төл авсан. Гэвч жилд найм орчим сая толгой мал буюу 140-150 мянган тонн мах хэрэглэдэг.
Үүнийхээ найман хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа судалгаа бий. Мал төллөлтийн олон жилийн дунджаас үзэхэд жилд 18-20 саяар үржиж буй юм. Тоо толгой нь ингэж өсч буй тул ихэнх нутагт бэлчээрийн даац хэтэрчээ. Ялангуяа, төвийн бүсийн нутгуудад бэлчээрийн даац хамгийн их хэтэрсэн аж. Энэ нь малчид зах зээлдээ ойртож томоохон хот суурин бараадах болсонтой холбоотой. Тиймээс юун түрүүнд бид мах экспортлох ажлыг эрчимжүүлж эдийн засгийн эерэг үр дүнг авчрахаар төлөвлөж байгаа хэмээн Хүнс хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүд хэлдэг.
Тэгвэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл жилд 10 сая толгой малыг хүнсэндээ хэрэглэх, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой хэмээн үзэж буй юм. Гэвч өнөөдөр ийм хэмжээний мах бэлтгэх, экспортлох хүчин чадал манайд байхгүй. Мах экспортлох эрх авсан, мах бэлтгэх олон улсын стандарт нийцэж чадаагүй бүх үйлдвэрийг оруулан тооцвол 5.6 сая малын мах бэлтгэх хүчин чадалтай аж. Хэрэв жилд 10 сая толгой малын мах бэлтгэн экспортолбол нэг тэрбум ам.долларын орлого олох тооцоо бий. Ийм хэмжээний валют жилд манай улсад орж ирвэл эдийн засгийн цусны эргэлт болох мөнгөний нийлүүлэлтийг сэлбэх, үйлдвэрлэл бүтээн байгуулалтыг дэмжих, иргэдийн аж амьдарлыг тэтгэж орлогыг нь нэмэгдүүлэх нь тодорхой.
Гэхдээ мах экспортолно гэдэг нь тийм ч амар бүтэх ажил биш. Дэлхийн мал амьтаны эрүүл мэндийн байгууллагын /ДМАЭМБ/ тавьсан босгыг давж хүлээн зөвшөөрүүлэх том даваа бий. Тус байгууллага олон улсад худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнд чанар стандарт тогтооно. Дээр нь мах импортолж буй тухайн улсын хорио цээрийн хяналт, дэглэм гэж байдаг. Манай улсын малд шүлхий өвчин гарсан, эрүүл бус хэмээн үзэж мах, махан бүтээгдэхүүн авахаас татгалзах улс орон, хориглох шийдвэр улс орнууд гаргаж байсан билээ. Сүүлийн таван жилд манай улсын хүсэлтээр ДМАЭМБ-ын экспертүүд ажиллаж баруун долоон аймгаас мах, махан бүтээгдэхүүн экспортолж болох дүгнэлт гараад буй. Учир нь эдгээр аймагт малын гоц халдварт өвчин гарч байгаагүй.
ДМАЭМБ-ын Ази Номхон далайн бүс нутгийн 29 дүгээр чуулган эдүгээ Улаанбаатарт болж байна. Уг чуулганаар Ази, Номхон далайн орнуудын 2016-2020 он хүртэлх стратеги төлөвлөгөө, бүс нутгийн орнуудын малын эрүүл мэнд, шинэ гарч буй өвчлөлийн талаар ярилцана. Мөн нүүдлийн мал аж ахуй ба малын эрүүл мэнд сэдвээр хэлэлцэх юм. Иймд энэ чуулган манай мах, махан бүтээгдэхүүн экспортлоход том түлхэц болно хэмээн найдаж буй билээ. ДМАЭМБ-ын ерөнхий захирал, доктор Бернард Валлат “Зүүн Азийн бүс нутаг мал, амьтан, хүн амаар дэлхийд тэргүүлдэг. Энэ удаагийн чуулганаас гарах зөвлөмжийг ирэх оны тавдугаар сард Парист болох хурлаар хэлэлцүүлнэ. Хүний өвчлөлийн 60 хувь нь мал, амьтнаас гаралтай. Иймд мал, амьтны гаралтай бүтээгдэхүүнд онцгой анхаарах учиртай юм. Монгол Улсын малын тоо толгой олон. Нэг хүнд 10 толгой мал ногдож буй. Нүүдлийн мал аж ахуй их зориг тэвчээр, эрсдэл шаардсан ажил. Дэлхийд Монголоос гадна Африкт бэлчээрийн мал аж ахуй бий. Гэхдээ газар зүйн байршил, онцлог өөр боловч тулгарч буй бэрхшээл ойролцоо юм. Манай байгууллага нүүдлийн энэ өвөрмөц соёл иргэншлийг дэмжинэ. Энэ талаар санал солилцсон. ДМАЭМБ Монгол Улстай хамтран ажиллаж шүлхий өвчнийг устгах, хяналтад байлгах талаар хамтран ажиллаж ирсэн. Тухайлбал, вакцин нийлүүлсэн. Мөн мал эмнэлгийн бааз суурийг бэхжүүлэх талаар хамтран ажиллаж байгаа. Монгол Улсын хүсэлтийн дагуу мал эмнэлгийн байгууллагуудад хөндлөнгийн үнэлгээ хийж сайжруулах талаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ хэмээн үзэж байна” гэж мэдэгдэв.
Монгол Улс мах экспортоллоо гэхэд биднээс шалтгаалах олон зүйл бий. Тухайлбал, ОХУ-д 20 гаруй мянган тонн мах экспортлох боломж гэрээ хэлцэл байгаа. Гэтэл эрх авсан компаниуд бага хэмжээний мах экспортолсон байна. Учир нь нэгээсээ өрсөж үнэ унагасан нь махны экспортыг ашиггүй болгожээ. Бараг дотоодын зах зээлийн үнээс хямдаар экспортлохоор болчихож. Нөгөө талаар оросууд малын өвчин гарсан хэмээн хориг тавьсан нь нөлөөлсөн аж. Тэгэхээр махны экспортын бүтэлгүйтэл “Гээндээ ч бий, Гоондоо ч бий” гэдэг л болж.
Тэгвэл Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа ДМАЭМБ-ын 29 дүгээр чуулганы үеэр “Нөхцөл бүрдсэн тохиолдолд тайван бүсээс авна. Энэ онд мах махан бүтээгдэхүүн авах эрсдэлийн үнэлгээний судалгаа хийжээ. Одоо шинжээчид ирж малын гоц халдварт өвчингүй бүс нутагт ажиллана. Тэгэхдээ мал нядлах, мах боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал уг бүс нутагт ямар байгааг үнэлж судлах юм. ОХУ ямар нэг байдлаар хэмжээ тавилгүй мах, махан бүтээгдэхүүн авах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Гэвч хорио цээрийн асуудлаа тохиролцох ёстой. Үүнээс гадна мах экспортлоход төрийн хяналт шалгалтын тогтолцоогоо өөрчлөх шаардлага тавьжээ. Тухайлбал, ОХУ- Малын ерөнхий эмч нь хорио цээрийн ерөнхий байцаагч гэнэ. Ингээд бэлчээрээс нь эхлээд тухайн малыг нядалж экспортлох хүртэл эрүүл гэдэгт хяналт тавьж баталгаажуулдаг. Гэтэл манай улсад Мал эмнэлэг үржлийн газар, малын эмч нар экспортод гарах махны хорио цээрийн хяналтыг бүрэн хариуцаж чаддаггүй. Мах экспортлох эрхийг МХЕГ-аас өгдөг.
Үүнийг өөрчлөх шаардлага ОХУ-аас тавьж байгаа. Ойрын үед энэ тогтолцоог өөрчлөх асуудлыг Засгийн газарт өргөн барина. БНХАУ манайхыг нэг цонхны үйлчилгээгээр мах экспортлох санал тавьсан. Тэгэхгүй бол маш олон компани мах экспортлох гэж ирдэг. Монгол мах чанартай гэдгийг мэднэ. Гэтэл эмх замбараагүй олон компани өрсөлдөж нэр хүнд нь унах бий гэсэн.
Тэгээд нэг цонхны бодлогоор гэрээ хэлцэл хийх, малаа эрүүл байлгах шаардлага тавьсан. Иймд “Монгол мах” корпорац байгууллаа. Энэ корпорац мах экспортлох эрх авсан үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг нэгтгэн борлуулна. Ингээд монгол малын махыг өндөр үнээр борлуулах, чанартай гэдгийг батлах, дотоодын хэрэгцээний махны нөөц бүрдүүлнэ” гэж мэдээллээ.
Р.Бурмаа: Нөөцийн мах бэлтгэлд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн
Хүнс хөдөө аж ахуйн сайд мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсаныг хүргэе.
-Энэ онд хэдий хэмжээний мах экспортлох квот тогтоосон бэ?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл жил бүр мах экспортлох квот тогтоодог. Өнгөрсөн онд 64 мянган тонн мах экспортлох хэмжээ тогтоож өгсөн. Гэвч 1800 тонныг л экспортолсон. Гэхдээ ОХУ-д нэг ч тонн мах экспортолж чадаагүй. Тус улс манай нутаг дэвсгэрийг бүхэлд нь шүлхий өвчний голомттой гэж үзсэн юм. Хэдийгээр зөвшөөрөл боломж нь байсан ч нөгөө талдаа шүлхий өвчин гарснаас улбаалж хорио цээр тогтоосон. Мөн мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд олон улсын стандартад тэнцээгүй. Мах экспортлох зөвшөөрөл авсан хоёр л компани байлаа. Энэ онд мах экспортлох стандартад нийцэж зөвшөөрөл авсан олон компанитай болсон. Хоёр хөрштэйгээ хэд хэдэн удаа гэрээ хэлцэл хийлээ. Тухайлбал, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай нэгдүгээр сард уулзсан. Тэгээд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрт хяналт тавих байнгын төлөөлөгч Элчин сайдын яамандаа ажиллуулах хүсэлт тавьсан. Одоо тус улсын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгч ажиллаж байгаа.
-Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадал, санхүүгийн боломж ямар байна вэ?
-Манай аж ахуйн нэгжүүд “Чингис бонд” болон бусад хөнгөлөлттэй зээлээр үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүллээ. Мөн нэмж хөрөнгө оруулалт хийх хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байна. Аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай. Үүнд зарцуулах хөнгөлттэй зээл олгох талаар шийдвэрлэж байгаа. Хөгжлийн банкнаас зээл өгөх шийдвэр гарсан. Гэвч аж ахуйн нэгжүүдэд барьцаа хөрөнгө дутсан асуудал үүссэн. Засгийн газрын баталгаа өгөх гэхээр өрийн таазанд тулчихаад байгаа. Өөр арга зам эрэлхийлж байна. Тэдэнд мах экспортлох хэмжээ хангалттай бий.
-Малчид өртөг зардал өндөр тул малаа вакцинжуулахад хойрго ханддаг гэдэг. Малын эрүүл мэндийн талаар ямар бодлого баримталж байна вэ?
-Ихэнх вакциныг улсаас өгдөг. Мөн вакцин тарьсан хөлсийг малын эмч нарт өгч байна. Хамгийн гол нь малчид өөрсдөө чармайх, малын эмч нар идвэх санаачилгатай ажиллах нөхцөл бүрдэхгүй байгаа. Мах экспортлоод өндөр үнээр зарагдаад эхлэхэд мал эмнэлэг сэргэнэ. Малчид малаа эрүүл гэдгийг нотлож байж илүү үнэд хүргэх юм. Нөгөө талаар манай яамнаас эрх, үүргийг тодорхойлсон Малын эрүүл мэндийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Бүх зүйлийг төр нуруундаа үүрч яваад байж болохгүй. Аль аль талдаа хариуцлагатай байх нь чухал. Мэдээж гоц халдварт өвчин гарвал төр үүргээ гүйцэтгэж ажиллана.
-Энэ өвөл зуд болох дохио өгч байна гэж байгаа. Тэгвэл дотоодын хэрэгцээнд мах бэлтгэх үү?
-Дотоодын хэрэгцээнд мах нөөцлөнө. Засгийн газар дотоодын хэрэгцээнд зориулж мах нөөцлөхөд 80 тэрбум төгрөг төсөвлөсөн. Махны холбоотой гэрээ хэлцэл хийж зоорь, агуулахаа шийдэж байна. Энэ онд стандартад нийцсэн агуулахын тоо нэмэгдэж. Өвөлжилт хүндэрч магадгүй тул манай яам малын тэжээл, өвс урдынхаас илүү их базаах бодлого баримталж байна. Мөн хүнсний гол бүтээгдэхүүн гурил, будааны нөөц хангалттай базааж үнийг нь тогтвортой байлгах зорилт тавьж байгаа юм. Одоо өвс, тэжээл хадлан бэлтгэх ажил хэвийн байна.
П.Болортуяа: ОХУ, БНХАУ манай баруун долоон аймгаас мах авах сонирхолтой
Мал эмнэлэг үржлийн газрын орлогч захирал, Дэлхийн мал, амьтаны эрүүл мэндийн байгууллага /ДМАЭМБ/-ын Монгол дахь төлөөлөгч.
-Манай улсын малыг өвчтэй гэж мах, махан бүтээгдэхүүн авахаас татгалздаг.
-Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлага зайлшгүй тулгарч байгаа юм. ДМАЭМБ олон улсын зах зээл дээр мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдаалах гол стандарт тогтоодог. Бид энэ байгууллагаар тодорхой асуудлуудыг хүлээн зөвшөөрүүлж чадвал дэлхийн зах зээл нээлттэй болно. Өөрөөр хэлбэл тус байгууллагын 108 гишүүн орон бүгд хүлээн зөвшөөрсөн учраас аль улсад мах, махан бүтээгдэхүүн малын гаралтай түүхий эд экспортлох юм. Малын шүлхий өвчингүй бүс нутаг болоход ДМАЭМБ-аас хэд хэдэн зарчим тогтоодог. Тухайлбал, улсын хэмжээнд эсвэл бүсчилсэн байдлаар шүлхий өвчингүй болох шаардлагатай. Манай улс малын өвчлөл, эрүүл байдлыг 2010 оноос Баруун, Төв, Зүүн бүст хуваасан стартеги хэрэгжүүлж байна.
-Хоёр хөршид мах экспортолно гэж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-ОХУ, БНХАУ-ын малын ерөнхий эмч нартай тусгайлсан уулзалт хийж байна. Тэгээд мал эмнэлгийн хорио цээрийн талаар харилцан тохиролцох юм. Энэ чуулганаар ч бас олон асуудалд тохиролцоонд хүрнэ. ОХУ, БНХАУ манай баруун долоон аймгаас мах, махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаа. Иймд баруун бүс нутгийн малыг эрүүл, хяналтад байлгах нь чухал. Нөгөө талаар бид зах зээлээ тэлэх талаар тодорхой арга хэмжээ авна. Дэлхийн хүн ам, хэрэглэгчдийн хандлага эко бүтээгдэхүүнд чиглэх болсон. Иймд монгол мал бол цэвэр бэлчээрийнх. Ямар нэг хүчиллэг тэжээл, химийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Тэгэхээр бид эко бүтээгдэхүүн сонирхож буй гуравдагч зах зээлийг хайж байгаа.
-Энэ удаагийн хуралд оролцож буй улс орнууд манай мах, махан бүтээгдэхүүнийг хэр сонирхож байна вэ?
-Бид Ази Номхон далайн бүс нутгийн зөвлөлгөөн хийж буй тул одоогоор мах, махан бүтээгдэхүүн экспортлох хэлэлцээр хийгээгүй. Гэвч энэ хуралд оролцож буй улсуудаас Ветьнам, Ирантай хонь, ямааны мах экспортлох хэлэлцээртэй. Хамгийн гол нь малын өвчлөл хяналтад байдаг гэдгээ нотлох хэрэгтэй байгаа.
-Малаа эрүүл байлгах, вакцинжуулах талаар малчид, төр засгаас ямар арга хэмжээ авч байна вэ?
-Төр хувийн хэвшлийн түншлэл их чухал байгаа. Бид мал аж ахуйн бүтээгдэхүүн зах зээлд гаргаад эдийн засагт хувь нэмэр оруулна гэдэг нь зөвхөн Засгийн газрын асуудал биш. Малчид үүнд өөрсдийн санаачилгаар оролцох ёстой. Мөн мах боловсруулах үйлдвэрүүдийн оролцоо чухал.