Статистикийн өнгөрсөн сарын судалгаанаас харвал 35.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. Үүнээс ажилчдын сарын дундаж цалинг тооцвол 853 мянган төгрөг байна. Тэгэхээр сарын дундаж цалин өнгөрсөн жилийнхээс 67 мянган төгрөг буюу 8.5 хувиар өссөн аж. Хамгийн өндөр цалинг уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүс авч буй. Тус салбарт ажиллагсад дунджаар хүмүүс сард хоёр сая төгрөгийн цалинтай. Зочид буудал, нийтийн хоолны салбарт ажиллагсад 556, хөдөө аж ахуйн салбарынхан 457 мянган төгрөгийн цалин авч буй юм. Нийт ажилллагсдын 5.3 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 мянган төгрөгийн цалин авч байна. Тэгвэл 10.9 хувь нь сард 300, 17.8 хувь нь 500, 35.5 хувь нь 900 мянга, 17.3 хувь нь 1.3 сая, 4.2 хувь нь 1.5 сая төгрөгийн цалин авдаг аж. Харин 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс есөн хувийг тус тус эзэлж байгаа юм.
Өнгөрсөн сард улсын хэмжээнд ажил хайж бүртгүүлсэн 43.2 мянган хүн байж. Тэдний 23.4 мянга нь эмэгтэйчүүд. Энэ үзүүлэлт нь ажил хайгчид 2.5 мянгаар буурсныг илтгэж байна хэмээн Статистикийн үндэсний хорооноос мэдээллээ. Он гарснаас хойш аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад нийт 76.3 мянган хүн ажил хайж бүртгүүлсэн байна. Тэдний 14.6 мянга нь ажилд зуучлагдан оров. Харин 68.2 мянган хүн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 63.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж буй юм. Эдүгээ Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Орхон, Баянхонгор, Ховд, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Хэнтий, Баян-Өлгий, Завхан аймагт ажилгүйдэл хамгийн өндөр байгаа аж.