Доороос доошоо унадаггүй гэдэг. Энэ үг амьдрал гэгч “ангал”-ын ёроолд очсон бол ахин доош унадаггүй тухай өгүүлдэг болов уу. Ёроол л болсон хойно яавч сайхан байхгүй нь ойлгомжтой. Тиймдээ ч бид гүн харанхуй ёроолд унах вий гэхээс айж “тэнгэр” тийш тэмүүлдэг. Харин, хүйтэн харанхуй ёроолд хэн “оршин суудаг” бол...
Саяхны нэг өглөө (есдүгээр сарын 7) дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ажлын зүг явж байгаад аймшигтай дүр зурагтай таарлаа. Хамгийн том нь арав орчим настай гэмээр таван жаал жавар тачигнасан намрын өглөө гудамжны буланд, шатны мухарт хүйтэн чулуун шалан дээр зулжээ.
Ойрын үед олж үзээгүй эл дүр зургийг хараад сэтгэл хоосроод явчихав. Улмаар зургийг нь авахаар аппаратаа аваад буулаа. Дан цамцтай явсан болохоор машинаас буугаад удалгүй даарч, дагжин чичирч эхлэв. Эрүү өвдөг тачигнасан их ч хүйтэн өглөө байсан. Дулаан машинд тухалж явсан би хэдхэн зураг дарах хооронд ийн бээрсэн ялаа шиг биеэ хурааж байхад хүйтэн чулуун шалан дээр хоног төөрүүлсэн жаалууд хэдий хүртэл хэвтэх нь сонин. Ойр орчмоор нь эргэлдэж цөөнгүй зураг дарлаа, сэрэх янзгүй. Зөрж өнгөрөх хүмүүс өмссөн цамцандаа өвдгөө нугалан хийж бүхэл биеээрээ яваад орчихсон жаалуудыг “Хөөрхий дөө”, “Эвий эвий, энэ хэдийг яана даа” гэхчлэн элдвээр халаглахаас цаашгүй.
Цамцгүй нэг нь үүдний гишгүүртэй адил зүйлээр биеэ ороон нөгөө хэдийнхээ дунд шигджээ. Хаанаас ч олсон юм бүү мэд, сэмэрч урагдсан хуучин хивсэнцэр дэвссэн нь чихцэлдэн унтах жаалуудад чүү ай хүрэлцэнэ. Хэсэг зураг авчихаад унтаж буй жаалуудыг ажин суутал захалж хэвтсэн нэг нь хүйтэнд тавгүйтсэн бололтой сэрчихэв. Нойрмог нүдээ нухлан ойр орчимд хараа бэлчээх жаал шатны дээхнэ суусан намайг хармагцаа буцаад хэвтээд өглөө. Намайг ч гэж дээ, мөрнөөсөө унжуулсан аппаратыг минь хармагцаа тэгсэн хэрэг.
Дөхөж очоод нөгөө жаалаас яриа өдлөө. “Сайн уу миний дүү, та хэд яагаад энд хэвтэж байдаг билээ” гэвэл толгойгоо цамцандаа хийж нугдайн хэвтэх жаал “Зүгээр л...” хэмээн бүдэг бадаг сонстохоор хариулж байна. Ярих янзгүй ээ. “Ах нь зургийг чинь авахгүй ээ, айх хэрэггүй” гээд халаасандаа байсан жижигхэн шокаладыг сарвайвал сая над руу харж байна. Яагаад гудамжинд хонох болсон, эцэг эх байдаг эсэх гээд энэ тэрийг лавлаж суутал нөгөө хэд нь ч сэрэв. Ар араас нь асууж шалгаах надад “Аав ээж зодоод байдаг юм” гэх үгийг тавуул хэлж байна. “Хэчнээн хэцүү байвч гэртээ байж болдоггүй хэрэг үү, муу ч сайн ч төрсөн гэр хүйтэн чулуун шалнаас дээр бишүү” гэвэл “Ахаа, аав ээж чинь архи уучихаад агсам тавиад, өдөр шөнөгүй дарамтлаад, зодож нүдэж хөөж туугаад байвал та гэртээ тогтох уу” гэж байна. Би ч хэлэх үггүй болж орхив.
Арваадхан насны жаалуудыг ажилд авах хүн олдохгүй нь мэдээж. Тиймдээ ч, бохь үлгэрийн ном, салфетка зэргиг зарж гол зогоодог ч цагдаа нар “Хулгайч” гээд халгаадаггүй аж. Энэ мэт элдвийг ярьж ярьж би ч замаа хөөх болов. Жаалуудад “хоол идээрэй” гээд халаасанд байсан хэдэн төгрөгөө өгвөл хаанаас олсон юм мэдэхгүй,задгай хэдхэн төгрөгтэй нийлүүлж аваад хөөр баяр болцгоон гүйж одов.
Манай улсад сүүлийн арван жилд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2718 буюу жилд дунджаар 388 гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ бол манайх шиг хүн амтай оронд харьцангуй өндөр үзүүлэлт.
“Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр согтуу эцэг эхийн гарт хүүхэд амь үрэгдсэн хойно л бид сая ухаан орсон гэлтэй хүний эрх, хүүхдийн хүчирхийллийн тухай ярьж, бичдэг. Гэр оронгүй, тэнэмэл хэмээн тодотгодог хүүхдүүд, хүмүүс сүүлийн үед харагдахаа больсон гэх боловч үнэндээ бид олж харахыг хүсэхгүй байх шиг. Ангалын ёроол руу хэн ч өнгийдөггүй учир амьдралын үнэн мөнийг анзаардаггүй мэт.
Дээрх таван жаал шиг хэчнээн хүүхэд эцэг эх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, хайр халамжид бөөцийлүүлж байх ёстой насандаа эцэг эхийн гарын шүүс болж байгаа бол. Хэчнээн хүүхэд энэ байдлыг нуун далдалж өдий хүрсэн бол. Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн шалтгаан юу болох тухай зарим мэргэжлийн хүмүүсээс толруулсан юм.
/Хүүхдийн хүчирхийллийн эсрэг төвийн тэргүүн/
“Гэр бүлийн тэр дундаа хүүхэд хүчирхийлэлд өртөхөд нөлөөлж буй олон янзын хүчин зүйл байна. Архидалт, ядуурал, гэр бүл салалт, ажилгүйдэл, олон нийтийн хандлага, зан үйл, уламжлал гээд цөөнгүй нийгэм, нийтийн гэж болохоор асуудал дурдаж болно. Ерөнхийдөө, гэр бүл тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн уг үндэс, шалтгаан нь нийгмийн асуудал. Түүнчлэн, эрх мэдлийн тэнцвэргүй байдлаас үүдсэн хүчирхийлэл маш их. Эрх мэдэл гэхээр хүмүүс ширээ сандал, албан тушаалтай хольж хутгаад байна. Хэн ч бай энэ хорвоод ганцхан удаа амьдрах гэж хүн төрлийг олдог. Тиймдээ ч өөрөө өөрийнхөө амьдралыг тодорхойлох, өөртөө хамаатай асуудалд өөрөө шийдвэр гаргах, сонголт хийх чадамжийг л эрх мэдэл гээд байгаа юм. Угтаа энэ эрх мэдэл хүн болгонд байх ёстой ч заримд нь хэт давамгай зарим нь хараат байдалд орчихоод байгааг дээр дурдсан нийгмийн асуудалтай холбон тайлбарлаж болно. Ер нь, хүчирхийллийн тухай маш олон тодорхойлолт байдаг. Гэвч хамгийн товчоор тодорхойлбол хүний орон зайд халдаж буй асуудал шүү дээ”.
төрдөг нь үнэн
/“Хөөрхөн зүрхнүүд аян” төрийн бус байгууллагын гишүүн/
“Хүмүүс эрэгтэй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч боллоо гэхээр насанд хүрсэн, хижээл насны эмэгтэйчүүд хөвгүүдийг барьж авч хүчирхийлээд байна гэж ойлгодог. Энэ мэт хүчирхийллийн хэлбэрийн тухай ойлголт, мэдлэг муу байгаа нь өөгшүүлэх шалтгаан болдог. Иргэд, олон нийт, улстөрчид, бодлого боловсруулж, тодорхойлох ёстой шийдвэр гаргах түвшний хүмүүс, хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн гээд энэ талын мэдлэг, мэдээллээр дутмаг байна.
Миний мэдэхээр хамгийн багадаа таван настай хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байсан. Тэр ч бүү хэл төрөөд удаагүй, хэдхэн сартай нярайн бэлгэ эрхтэнийг оролдсон тохиолдол ч бүртгэгдэж байсан. Хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийг буруутгахаас гадна тэр хүчирхийлэл үүсэхэд нөлөөлж буй нөхцөл, шалтгааныг нарийн тодруулах хэрэгтэй. Жишээ нь, Дорж ч юмуу Батааг хүчирхийлэл үйлдсэн болохоор хамгийн аймшигтай хүн гэж харахаас илүү тэр хүн тийм үйлдэл хийх болсон нөхцөл, шалтгаан бүрдтэл яг юу болсон бэ гэдэг асуултанд хариу олох хэрэгтэй. Энэ асуудлын цөм рүү нэвтрэх, шийдвэрлэх чухал ач холбогдолтой судалгааны ажил юм. Манай хойд хөрш хүчирхийллийн энэ талын судалгаагаар туршлагатай л даа. Тэд шалтгаанаа тодорхойлоход хүчирхийлэгчдийн ихэнх нь хүүхэд насандаа томчуудын дарамтад их өртөж, хүчирхийлүүлдэг байсан, ганцаардмал, зожиг, өөртөө итгэлгүй байсан нь тогтоогдсон байгаа юм. Тийм байдалд байсан хүүхдүүд эргээд тэрийгээ хүчирхийлэлт зан үйлээр гаргадаг. Тэгэхээр хүчирхийллээс хүчирхийлэл төрдөг гэдэг үг үнэн”.
/Ниймийн ажилтнуудын холбооны тэргүүн/
“Нийгэм хөгжлийнхөө явцад үргэлж шинэ асуудал, үзэгдэлүүдтэй тулгарч байдаг. Энэ бол аль ч нийгмийн хөгжилд байдаг, байх ёстой зүйл. Эл нийгмийн хөгжлийн үзэл хандлагыг хуучин хөгжлийнхөө сууринд гүн бат суусан соёл, уламжлалтайгаа хэрхэн уялдуулах вэ гэдэг асуудал улс орон бүрийн өмнө тулгардаг. Нэг бол орчин үеийн хөгжлийн хэв шинж, хандлагыг эрхэмлэх эсвэл уламжлалаа сахин үлдэх. Үүнтэй адил хүчирхийллийн тухай асуудал ч ийм зөрчилдөөн дунд оршдог. Манай улсад гэр бүлийн хүчирхийлэл хамгийн өндөр хувьтай байдаг. Аав, ээж нь зоддог улмаар амь насанд нь хүрдэг. Удаа дараа хүчирхийлж, түүнийгээ хаацайлж хохиргчийг сэтгэлзүйн хувьд дарамтад оруулдаг гээд гэр бүлийн хүчирхийлэл илэрхээсээ илрэхгүй нь их. Энэ бүхний цаана нөгөө л “Эцэг эхдээ зодуулдаггүй хүүхэд гэж хаана байсан юм”, “Жавтий хүртээж байх хэрэгтэй” гэх мэт хандлагууд нуугдаж байдаг. Энэ хандлага зөвхөн гэр бүлд гэлтгүй сургууль, цэцэрлэг гээд боловсролын байгууллагад ч ажиглагдах болж. “Хүмүүжилгүй хүүхэдтэй хатуу гараар харьцах хэрэгтэй” гэхчлэн багш, сурган хүмүүжүүлэгчид сурагчиддаа гар хүрэх нь цөөнгүй. Судалгаагаар сургууль, цэцэрлэгийн орчинд үйлдэгдэж буй хүчирхийллийн ихэнхийг багш нар үйлдэж байх жишээтэй”.