Л.БАТБААТАР
Монгол Улс хоёр хөрш орондоо малын мах экспортолж эхэлсэн хугацаа нь урт боловч, эдийн засгийн ашиг авчрах түвшинд өнөөдөр ч хүрээгүй байна. Хоёр хөршийн Төрийн тэргүүн нар өнгөрсөн жил манай улсад зэрэг шахам айлчилсан. Энэ айлчлалын үер ярилцаж тохирсон гол асуудлын нэг нь Монгол Улс хоёр хөршдөө мах нийлүүлэх хэлэлцээр юм. Төрийн тэргүүн нарын хэмжээнд тохирсон асуудлыг ажил болгон хэрэгжүүлэхэд хоёр улсын холбогдох албаныхан шуурхай ажиллаж чадахгүй байна гэж манай тал үздэг.
Уг нь Монгол Улс ОХУ руу мах экспортлож ирсэн уламжлалтай. Социализмын үед малыг амьдаар нь буюу хөлөөр нь гаргадаг байсан бол, одоо үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн дээд зэргийн шаардлага хангасан мах нийлүүлэх болзол нөгөө талаас тавих болжээ. Энэ дагуу хүнсний чиглэлээр ажилладаг компаниуд мах боловсруулах технологид өнгөрсөн хугацаанд багагүй хөрөнгө оруулалт хийн үйлдвэрээ шинэчилж, олон улсын чанарын шаардлага хангаад буй. Мах экспортлоход саад болдог өөр нэг асуудал бол малын гоц халдварт өвчин. Ялангуяа манай оронд шүлхий, бруцеллёз зэрэг малын гоц халдварт өвчин үе үе гардаг нь хөрш орнуудыг болгоомжлоход хүргэдэг. Махны экспортод ахиц гараагүй нь дээрх хоёр шалтгаанаас улбаатай.
Хил дамжин халдварлах болон дахин сэргэж байгаа мал амьтны халдварт өвчнийг хянах чиглэлээр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сэдэвт тав дахь удаагийн уулзалт есдүгээр сарын 11-12-нд манай оронд боллоо. Уулзалтад гурван улсын Малын ерөнхий эмч нар оролцож, шүлхий бог малын мялзан, шувууны томуу, гахайн өвчний талаар мэдээлэл солилцож, мал амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаанд тавигдаж буй хориг саадыг арилгах, хил дамжин халдварлах өвчнийг хяналтад авах талаар харилцан санал солилцов.
Уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож махны экспортыг нэмэгдүүлэхэд, яамнаас барьж буй бодлогын талаар “Өвөлдөө цаг агаар хүндэрч болзошгүй. Иймд малаа мах, махан бүтээгдэхүүн болгож, экспортлох асуудал тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас, махны экспортын хэмжээ буурсан. Ноднин жил ОХУ-д нэг ч компани мах экспортлоогүй. Энэ жил ОХУ-д мах нийлүүлэх аттестатчлалд зургаан компани тэнцсэн. БНХАУ-д дулааны аргаар мах нийлүүлэхээр дөрөв, түүхий мах экспортлохоор дөрвөн компани эрх авлаа. Нөгөө талаар хорио цээрийн асуудлыг шийдвэрлүүлэх хэрэгтэй байна. Нэг аймагт шүлхий гарахад Монгол Улсаас мах авахгүй гэдэг байр суурийг БНХАУ баримталдаг. Бидний зүгээс энэ асуудлаар хэд хэдэн уулзалт хийсэн. Миний бие өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаж, мах махан бүтээгдэхүүн их хэмжээгээр нийлүүлье, шүлхий өвчин гараагүй аймгийг эрүүл бүс гэж тодорхойлж, энэ бүсээс мах нийлүүлье гэсэн санал тавьсан. Энэ талаар нааштай ажлууд ч хийгдэж байна. Монгол Улсын Мал эмнэлэг, үржлийн алба, Мэргэжлийн хяналтын газар, БНХАУ-ын Чанар хорио цээрийн алба хамтран эрүүл бүсийн судалгаа хийнэ. Ингэснээр Хятадын тал тавьсан хоригоо цуцлах юм. Монгол Улс ихээхэн хэмжээний мах эспортлох боломжтой. Өнгөрсөн жилүүдийн зуднаар 10 сая мал цасанд даруулж, эдийн засгийн хувьд хохирол амссан. Энэ жил 18 сая төл хүлээн авлаа. Ингэхээр дор хаяж 8-9 сая малын мах экспортлох боломжтой. Хятадын талаас эрүүл бүсээс, зохих стандартын дагуу бэлтгэсэн, нэг цонхны үнээр мах нийлүүлбэл авна гэдгээ илэрхийлсэн. Үүний дагуу “Монгол мах” корпораци байгуулсан” гэв.
Ихэнх оронд Малын ерөнхий эмч нь тухайн орны мал эмнэлгийн хяналтын Ерөнхий байцаагчийн албыг хамт хашдаг. Мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүс нутгийн болон хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах, тухайн орныг төлөөлөн шаардлагатай шийдвэр гаргах эрх мэдэлтэй байдаг.
Уулзалтад оролцож буй ОХУ-ын Малын ерөнхий эмч, мал эмнэлгийн хяналтын улсын Ерөнхий байцаагч Е.А.Непоклонов зөвлөгөөний ач холбогдлын талаар “ОХУ нь 2009-2013 оны хооронд Монгол Улсад мал эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ингэснээр Монголын махны экспортыг дэмжих, хоёр улсын хооронд хийгдэх махны худалдааны хэмжээ нэмэгдэнэ. Энэ уулзалтыг зохион байгуулснаар, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын нутгийг хамарсан малын гоц халдварт өвчний дэгдэлтийг үнэн зөв, ил тод байдлаар тодорхойлох улмаар урьдчилан сэргийлж, мэдээлэл солилцох ажлыг боловсронгуй болгох юм. Үр дүнд нь гурван улсын махны экспорт, импорт нэмэгдэнэ. ОХУ-д мах нийлүүлэх боломж бол нээлттэй байгаа. Манай талаас мах нийлүүлэхэд квот тогтоохгүй. Үнийн асуудлаар тохиролцох хэрэгтэй. Тэгвэл чанарын шаардлага хангасан мах хэдий хэмжээгээр нийлүүлнэ, төдий хэмжээгээр импортлоно” гэлээ.
ХХАА-н сайдын ярианд малын гоц халдварт өвчин гараагүй аймгуудыг эрүүл бүсээр зарлах тухай дурдагдсан. Тэгвэл эрүүл бүсийн нэг болох Увс аймгийн Хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Александр “Манай аймаг 2006-2010 оны хооронд үхэр, адууны махыг ОХУ-ын Тувад нийлүүлдэг байсан. Өнөөдрийн байдлаар манай аймгийн хоёр компани ОХУ-д мах нийлүүлэх зөвшөөрөл авсан байгаа. Бид Азербайжан болон ОХУ-д үхэр, бог малын мах нийлүүлэх хүсэлт тавьсан. Хязгаар нутаг болох Увс аймагт шүлхий өвчин гарч байгаагүй. Гэсэн ч ОХУ-ын талаас, монгол хонинд өөр төрлийн малын өвчин илэрсэн гэж амьд мал нийлүүлэхэд хориг тавьж байсан. Хил залгаа аймаг, сум, мужуудад малын зургаан төрлийн өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, лабораторын чадавхийг сайжруулах саналыг холбогдох газруудад тавьсан. Мах экспортод гаргана гэдэг бол бэлэн мөнгөний эргэлт бий болж улмаар малчдын амьжиргаанд чухал дэм болно” гэлээ.
Тухайн улсын Малын ерөнхий эмч бол мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал, мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн экспортлох эрх бүхий үйлдвэрийг хянан магадлах, зөвшөөрөл олгох, цуцлах эрх эдэлдэг эрх бүхий албан тушаалтан юм.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах мах экспортлоход тулгамдаж буй асуудлын талаар “Малын Ерөнхий эмч нарын уулзалтаар гол хэлэлцэж буй асуудал бол хил дамжин халдварладаг өвчинтэй тэмцэх аргачлал боловсруулах. Тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй нь тодорхой болсон. Гурван улс малын өвчний талаар мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар хэлэлцэж байна.
Энэ жил ОХУ-д мах экспортлохоор 12 үйлдвэрийн материал явуулсан. Өнөөдрийн байдлаар долоон үйлдвэр аттестатчлалд тэнцсэн байгаа. Мал эмнэлэг, үржлийн газар эдгээр үйлдвэрийн баталгааг гаргасан. Шүлхий өвчин голдуу хилийн боомтод гардаг. Шүлхий нь салхи шороо, хүний хувцас, тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдөн тархдаг хил хязгааргүй өвчин юм. Азийн хөгжлийн банктай хамтран Монгол-Хятадын хилийн дагуу болон ОХУ-ын зарим бүс нутгийг хамарсан төсөл хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн. Төсөл хэрэгжсэнээр улирлын чанартай боомтуудаар дамжин өнгөрөх мал амьтан, тээврийн хэрэгслийг олон улсын мал эмнэлгээс тавигддаг хорио цээрийн шаардлагад нийцүүлнэ. Мөн хил орчмын малчдыг сургалтад хамруулан, малын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх болон малын бага эмч нарыг бэлтгэх сургалт төслийн хүрээнд хэрэгжинэ” гэв. Мөн тэрээр “Зарчмын нэг л шаардлага бий. Эрүүл өвчингүй мах идэх. Олон мянган жилийн бэлчээрийн мал аж ахуй эрхэлсэн манай орны хувьд захын малчин мал эмнэлгийн бичиггүйгээр, хотноосоо мал муулдаг. Ямар ч мал эмнэлгийн “Эрүүл” гэсэн бичиггүй малын мах идэхийг идэхийг дэлхийн бусад оронд бол огт ойлгодоггүй. Олон улсад тарилга туулгад хамрагдсан, эрүүл нь нотлогдсон малын мах л малчны хотоос, зоогийн ширээнд тавигддаг. “Махаа эрүүл гэж нотол” гэсэн шаардлагыг манайд тавьдаг. Хоёр хөршид дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн нийлүүлэх боломж бий. Энэ жилийн хувьд зун нь гантай, өвөл зуд болж магадгүй гэсэн болгоомжлолоор хоёр хөршид мах нийлүүлэх талаар маш эрчимтэй ажиллаж байна. ОХУ үхрийн мах импортлох сонирхолтой. Манай улс үхрийн мах их хэмжээгээр нийлүүлэх боломж хомс. Монгол үхэр бол махны чиглэлийнх биш. Мах нь амттай, яс ихтэй, махны гарц багатай байдаг. Үхрийн мах ОХУ-д нийлүүлнэ гэдэг ирээдүйтэй бизнес биш юм. Гол нь 50 сая толгойд хүрсэн, бог малын махыг их хэмжээгээр борлуулах шинэ зах зээлийг эрэлхийлж байна” гэлээ.
Мэргэжлийн хүмүүсийн ярьснаас үзэхэд, манай улс бодын мах экспортлох боломж хомсхон, харин богийн мах гаргах нөөцтэй нь ойлгогдсон. Олон улсын тавигддаг шаардлага болох дулааны аргаар ч мах бэлтгэх бололцоотой. Гол нь малын махаа эрүүл гэж нотлох талаар ажиллах хэрэгтэй байна. Олон улсад “Монголын мах эрүүл” гэсэн имиж бүрдүүлбэл, дэлхийн хүн ам өсөн нэмэгдэж буй энэ үед худалдаж авах орон мундахгүй.