Энэ долоо хоногоос эхлэн эрхээ хасуулсан жолооч нарын эрхийг сэргээж эхэлсэн. 2015 оны 7 дугаар сарын 2-ноос өмнө захиргааны журмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан иргэнийг Өршөөлийн хуульд хамруулж, эрхийг нь сэргээх юм.
Тиймээс Улаанбаатар хотын иргэд ЦЕГ-ын Лицензийн төвд, хөдөө орон нутгийнхан тухайн Цагдаагийн газрын байгууллагадаа хандаж эрхээ сэргээлэх аж. ЦЕГ-ын Лицензийн төв уртасгасан цагаар ажлын өдрүүдэд 08 цагаас 20 цаг хүртэл үйлчил байгаа болохоор эрхээ сэргээлгэх иргэд өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ очиж ЦЕГ-ын Лицензийн төвөөс лавлагаа авч, хүсэлт гаргах гэнэ. Хэрэв жолооны үнэмлэх байхгүй тохиолдолд 12 мянга 500 төгрөгийг “Төрийн сан”-гийн банкны 900012408 тоот дансанд тушааснаар шинээр үнэмлэх хэвлэнэ. Гэхдээ эхний удаад 3 сарын хүчинтэй тээврийн хэрэгсэл жолоодох түр зөвшөөрөл олгох гэнэ.
2014 онд Хууль зүйн сайдын A/158-р тушаал гарсан. Уг тушаалд “Захиргааны арга хэмжээ тооцуулсан этгээдийн жолооны үнэмлэхийг захиргааны зөрчлийн материалтай тусгаж, архивт хадгална” гэж заасан. Өөрөөр хэлбэл, 2014 оны 10 дугаар сарын 1-нээс энэ оны 7 дугаар сарын 2-н хүртэл эрхээ хасуулсан жолооч нарын үнэмлэх ЦЕГ-ын Лицензийн төвд байхгүй юм байна. Харин өнгөрөгч оны 10 дугаар сарын 1-нээс өмнөх жолооны үнэмлэх бол байгаа аж.
Одоогоор Лицензийн төвд 1 сая гаруй жолооч бүртгэлтэй. Улсын хэмжээнд жолооны эрхээ хасуулсан 80 гаруй мянган хүн байгаа аж. Үүнээс дийлэнх нь согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй гэнэ.