Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Авто машин худалдаалах нэгдсэн цогцолбор удахгүй ашиглалтад орно

Л.БАТБААТАР

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор нийслэл хотын доторх машины болон сэлбэг хэрэгслийн ил задгай худалдааг хориглох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 18 дугаар тогтоолоор авто машин худалдаалах нэг цэгийн үйлчилгээ бүхий “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэсэн.

Сонгинохайрхан дүүргийн  32 дугаар хороо буюу 22-ын Товчооноос чанх урьд зүгт 130 га эдэлбэр газар бүхий цогцолборын эхний ээлжийн 30 га талбайд бүтээн байгуулалтын ажил дуусч, удахгүй ашиглалтад орох гэж байна. Нэг цэгийн үйлчилгээний  газрууд байр­лах нэг давхар тоосгон бай­шин­­гуудын барилгын явц дуусах шатандаа орсон гэж гүйцэтгэгч компанийнхан хэлж байв. Машины зогсоолын талбайн цутгалтын ажил бүрэн дуусчээ. Зогсоол бүхэн дугаартай
Авто машины зогсоолыг нийт дөрвөн бүсэд хуваажээ. Бүсийн зогсоолын тоо харилцан адилгүй бөгөөд авто машиныг үйлдвэрлэсэн орноор нь төрөлжүүлэн худалдах гэнэ.

Нэгдүгээр бүс нь 941 авто машины зогсоолтой, Япон, Америк, Араб улсаас орж ирсэн автомашин худалдана. Хоёрдугаар бүс 1447 авто машины зогсоолтой. Энд зөвхөн Япон улсаас орж ирсэн авто машин худалдаална. Хуучин авто машиныг зөвхөн 2256 зогсоол бүхий гуравдугаар бүсэд худалдах юм байна. Эцэст нь 1731 авто машины зогсоол бүхий дөрөвдүгээр бүсэд Солонгос улсад үйлдвэрлэсэн  авто машин худалдахаар тогтжээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар 18 ам метр талбай бүхий зогсоолын үнийг дөрвөн сая төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн.  Зогсоол бүр дээр эзэмшлийн гэрчилгээ гарах тул худалдан авсан хүний найдвартай үл хөдлөх хөрөнгө болох аж.

“Авто худалдааны цогцол­бор”-ын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан газар дээр нь очиж танилцав. Цогцолборын бүтээн бай­гуулалтын ажилтай танилцаад нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Авто худалдааны салбарт ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийгдэж байсангүй. Одоогийн байд­лаар 6370 авто машины зог­соол бэлэн болсон. Цог­цол­бороос  1.7 км урт, 21 метр өр­гөнтэй зам тавьж, төв зам­тай холболоо. Дөрвөн объект дуудлага худалдаагаар зарагд­сан.

Энэ худалдааны цоцолборт банк санхүүгийн байгууллага, хоолны газар, оношилгооны төв зэрэг үйлчилгээний газ­рууд үйл ажиллагаа явуул­на. Удахгүй ажлын хэсэг хуралдаж, ажиллах журам, нээлтийн хугацааг товлоно. Өнөөдрийн байдлаар 3000 гаруй зогсоол борлогдсон. Үлдсэн 3300 гаруй авто машины зогсоолыг борлуулах ажлыг шуурхай хийж байна. Мөн нийтийн тээврийн асуудлыг хөндөж тавьсан. Хотын аль чиглэлээс хэчнээн автобус үйлчилгээнд явах, автобусны буудлуудыг хаана байрлуулбал оновчтой эсэхийг шийднэ. Цогцолборт авто зам болон явган хүний зам нэмж тавих шаардлагатай байна. Эхний ээлжинд ил задгай авто машин худалдаалж буй иргэдтэй уулзаж гэрээ хийнэ.  Асуудлыг хүчээр биш, зах зээлийн зарчмаар шийдэхийг зорьж байна. Ирээдүйд энэ газрын үнэ цэнэ өснө. Учир нь маш том талбайтай. Орж гарахад чөлөөтэй. Мөн сэлбэг, дагалдах хэрэгсэл худалдаална” гэлээ.

Нийслэлийн “Авто худал­дааны цогцолбор”-ын дарга Д.Байдраг “Да хүрээ” захыг тойрсон 39 ил задгай талбайд авто машин борлуулах цэг байдаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт  нийт 200 цэгт авто машиныг ил зогсоол байгуулан борлуулдаг гэсэн судалгаа бий. Мөн сэлбэгийг үүнээс ч  олон цэгт худалдаалдаг. Чанаргүй машин, хуучин, хулгайн сэлбэг хэрэгслээс болж зам тээврийн осолд иргэд их өртөж байна. Манай худалдааны төв ашиглалтад орсноор, зам тээврийн ослын тоог багасгах, түгжрэл бууруулахад дорвитой нөлөө үзүүлнэ. Манай цолцол­бороос хэрэглэгч авто машин худалдаж авснаар оношил­гоонд оруулах, бүртгэл хийлгэх,  дугаар авах, даатгал төлөх, лизингэд хамрагдах зэрэг үйлчилгээг нэг дороос авна. Өөрийн гэсэн зогсоолгүй, зориулалтын бус талбайд авто машин борлуулж буй иргэд энд зогсоол худалдаж авснаар хувийн  өмчлөлийн талбайтай болно. Дундын өмчлөлийн талбайн өртгийг зогсоолын үнэнд шингээвэл 12 сая төгрөг болох тооцоо гарсан боловч, нийслэлийн зүгээс эрс хямдруулан иргэдэд дөрвөн сая төгрөгөөр худалдаж байна. Засгийн газрын дэмж­лэг­тэйгээр баригдсан “Буянт-Ухаа 2” хорооллын далд зог­соол 25 сая төгрөгийн үнэтэй байдаг. “Рапид” хорооллын далд зогсоолын үнэ болох 40 сая төгрөгтэй харьцуулахад маш хямд  юм. Төв замтай холбогдсон, нийтийн тээврийн маршрут удахгүй гарна” гэв.

“Өндөр хүчдэл, шилэн кабель татсан. Ингэснээр банк, даатгалын болон бүртгэлийн газрын дотоод, гадаад сүлжээ ажиллах боломжтой болно. Цахилгаан, цэвэр бо­хир усанд холбогдсон 24 орчим хоолны  газар ажиллана. Энэ ондоо багтаан дулаан грааш, угаалгын газар, засварын үйлчилгээ явуулах үйлчилгээний төв баригдана. “ХААН”, “Голомт” банк үйлчилгээ үзүүлэхээр саналаа өгсөн. Мөн Авто тээврийн үндэсний төв нь бүртгэл хийх, дугаар  олгоно. Талбай бүрт явуулын оношилгооны төхөөрөмжийг Авто тээврийн газар байрлуулна. Одоогийн байдлаар бүх цайны газар, ний­тийн 00-ыг иргэд худал­дан авч, дотоод засал чимэг­лэлийн ажлаа хийж байна” гэж цогцолборын дарга танил­цуулав.

 Хэсэг хугацааны дараа нийслэлийн  авто машины болон сэлбэг хэрэгслийн ху­дал­даа тус цогцолборт төв­лөрөх нь ойлгомжтой. Иргэ­дийн хувьд “Буух эзэнтэй, буцах хаягтай” баталгаатай газраас авто машин худалдах нөхцөл бүрдлээ. “Сайны хажуугаар саар” гэгчээр гол гүйцэтгэгчээр ажилласан компаниудад нийслэлийн төсвөөс үлдэгдэл мөнгийг нь шилжүүлээгүй  байна.

“Авто худалдааны цогцол­бор”-ын бүтээн байгуулалтад гол гүйцэтгэгчээр дөрвөн аж ахуйн нэгж ажилласны нэг нь Барилга, худалдаа үйлчилгээний “Тэгш плант” компани юм. Тус компанийн Захирал О.Батбилэг “Манай компани 4.7 тэрбум төгрөгийн өртгөөр нэгдүгээр бүсийн 941 авто машины зогсоолыг хийж гүйцэтгэсэн. Өнгөрсөн жилийн есдүгээр сарын 1-нд нийслэлтэй гэрээ байгуулж, арваннэгдүгээр сарын 4-нд хучилтын ажлаа дуусгасан. Энэ жил дутуу ажлаа хийж гүйцэтгэлээ. Харин санхүүжилтээ авч чадахгүй байна. Гэрээгээр эхний 50 хувийн гүйцэтгэлийг өөрийн хөрөнгөөр хийнэ. Гүйцэтгэл дууссаны дараа эхний 50 хувийн санхүүжилт авч, үлдэгдэл 50 хувийн гүйцэтгэлийг хийнэ. Сүүлийн 50 хувийн ажлыг  хийж гүйцэт­гэснээр, үлдсэн мөнгө буюу тал хөрөнгө оруу­лал­таа  авах гэрээтэй бай­сан.  Одоо гүйцэтгэлийн ажил 100 хувь дууссан. Гүй­цэт­­гэлийн үлдэгдэл гур­ван тэр­бум төгрөгийн санхүү­жил хийг­дээгүйн улмаас, ажилч­дынхаа сүүлийн гур­ван сарын сарын цалинг тавьж чадсангүй” гэв. Харин за­хиалагч тал цог­цол­борын борлогдоогүй зогсоол, бусад объектийг худалдан үлдэгдэл мөнгийг нь гаргаж өгөх санал тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан