Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө зөрчил гаргаж, эрхээ хасуулсан жолооч нар эрхээ сэргээлгэх боломжтой болсон.
Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх гэсэн иргэд ЦЕГ-ын харьяа Лицензийн төвд ачаалал үүсгээд байгаа билээ.
Одоогоор тус төв 40 хүнтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ өглөө 08.00 цагаас орой 19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж 19.00 цагаас хойш өдөр нь хандсан иргэдийнхээ материалуудтай танилцаж, эрх сэргээх ажиллагааг явуулж байгаа юм байна.
Эрх сэргээх ажиллагаанд тодорхой цаг хугацаа заагаагүй учраас иргэд та бүхэн ажлаа алдаж өдөржин оочерлох хэрэггүй юм байна. Мөн хөдөө орон нутгийн харьяалалтай бол орон нутгийн цагдаагийн байгууллага нь эрх сэргээх асуудлыг авч шийдвэрлэж байна. 2014 оны аравдугаар сарын 01-нээс өмнө авто тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол иргэний үнэмлэхтэйгээ ирээд эрхээ сэргээлгээд үнэмлэхээ авч болно.
Харин 2014 оны аравдугаар сарын 1-нээс хойш эрхээ хасуулсан бол иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний 12500 төгрөг банкинд тушаасан баримттайгаа ирээд эрхээ сэргээлгээд, үнэмлэхээ захиалж авах юм байна.