Б.ШИРНЭН
1998 онд УИХ-аар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль гарснаар 18036 хүнд 16 тэрбум 247.4 сая төгрөгийн нэг удаагийн нөхөн олговрыг төрөөс өгчээ. Мөн УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цогийн өгсөн мэдээллээр 31 мянган иргэнийг их хэлмэгдүүлэлтэд өртсөн хэмээн цагаатгаад байна. Үүний цаана дахин хэд, хичнээн хүнийг хэлмэгдсэнд тооцон нөхөн олговор олгох тухай бодитой тоо байхгүй ч багцаагаар 6000 хүний асуудал үлдсэн талаар Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс мэдэгдэж байсан юм. Тэгвэл “Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгчдийн хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн, өндөр настан Д.Дашдаваа 1930-1940 оны хэлмэгдүүлэлтийн үеэр төр 10 мянган жирийн иргэнээ баривчилж, 30 гаруй мянган иргэнээ хилсээр буудан хөнөөж, 40 мянган өрхийн бүх хөрөнгийг хураасан гэх тоог Засгийн газрын эсрэг сөргүүлэн дэлгэж байна.
Учир нь, тус төрийн бус байгууллага болоод монголын Ахмадын чөлөөт холбоо улс төрийн хэлмэгдэгсдийн хохирлыг улс төрийн статустай байгууллага хариуцан шударгаар цагаатган шийдвэрлэх боломж манай улсад байхгүй гэж үзэж байгаа юм. Мөн тэд одоогийн МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод түүний намд Улс төрийн хариуцлага хүлээлгэх тухай албан шаардлагыг хүргүүлээд байна. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь 1921 оноос МАХН-ын шууд удирдан зохион байгуулсан ажиллагаа байсан учраас өдгөө тус намын түүх, намтрыг өвлөн авч яваа Н.Энхбаярт хамааруулсан нь энэ.
Хэлмэгдүүлэлт дууссан ч
Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг, тэдний үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн хэлмэгдүүлэлтийн эцсийг түүхчид 1990 оноор дуусгавар болсон хэмээн үздэг. Гэвч улс төрийн жижиг нам, фракцууд энэхүү өдөр жагсаал зохион байгуулж, ардчилсан нийгэмд хэлмэгдүүлэлт оршсоор байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргээр жишээ татан ярьдаг билээ. Н.Энхбаяр ч хэлмэгдүүлэлтийн талаар өнгөрсөн наймдугаар сард МАХН-ын “Намын анхан шатны сонгууль” бүсийн зөвлөгөөний үеэр “Бид МАХН гэсэн сайхан нэрийг авч үлдэж, үүний цаана байх ой санамжийг, үндэсний эрх ашгийг, аюулгүй байдлыг хамгаалсан түүхийг авч үлдсэнийхээ төлөө, цаашид авч явахын төлөө хэлмэгдсэн. Намын дарга, эвслийн тэргүүн гэдэг утгаараа намайг, зарим нөхдийг минь ч хэлмэгдүүлсэн” хэмээн ярьсан юм. Түүний хэлсэн МАХН-ын ой санамж гэдэгт их хэлмэгдүүлэлтийн он цаг ч багтах учиртай.
Гэвч, 2012 онд хэрэгт холбогдсоноос нь хойш түүнийг тойрон хүрээлэгчид, одоогийн сайд З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн О.Баасанхүү гээд Н.Энхбаярын хэлмэгдүүлэлт гэсэн номлолыг тараагчид эрх барих түвшинд олон болсон.
Магадгүй энэ утгаараа хэлмэгдэгсдийн гэх 40 орчим мянган хүний асуудлаас илүү Н.Энхбаяр гэдэг ганц хүний асуудал энэ өдөр түлхүү хүчээ авах болсон юм. Өчигдөр гэхэд л МАХН-ынхан хэлмэгдэгсдийн өдөрт зориулан хэвлэлийн хурал хийж, хэлмэгдэгсдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөх талаар ярьж эхэлсэн. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос ч илүү хэлмэгдсэн иргэдэд анхаарч байгаа нь цаад утгаараа Н.Энхбаяр гэдэг хүний нэр төртэй шууд холбоотой байж болох ч талтай. Хамгийн наад зах нь Н.Энхбаярыг Оросын большевикуудын оролцоотойгоор хэлмэгдсэн мянга мянган хүнтэй адил гэж ойлгуулах нь Н.Энхбаярын улс төрийн карер, нэр хүндэд эерэгээр нөлөөлнө. Гэхдээ хэлмэгдсэн гэхээс илүү түүнийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар ялласан нь үнэнд илүү ойр бас баримттай. Тиймээс МАХН-ынхны Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг улстөржүүлж, түлхүү Н.Энхбаярт чиглүүлэх болсон нь Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн үр хойчид, өдгөө 80, 90 нас зооглосон хөгшдөд таалагдахгүй байна.
Өршөөлийн хууль Н.Энхбаярт хамаагүй гэдэг ч
Монгол Улсын Ерөнхийлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд л уучлал үзүүлдэг” гэж хэлсэн удаатай. Бас Н.Энхбаярын өөрийнх нь гараар бичсэн уучлал хүссэн захидал ч байгаа гэдгийг телевизийн ярилцлагад оролцохдоо хэлсэн. Үүнийг Ерөнхийлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал хүссэн Н.Энхбаярыг эдлээгүй үлдсэн ялаас нь уучилжээ гэж төвөггүй ойлгож болох нь. Гэтэл Н.Энхбаярыг “Хүсээгүй байхад нь уучиллаа, эхнээсээ хэлмэгдүүлэлт байсан” гэж улайран хашгирах нь МАХН-ынханд ямар ашигтай гэж.
УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Өршөөлийн тухай хуулийг гурван хэсэгт хуваан харж болно. Үүнд нь, ял шийтгэл эдэлж байгааг ялаас бүрэн чөлөөлөх, ял шийтгэлээс нь тодорхой хугацааг хасах, ял эдэлсэн буюу ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн иргэний ял шийтгэлтэй гэж тооцох хугацааг нь дуусгах. Өөрөөр хэлбэл, АТГ-аас Өршөөлийн хуульд “ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдохоор байгаа” гэсэнд экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр багтаж буй юм. Түүний үйлдсэн гэмт хэрэг, цар хүрээнээс шалтгаалан ял эдэлж байгаагүйд тооцох хугацаа нь 2017 оны сүүлээр дуусна гэдэг. Улс төрд хүч үзэж, БНСУ-аас эх орондоо салхилахаар ирээгүй нь тодорхой болсон Н.Энхбаяр ирэх жилийн сонгуулийг алдаж болохгүй нь мэдээж. Нөгөө талаараа Сонгуулийн тухай хуулийн Нэр дэвшүүлэх нийтлэг журмын 26.4.2-т “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэж заасан байгаа нь Н.Энхбаярыг улс төрд ороход нь шууд хориг тавьж байгаа хэрэг. Тиймээс УИХ дахь “Шударга ёс” эвсэл тэр дундаа эвслийн МАХН-ынхан Өршөөлийн хуулийг батлахад ямар үүрэг, рольтой оролцож байгаа нь ойлгомжтой. Хэрвээ дээрх хууль батлагдахгүй бол Н.Энхбаяр эргэн ирэхгүй, хилс хэрэг гэж хичнээн хашгирсан ч хэн ч сонсохгүй байдалд орох нь лавтай.
Хилс хэрэгтэн биш харин ч хэлмэгдсэн иргэдээс уучлал гуйх ёстой
Ингэж Монголын чөлөөт ахмадын холбоо болон Цаазлагдсан улс төрийн хэлмэгдэгсдийн хүүхэд төрийн бус байгууллага үзэж байна. Мөн тэд МАХН 1921-1990 он хүртэл явуулсан хэлмэгдүүлэлтэд олон мянган өрх өртөж, насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 20 хувийг баривчлан яллаж, 15 хувийг нь буудан хөнөөсөн гэж байна. Мөн 40 мянган айл өрхийн бүх хөрөнгийг хурааж, 400 мянга гаруй хүнийг амьжиргаагүй болгон ядуурал руу түлхэн, 700 гаруй сүм хийдийг устгаж, соёлын үнэт зүйлд халдлага үйлдсэн гэж байгаа юм. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр Хэлмэгдэгсдийн өдөр хүйтэн хөшөөнд мөргөөд өнгөрдөг нэр төдий хуучин хэвшлээс татгалзаж, хэлмэгдэгсдийн шууд хохирогч болсон ахмадуудад хүндэтгэл үзүүлэн үг хэлэх зэрэг гурван шаардлага Н.Энхбаярт хүргүүлсэн юм. Ямартай ч тэд, Н.Энхбаярыг улс төрийн хилс хэрэгтэн бус МАХН-ын нэрийг авч үлдэн, үүний цаана байх ой санамжийг авч үлдсэнийхээ хувьд хэлмэгдсэн иргэдээс уучлал гуйх ёстой хүнээр нэрлэлээ.