Т.ЖАНЦАН
Манай улсын гадаад худалдааны нөхцөл муудсаныг эдийн засагчид хэлж буй. Учир нь экспортын гол бүтээгдэхүүн ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр унасан. Мөн импортын хэмжээ буурч улсын төсөвт төвлөрөх орлого тасалдаж буй билээ. Төсвийн орлого тасалдах, төсвийн бодлогоо шинэчлэхгүй байгаа нь эдийн засгийн өнөөгийн хүндрэлийн нэг шалтгаан гэх болсон.
Монгол Улс энэ оны эхний найман сард дэлхийн 140 оронтой худалдаа хийв. Ингээд гадаад худалдааны эргэлт 5.79 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 19.2 хувиар буюу 1.37 тэрбум гаруй ам.доллараар буурсан үзүүлэлт. Гадаад худалдааны мөнгөн дүн ингэж буурахад экспорт 324 сая буюу 9.1 хувь, импорт нэг тэрбум гаруй ам.доллараар буюу 28.8 хувиар тус тус багассан явдал нөлөөлсөн аж.
Нийт гадаад худалдааны дийлэнхийг хоёр хөрштэйгээ хийдэг. Тухайлбал, Хятадтай 3.67 тэрбум ам.долларын арилжаа хийсэн нь гадаад худалдааны 63.4 хувийг эзэлж буй юм. Харин Оростой хийсэн худалдаа 12.7 хувийг эзэлж буй бөгөөд 733 сая ам.доллар байна. Эндээс үзвэл хоёр хөрштэй хийж буй худалдаа огцом буурсан дүр зураг бий.
Өнгөрсөн оны эхний найман сард манай улсын гадаад худалдааны тэнцэл тэг байв. Өөрөөр хэлбэл экспорт, импорт тэнцэж алдагдалгүй, бас ашиггүй гарсан гэсэн үг. Тэгвэл он гарснаас хойш манай улсын гадаад худалдааны тэнцэл 704 сая ам.долларын ашигтай гарлаа. Гадаад худалдааны тэнцэл ийнхүү ашигтай гарсан гол шалтгаан нь импортын бууралт. Өнөөдөр экспорт 9.1 хувиар багассан ч импорт 29.2 хувиар буурсан байгаа юм. Тухайлбал, зөвхөн наймдугаар сард манай улс 438 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолж 338 сая ам.долларын бараа импортоор авчээ. Ингээд гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сард 100 сая ам.долларын ашигтай гарав. Энэ нь долдугаар сарынхаас 28 сая ам.доллараар өссөн үзүүлэлт аж.
Үүнээс гадна импортын бууралт валютын ханш тогтворжиход нөлөөлсөн. Учир нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамгийн их нөлөөлдөг суурь үзүүлэлт бол гадаад валютаар төлбөр тооцоог нь гүйцэтгэсэн худалдааны тэнцэл юм. Сүүлийн хоёр жилд энэ тэнцэл алдагдалтай гарч ирсэн. Гэвч өнгөрсөн оны сүүлчээс эхлэн ашигтай гарах болов. Жишээ нь энэ оны эхний найман сарын байдлаар 905 сая ам.долларын ашигтай гарлаа.
Импортын бууралтыг задалвал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийх өмнөх оноос 546 сая ам.доллараар бага байна. Үүнд машин, механизм, тоног төхөөрөмж, түүний эд ангийн импорт буурсан нь нөлөөлжээ. Түүнчлэн барилгын материалын импорт 197 сая ам.доллараар буурсан аж. Мөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт өнгөрсөн жилийнхээс 193 сая ам.доллараар бага үзүүлэлт гарсан. Ялангуяа хүнс, сахар, какао, шоколад болон ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт нэлээд багассан байгаа юм. Бид газрын тос экспортолж байгаа ч түүнээс гарах бүтээгдэхүүнийг импортолж хэрэгцээгээ хангадаг. Энэ оны эхний найман сарын байдлаар шатах, тослох материалын импорт 270 сая ам.доллараар буурчээ. Гэхдээ энэ бууралт нь тоо хэмжээнийх биш. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсны үр дүн. Тухайлбал, нэг тонн газрын тосны бүтээгдэхүүний дундаж үнэ 627 ам.доллар болсон байна.
Манай улсын экспортын гол бүтээгдэхүүн ашигт малтмал. Гэтэл экспортод эзлэх хувь буурч 86 хувьд хүрэв. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр унасан явдал нөлөөлсөн байна. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ унаж экспортын хэмжээ, мөнгөн дүн буурсан билээ. Оны эхний найман сарын байдлаар ашигт малтмалын экспорт 391 сая ам.доллараар буурсан байна. Мөн нэхмэл бүтээгдэхүүний экспорт 28.5 сая ам.доллараар буурсан үзүүлэлт гарлаа. Харин үнэт чулуу, алтны экспорт 49.7 сая ам.доллараар нэмэгджээ. Бас төмөрлөг бүтээгдэхүүний экспорт 35 сая ам.доллараар өссөн аж. Эдийн засагчид, судлаачдын таамаглаж буйгаар цаашид ашигт малтмалын үнэ өсөхгүй нь. Тэгэхээр экспортын бууралт үргэлжлэх нь. Ялангуяа коксжих нүүрс, төмрийн хүдэр, түүхий газрын тосны экспорт дэлхийн зах зээлийн эрэлт, үнийн уналтаас үүдэн үргэлжлэн буурах төлөв байгаа юм.
Харин зэсийн баяжмалын экспорт өссөн дүн гарсан. Өнгөрсөн жилийн эхний найман сард 844 мянган тонн зэсийн баяжмал экспортолж байж. Тэгвэл одоогоор 930 мянган тонн болоод буй юм. Уг ашигт малтмалын экспорт өсхөд Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал, Оюу толгойн борлуулалт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Иймд манай улс жилд нэг сая гаруй тонн зэсийн баяжмал экспортлох боломжтой. Гэвч Лондонгийн металлын бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ 1.4 хувиар унаж 5147 ам.доллар болжээ. Мөн алтны экспорт таван тонноос долоо болж өслөө. Харин коксжих нүүрсний экспорт 12.2 саяас 9.6 сая тонн болж буурав. Гол худалдан авагч Хятадын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 41-45 ам.долларын үнэтэй байна. Мөн төмрийн хүдрийнх 3.7 саяаас, гурван сая тонн болж багассан аж. Гэтэл нэг тонн төмрийн хүдрийн үнэ 56 ам.доллар байгаа юм. Тэгэхээр манай улсын төсвийн гол орлого бүрдүүлэгч уул уурхайн салбарт аадрын үүл хуралдсан хэвээр тэнгэр цэлмэх болоогүй бололтой.