Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ хурлаар “Даатгалын компанийн активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах журам”-г хэлэлцэн баталсан байна. Учир нь Даатгалын тухай хууль, тус хорооноос баталсан “Ердийн даатгагчийн төлбөрийн чадварыг тооцох журам”, “Ердийн даатгалын компанийн даатгалын нөөц сангаас хөрөнгө оруулалт хийхэд тавигдах шаардлага” гэж бий. Иймд даатгалын компаниуд өөрийн хөрөнгө болон нөөц санг зээл, авлага, үндсэн хөрөнгө, үнэт цаас, хувьцаа, хадгаламж хэлбэрээр байршуулах боломжтой болсон юм. Гэвч дээрх хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт, активуудын чанарыг тодорхойлох, үнэлэх эрхзүйн акт байхгүй байсан билээ.
Ингээд дээрх журам батлагдсанаар даатгалын компаниудын хөрөнгө оруулалтыг үнэлж шаардлагатай тохиодлолд эрсдэлийн сан байгуулах боломжтой болсон байна. Мөн тус хуралдаанаар “Даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн заавар”-ыг шинэчлэн баталжээ. Ингэснээр даатгалын компаниуд Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Санхүүгийн тайлагналын олон улсын стандартад нягтлан бодох бүртгэлээ нийцүүлэн хөтлөх, санхүүгийн тайланг бэлтгэн гаргах болов. Тэгэхдээ үүнийг ирэх оны эхнээс мөрдөх ажээ.