Хонконг-Улаанбаатар чиглэлийн зорчигч 4 грамм метамфетамины төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ. Гаалийн Ерөнхий газрын Гаалийн зөрчил, шуурхай хяналтын алба болон Буянт-Ухаа дахь гаалийн газрын байцаагч нарын хамтарсан ажиллагааны үр дүнд энэ үйлдлийг илрүүлсэн байна.
Сүүлийн үед БНХАУ-ын Бээжин, Хонконгийн чиглэлийн нислэгээр, Эрээн-Замын-Үүд чиглэлийн автозамаар Монгол Улсад ирж буй зорчигчдын дунд метамфетамины төрлийн “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг гар тээш, эд зүйл, өмссөн хувцас хэрэглэлдээ нууж хууль бусаар нэвтрүүлэх хандлага нэмэгдэж буйг албаныхан анхаарууллаа. Тиймээс манай улсыг зорин ирж буй зорчигч болон тэдгээрийн ачаа тээшинд хийх хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа аж.