Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хашаа дугуйлж гэр барих газар хэрэгтэй

-Иргэд цахимаар өмчилсөн газрын гэрчилгээгээ авдрын ёроолд хийгээд мартах нь-


Н.БАТ

Нийслэлийн иргэдэд нийслэл орчмын 52 газарт газар өмчлөх хүсэлтийг цахимаар хүлээж авч, санамсаргүй хэлбэрээр компьютерээр өмчлөх эрх олгоно хэмээн НИТХ-ын 2013 оны тогтоол гарч, албан ёсоор зарласнаар энэ ажил өнгөрсөн жилээс амьдралд хэрэгжиж эхэлсэн. 2014 оны наймдугаар сарын 1-нээс эхэлсэн газар өмчлүүлэх хүсэлтийг цахимаар авах  ажлын дөрөвдүгээр ээлж нь өнгөрсөн сарын 25-наас эхлэн өнөөдрийн 12.00 цаг гэхэд дуусахаар зарлагдсан. Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нийт 22 байршилд 8727 га газарт 28963 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан бүртгэлд иргэд маш туршлагатай бас идэвхтэй оролцож байгаа нь бүртгэлийн явцаас харагдаж байгаа юм.

Өнөөдөр амьдрах газар байна уу

Энэ удаад өмчлүүлэхээр зарлагдсан газрууд байршлын хувьд хотын төвөөс 17,2-55 км хүртэл алслагдсан байгаа юм. Иргэдийн бүртгүүлсэн байдлаас харвал  хамгийн ойр байгаа Баянзүрх дүүргийн дөрвөн байршилд 1242 иргэнд газар өмчлүүлэхээр зарлан, өргөдөл хүлээж авахад 42677 иргэн хандсан байгаа юм.
Харин багадаа 25, ихдээ 55 км-ээр хотоос алслагдсан Сонгинохайрхан дүүргийн 16 байршилд 25691 иргэнд газар өмчлүүлэхээр зарлахад 67767 иргэн өргөдөл өгсөн байна. Хол зөрүү харьцаа харагдаж байгаа нь тодорхой.

Иргэдийн бүртгүүлсэн байдлаас жишээ татвал Баянзүрх дүүргийн Улиастайн ам гэхэд хотын төвөөс 23,1 км зайтай учраас 20704 иргэн 77 газрын төлөө өргөдөл өгсөн байхад Сонгинохайрхан дүүргийн Өвөр уулсын овоо гэдэг газар хотын төвөөс 53 км хол учраас 1982 газар өмчлүүлэхээр зарласан боловч 804 иргэн л өргөдөл өгсөн харагдав.

Үүнээс иргэдэд маргааш хэрэгтэй газар биш өнөөдөр амьдрах газар нэн чухал байгаа нь тодорхой гэж хэлж болох юм. Учир нь, дэд бүтэцгүй л бол газар өмчилж авсан ч хэзээ хэрхэн амьдрах нөхцөл бүрдэх нь тодорхойгүй учраас үр хүүхэддээ өвлүүлнэ гэж хадгалахаас өөр арга алга. 2009 онд Перугийн иргэн дэлхийд нэртэй эдийн засагчид зүй ёсоор тооцогддог Эрнандо Дэ Сато Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар ирээд 7,5 тэрбум ам.долларын хөрөнгө монголчуудын гарт бүртгэлгүй байна хэмээн тооцоолсноо ярьж байсан.Тухайн үед нийслэлчүүдийн 8,3 хувь нь газраа өмчилжээ хэмээх статистик  байв. Зур­гаан жилийн өмнөхтэй харьцуул­бал монголчууд газрын үнэ цэнийг мэдэрч, бүртгэлжүүлж эхэлсэн нь сайшаалтай. Гэвч өнөөдрийг хүртэл газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бидэнд ховор тохиож байгаа нь үнэн. Эрнандо Дэ Сатогийн лекц уулзалтаас хойш манай албаныхан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх тухай тун ч ихээр онолдох болсон нь нууц биш. Харин өнөөдөр эдийн засгийн эргэлтэд орж байгаа газар гэж тодорхойлбол дахин төлөвлөлтөд орсон цөөн хэдэн бүсийг дурдах биз. Хэдийгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй иргэдийн тоо 2009 оныхоос хэд дахин өссөн боловч энэ гэрчилгээ нь үхмэл хөрөнгө төдий л байна.

Зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлагаар газрыг үнэгүй өмчлөх асуудлыг сунжруулбал, газрын зах зээл хөгждөггүй, үнэ цэнэ алдагддаг гэж үздэг гэдэг.
 Өмч маань хэзээ үнэд хүрэх вэ

Цахимаар газар өмчилж авсан иргэдээс тухайн газартаа хашаагаа дугуйлаад гэрээ барьсан нь тун цөөн гэдгийг дарга нар мэдэж л байгаа. Учир нь, НИТХ-аас газар өмчлөх байршлыг албан ёсоор зарлаж байгаа ч дэд бүтэц ойрхон, наад захын хүний хэрэгцээг хангахуйц боломжтой газар бага.  Цахимаар газар өмчлөлийн өргөдөл хүлээж авч эхний байршилд газар өмчлөх эзэд тодроход нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Эхний таван байршлын газрууд хотын төлөвлөлтөд багтсан учраас 2015 оны хавраас инженерийн шугам сүлжээнд холбогдож, сургууль цэцэрлэг гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг давхар хийнэ. Засгийн газрын 118 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж иргэд газраа барьцаалж, моргейжийн зээлд хамрагдах бололцоог бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдэхээр ажиллана. Цаашдаа энэ зарчмаар 52 байршлаар хязгаарлалгүй  нийслэлийн 1,1 сая иргэнд газар өмчлүүлэх болно” хэмээн амлаж байсан. Гэвч одоогоор Хан-Уул дүүргийн Эрдэнэтолгой, Сонгинохайрхан дүүргийн Соёондын ам, Багануур дүүргийн Тариан булагт, Багахангай дүүргийн Бор-Үзүүр инженерийн шугам сүлжээнд холбогдоод сур­гууль цэцэрлэгтэй бол­лоо гэсэн сүртэй мэдээлэл сонсоогүй байгаа нь харамсалтай. Тэгэхээр өнөөдөр Сонгинохайрханы Хүйн хөндийд газартай болох нөхөр хэзээ гэрээ дугуйлах нь тодорхойгүй.

Тэр байтугай зарим байршилд өмчилсөн газар дээрээ хашаа хатгах учраа ч олохгүй яваа хүн цөөнгүй байгаа юм.
Анх зарлагдсан таван байршилд 14954 иргэнд газар өмчлүүлэхэд 281440 иргэн өргөдөл өгсөн байдаг. Харин энэ удаад 22 байршилд 28963 иргэнд газар өмчлүүлэхээр зарлахад өчигдрөөр 133493 иргэн өргөдлөө өгсөн байгаа юм. Үүнээс иргэдийн идэвх гэхээсээ дэд бүтцийн талаар огт бодоогүй амлалтаас үүдэн газар өмчлүүлэх асуудлыг шийдэж байгаа юм биш үү гэх бодол төрөх нь лавтай.

0 Сэтгэгдэл
Хашаа хатгаж гэрээ дугуйлах гэж нэрээ өөрчилвөл..
Хамгийн их уншсан