Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Картын гүйлгээний 10.1 төгрөг тутам нь луйвар байна

Т.ЖАНЦАН

Бид өнөөдөр цалингаа авах, худалдаа хийх, дотооддоо болон бусад улсууд руу хэн нэгэнд мөнгө шилжүүлэх  гээд олон төрлийн үйлчилгээнд карт ашиглах болсон. Энэ нь цаг хугацаа хэмнэх, урт дараалалд зогсохгүй, хулгайд алдахгүй, бэлэн мөнгө халаасалж явах, тоолохоос илүү хялбар гээд олон давуу талтай. Тэр ч бүү хэл банкнаас зээл авахад картаар нь ямар ямар гүйлгээ хэрхэн хийгдэж буй нь нэг шалгуур үзүүлэлт болсон. Монголын банкны холбооны судалгаагаар манай улсад төлбөрийн картын хэрэглээ жилээс жилд нэмэгдэж буй юм.  Тухайлбал, өнгөрсөн онд төлбөрийн картын гүйлгээ 8.4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь улсын төсвөөс 2.2 их наяд төгрөгөөр давсан үзүүлэлт. Мөн 3.3 сая карт ашиглагдаж байгаа нь 10 хүн тутамд 12 карт ногдох аж.

Тэгвэл мобиал банкийг 10 хүн тутмын зургаа, интернэт банкийг 10 хүн тутмын хоёр нь ашиглаж буй судалгаа гарлаа. Гэвч сайны хажуугаар саар зүйл мундахгүй. Төлбөрийн карт ашиглана гэдэг нь цахим сүлжээгээр гүйлгээ хийнэ гэсэн үг.  Энэ цахим сүлжээнд халдах, бусдын картыг ашиглаж луйвар, хулгай хийх гэмт хэрэг гарсаар байгаа.

 Монголын банкуудын холбооноос хийсэн судалгаа­гаар өнгөрсөн онд манай улсад 1300 удаагийн тохиолдлоор 852 сая төгрөгийн луйвар хийсэн хэрэг гарчээ. Хоёр жилийн өмнөх судалгаагаар манай улсад төлбөрийн картаар гүйлгээ хийж буй 100 мянган төгрөг тутмын 2.6 төгрөг нь луйвар байж. Тэгвэл өнгөрсөн жил 10.1 төгрөг болж өсчээ.

Мөн гадаадын иргэд үйлчилгээний газар, дэлгүүрийн карт уншигч машин ашиглаж мөнгө завшсан хэрэг гарах болсон байна. Тэгвэл дэлхийн хэмжээнд өнгөрсөн онд 28 их наяд ам.долларын луйвар төлбөрийн карт ашиглан хийжээ. Иймд  картаар хийж буй төлбөр тооцооны 100 ам.доллар тутмын 5.7 цент нь луйврын гүйлгээ байна гэсэн судалгаа гарав. Улс орнууд дундаас төлбөрийн картын луйвар АНУ-д хамгийн их гардаг аж.

Мэргэжилтнүүдийн тоо­цоолж буйгаар 2020 он гэхэд   дэлхийн хэмжээнд төлбөрийн картын луйвар жилд 35 их наяд ам.долларт хүрэх төлөв бий гэнэ. Тэгэхээр манай улс төдийгүй дэлхий нийтээр төлбөр тооцооны картын системийн аюулгүй байдлыг хангах асуудал чухал болоод  байна. Тэр дундаа манай улс бүх төлбөрийн картын гүйлгээг пин кодтой, банкууд эрсдэлээ тооцдог нэгдсэн стандарттай, хууль эрх зүйн нарийн зохицуулалттай болгох шаардлага буй аж. Энэ тухай “Төлбөрийн картын эрсдэлийн олон улс­ын зөвлөгөөн-2015”-аар ярилцаж байгаа юм.

Уг зөвлөгөөнд Монголын банкны холбоо, Монголбанк, арилжааны банкууд, олон улсын төлбөрийн картын томоохон брэнд “Юнион Пэй интернейшнл” байгууллагын төлөөлөгчид оролцов. Зөвлөгөөний үеэр  “Юнион Пэй интернейшнл” байгууллагаас “Монгол Улс олон улсын “Юнион Пэй” картын идэвхтэй зах зээл хэвээр байгаа. Сүүлийн жилүүдэд төлбөрийн картын гүйлгээ нэмэгдэж байна. Өнгөрсөн оноос эхлэн томоохон  үйлчилгээний газрууд, АТМ манай картыг хүлээж авдаг болсон. Одоогоор монголчууд 180 мянган картыг 40 гаруй улсад гүйлгээнд ашиглаж байна. Энэ оноос Монгол Улсын үндэсний брэнд төгрөгийн картыг “Юнион Пэй” карттай хосолсон карт нэвтрүүллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын үндэсний бренд төгрөгийн картаар олон улсад гүйлгээ хийж болно” гэж онцлов. 

Тэгэхээр төлбөрийн картын гүйлгээ нэмэгдэх тусам түүнийг дагаад луйвар, хулгайн гэмт хэрэг өсөх нь тодорхой. Иймд төр засаг болон арилжааны банкууд хамтарч цахим сүлжээгээр хийж буй гүйлгээний аюулгүй байдлыг хангах, иргэд өөрийн данс, картын нууц дугаар, мэдээллээ бусдад алдахгүй байх шаардлага  зүй ёсоор тулгарч байна.


Б.Лхагвасүрэн: Төлбөрийн карт ашигласан луйврын хэрэг их гарах болсон

/Монголын банкуудын холбооны дэд ерөнхийлөгч/

-Төлбөрийн карт хэрэглэхэд өнөөдөр ямар ямар эрсдэл байна вэ?
-Монгол Улсад хүн амаас илүү төлбөрийн карт хэрэглэгч олон байна. Энэ оны эхэнд 3.3 сая төлбөрийн карт хэрэглэгч байгаа судалгаа гарсан. Үүний 1.9 сая нь маш идэвхтэй хэрэглэгч. Нэг ёсондоо өдөр тутам хэрэглэж буй юм. Зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтээр төлбөрийн картыг эдийн засгийн маш олон салбарт идэвхтэй хэрэглэж байна. Төлбөр тооцоог бэлэн бусаар хийх нь аюулгүй байдлаа хангаж буй сайн талтай. Гэвч сул тал бий. Тухайлбал, хуурамч картаар гүйлгээ хийх, харилцагчийн дансан дахь мөнгийг авах тохиолдол гарсаар байгаа. Энэ нь үйл ажиллагааны зохион байгуулалт муу, төлбөр тооцооны системийн хамгаалалт сул зэргээс шалтгаалдаг.

-Тэгэхээр төлбөр тооцооны системийн хамгаалалтыг  хэрхэн сайжруулж байна вэ?
-Бэлэн бус төлбөр тооцоо цахим гүйлгээ гэсэн ангилалд ордог. Энэ нь цахим сүлжээгээр дамжиж байна гэсэн үг. Тэгэхээр энэ сүлжээнд халдах тохиолдол гардаг. Нөгөө талаар карт хэрэглэгчийн хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас шалтгаална. Тухайн карт хэрэглэгч мэдээллээ алдах явдал байгаа тул өөрийн хуримтлал, мөнгөн хөрөнгөө алдах явдал бий. Энэ эрсдэлийг бууруулах талаар зөвлөгөөн хийж буй юм. Уг хуралд Хятад, Солонгосын мэргэжилтнүүд бас оролцож олон улсын жишиг, туршлагаа манай банкныхантай хуваалцаж байна.
-Манай улсад төлбөрийн карт ашигласан луйвар, гэмт хэрэг хэр гарч байна вэ?
-Өнгөрсөн онд 800 гаруй сая төгрөгийн луйвар хийсэн судалгаа бий. Мөн гадаадын иргэд хуурамч карт ашиглаж дээрэм, луйвар хийх хандлага гарах боллоо. Тэгэхээр бид цахим төлбөр тооцооны системийн аюулгүй байдалд илүү анхаарах хэрэгтэй болсон гэдгийг харуулж байгаа юм. Мөн олон улсад гарч буй жишээнүүдээс суралцаж урьдчилан хамгаалах ёстой. Монгол Улсад бэлэн бус төлбөр тооцооны систем нэвтрээд 20 гаруй жил болж байна. Хийгдэж буй төлбөр тооцоог  өндөр болон бага дүнтэй гэж аниглан үздэг. Картаар хийж буй төлбөр тооцоо бага дүнтэй ангилалд орно. Энэ төлбөр тооцоо өдөр тутам, секунд бүрт хийгдэж байдаг. Өнөөдөр арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Тэд аймаг сум, дүүрэг бүрт салбартай. Дээр нь худалдаа, үйлчилгээний цэг бүрт карт уншигчтай болж байгаа. Тэгэхээр санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй банкууд уг төлбөр тооцооны найдвартай байдлыг ханган ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, картаар төлбөр тооцоо хийгдэж буй цахим сүлжээ аюулгүй байх учиртай юм. Сүлжээний аюулгүй байдалд байгалийн гамшиг, хэн нэгний зориудаар халдах үйлдэл сөрөг нөлөө үзүүлдэг.

-Өнөөдөр манай улс төдийгүй, дэлхий нийтэд жилд хэдий хэмжээний төлбөр тооцоог картаар хийж байна вэ?
-Надад яг тодорхой тоо баримт алга. Ер нь, картаар төлбөр тооцоо хийх гүйлгээ жилээс жилд өсч буй. Тухайлбал, одоогоос арван жилийн өмнө дэлхийн хэмжээнд картаар 12 их наяд ам.долларын гүйлгээ хийж байсан. Энэ нь дэлхийн хүн амын дийлэнх нь төлбөр тооцоогоо картаар хийж буйг илтгэнэ. Мөн картаар худалдаа арилжаа, үйлчилгээ үзүүлдэг болсон нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлж буй юм.  Өөрөөр хэлбэл, олон улс хоорондын худалдаа арилжаа хурдасч, өргөжих нөлөө үзүүлж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан