Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Х.Батсуурь: Өнөөгийн хүндрэлээс илүү 2017 онд гадаад өрийн хямрал үүсч болзошгүй

Т.ЖАНЦАН

 Эдийн засгийн өнөөгийн, байдал болон улсын төсвийн талаар эдийн засагч, судлаач Х.Батсуурьтай ярилцлаа.

-Эдийн засгийн өнөөгийн байдлыг та судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?
-Улсын төсвийн эхний долоон сарын гүйцэтгэлийг үзвэл орлого 85, татварын орлого 92 хувьтай байна. Энэ бол харьцангуй гайгүй үзүүлэлт. Гэхдээ төлөвлөсөн хэм­жээнд хүрэхгүй байгаа нь харам­салтай. Төсвийн орлого тасрахад импортын барааны татвар буурсан явдал нөлөөлсөн. Үүнийг дангаар аваад үзвэл дөнгөж 62 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Үүнээс гадна суудлын автомашины онцгой албан татвар 52 хувьтай байна. Экспортын орлого 42 хувьтай гарлаа. Эдгээр нь улсын төсвийн орлогыг хойш татаж, манай эдийн засаг хумигдсаныг илтгэнэ. Өнөөдөр бид гадаад худалдаанд эерэг нөлөө гарсан, гадаад худалдаа 600 тэрбум төгрөгийн ашигтай байна гэж хэлж байгаа. Энэ нь эерэг үзүүлэлт мөн. Гэвч гадаад худалдаа ашигтай гарсан ч эдийн засагт сайн нөлөө үзүүлэхгүй харагдаж байна. Яагаад гэвэл худалдааны эргэлт өнгөрсөн жилийнхээс 18 хувиар буурсан.

Үүнийг задлаад үзвэл экспорт тав, импорт 30 хувиар буурсан үзүүлэлт бий. Тэгэхээр манай гадаад худалдаа өнгөрсөн онд 11 тэрбум ам.доллар байв. Энэ онд 10 орчим тэрбум ам.доллар болох төлөв байна. Өөрөөр хэлбэл манай экспортын орлого нэмэгдэж гадаад худалдаа ашигтай гараагүй. Гэтэл импорт бууралт гадаад худалдааг ашигтай гарахад нөлөөлсөн. Манай дотоод үйлчилгээ, үйлдвэрлэл бас буурлаа. Мөн эдийн засаг идэвхгүй, хөдөлгөөн удааширсныг харуулж буй хэрэг. Гэхдээ гадаад худалдааны алдагдал буурсан явдал төлбөрийн тэнцэлд эерэг нөлөөлж алдагдал багассан.

-Улсын төсөв бүрд­сэнгүй. Алдагдал ихэслээ гээд төсвийн тодотгол хийдэг. Одоо энэ оны төсөвт тодотгол хийх гэж байна. Ер нь төсвийн орлого, зарлагын талаар ямар байр суурьтай байна?
-Улсын төсөвт тодотгол хийх нь гарцаагүй. Төсвийг төлөвлөхдөө эхнээсээ эдийн засгийн баримжаа муутай, гадаад, дотоод хүчин зүйлийг  сайтар харгалзан үзээгүй. Нэг ёсондоо төсвийн орлогын гол хүчин зүйлийн нэг экспортын гол бүтээгдэхүүн алт, газрын тос, зэс, нүүрсний дэлхийн зах зээлийн үнийн чиг хандлагыг харгалзан үзэлгүй буруу тооцоолсон. Бас экспортод бүтээгдэхүүн гаргаж буй компаниудынхаа хүчин чадлыг зөв дүгнэж цэгнэхгүй байна.
Хамгийн гол нь, манайхан төсөв зохиохдоо эхлээд зардлаа тооцдог. Тэгэхдээ эрх мэдэл бүхий хүмүүс тухайн жилд хэдэн төгрөг хэрхэн зарцуулахаа урьтал болгоно. Шууд хэлэхэд хувийн болон бизнесийн бүлэглэлийн  эрх ашгийн үүднээс зардлаа эхэлж тодорхойлж буй хэрэг. Ингээд зардалдаа тохируулж орлогоо тооцож байна. Иймд орлого зарлагын зөрүү гарч байгаа. Манай улс жил бүр л төсвийн тодотгол хийж ирлээ. Одоо бүр жилд хоёр удаа тодотгол хийх болсон. Энэ нь нүд улаан мөнгө цагаан гэдэг шиг л зүйл. Ер нь, мөнгөний төлөө улайран зүтгэж байна гэж хэлж болох юм. Төсвийн тодотгол хийгээд төсөөлөл, бодит байдал хоёрын зөрүү л багасан. Түүнээс биш эдийн засаг сэвхийгээд хөл дээрээ босоод ирэхгүй. Ер нь, хүмүүсийн хүлээлт өөрчлөгдөж сэтгэл санаа нь бодит байдалтай эвлэрнэ гэсэн үг.
-Бид алдагдал­тай төсөв, боломжоосоо илүү хүлээлтэд дасчихаж. Ер нь, тухайн жилийн ул­сын төсвөө алдагдалгүй төлөвлөх боломж байдаггүй хэрэг үү?
-Алдагдалгүй төлөвлөх боломж бий. Хамгийн гол нь төсөв зохиоход ашиг сонирхлын тулаан өрнөж байна. Үүнд төсвийн хөрөнгөөр ажил үйлчилгээ үзүүлэх гэсэн бизнесийн бүлэглэлүүд, яамд оролцдог. Дээр нь УИХ-ын гишүүд тойрогтоо ийм тийм ажил хийнэ, зардлыг улсын төсөвт заавал тусгана гэдэг.  Өмнөх жилүүдэд хийгдэж дуусаагүй ажлын зардал ч нэмэгдэнэ. Ингээд төсвийн зардал өсдөг. Энэ нь бодит байдалд нийцдэггүй. Ийм учраас манай төсөв жилийн жилд хөөсөрсөн, худал, амьдралаас тасархай болдог. Тэгэхээр энэ уламжлалт алдаагаа засах ёстой. 

-Тэгвэл таны бодлоор ирэх оны төсөв ямар байх дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Яг тийм, ийм гэж хэлэхэд эрт. Экспортын гол бүтээгдэхүүнүүдийн зах зээлийг нарийн судлах ёстой. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ савалгаа ихтэй байна. Зэс, алт, нүүрс зэрэг ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр 15-30 хувиар буурлаа. Төсөвт орлого төвлөрүүлэх бусад сувгуудыг ч сайтар судалж тооцох ёстой. Ер нь, ирэх оны төсөв нэлээд агшиж, хумигдах байх. Магадгүй урьдынх шигээ төлөвлөөд хоёр гурван сар, хагас жилийн дараа   тодотгол хийж болох юм. Өнөөгийн улстөрчид төрийн эрхэнд байгаа цагт яг л сурснаараа хуучин шигээ төсөв батлах байх. Өөрчлөлт хийх, бодит амьдралд нийцсэн төсөв батлахгүй. Яагаад гэвэл нөгөө л төсвийн мөнгөөр хийх бүтээн байгуулалтын төлөөх тэмцэл хэвээр үргэлжилнэ. Дээр нь сонгуулийн жил тул цалин, тэтгэвэр тэтгэмж нэмнэ гэж амлаж болох юм. Тэгэхээр өнөө л хөөсөрсөн төсөв батлагдах дүр зураг харагдаад байна. Уг нь, төсвөө бодитоор төлөвлөвөл хүмүүсийн хүлээлт, орлого хоёрын зөрүү арилж эдийн засгаа өсгөх зөв гарц гарч ирнэ. Бид өнөөдөр бодит бус биелэхгүй зүйлд тэмүүлээд хямрал гэж яриад байгаа юм.

-Хоёр жилийн дараа бид илүү хүнд байдалд орно гэдэг. Учир нь авсан зээ­лүү­дээ төлж эхэлнэ. Одоо эдийн засгийн хүндрэлийг гайгүй гэтлээд өрөө хүнд­рэл­гүй төлөх боломж бий юу?
-Бидний өнөөдрийн яриад байгаа эдийн засгийн хүндрэл, хямрал 2017 онд тохиох нь жинхэнэ утгаараа тодорхой харагдаж байна.  Тэр үед зөвхөн Засгийн газар ч бус хувийн компаниуд ч  өрөө төлж эхэлнэ. Засгийн газар одоогоор улсын төсвийн 9-11 хувийг өрийн үйлчилгээнд зарцуулж байгаа. 2017 оноос өмнө эдийн засаг, улсын төсөвт ямар нэг өөрчлөлт орохгүй бол улсын төсвийн орлогын 20-30 хувийг өр төлөхөд зарцуулах шаардлага гарч байгаа юм. Хамгийн эхэнд Хөгжлийн банкны 600 сая ам.долларын өр төлнө. Тэгээд 2018 оноос Чингис бондын 500 сая ам.долларыг төлөх юм. Уул уурхайн компаниудын 2009-2012 онд авсан Засгийн газрын баталгаа өгсөн хувийн хэвшлийн компаниудын өр ч нэлээд бий. Энэ талын тоо баримт одоогоор тодорхой бус байна. Хамгийн тодорхой зүйл бол өрөө төлөх нь эдийн засагт дарамт учруулах нь гарцаагүй. Иймд гадаад өрийн төлбөртэй дампуурал үүсч болзошгүй юм.  Үүнийг эдийн засгийн нөөц бололцоогоор төлөх боломж алга. Энэ өрийн дарамтаас гарах хоёр арга зам нь тодорхой. Эхнийх нь, өрийн төлбөрөө хойшлуулах. Тэгэхдээ нэмж зээл аваад төлөх ёстой өрөө дарна гэсэн үг. Нэг ёсондоо шинэ өр үүсгэх юм. Хоёрдугаарт нь, Африкийн орнуудын жишгээр газар нутаг, ашигт малтмалын ордоо урт хугацаанд түрээслэх нэрийн дор өгнө гэсэн үг. Эсвэл зарна.

-Эдийн засгийн хүндрэ­лийг гэтлэхэд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй. Гол хөдөлгүүрийн нэг гэдэг. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Гадаадын хөрөнгө оруулалтад дулдуйдах нь өрөөсгөл. Ийм байх ёсгүй. Үүнд биднээс үл хамаарах нөхцөл байдал үйлчилж байдаг. Тэгэхээр зарим үед асар ихээр орж ирсэн ч тэг заагаад нам зогсох удаа ч бий. Үүнд хэт их ач холбогдол өгч түүнд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх боломжгүй. Богино хугацаанд эдийн засагт үр ашгаа өгөх, улсын төсөв бүрдэхэд чухал нөлөө үзүүлж болно. Урт хугацаандаа сөрөг нөлөөтэй. Гэхдээ улс орон болгонд гадаадын хөрөнгө оруулалт ийм сөрөг нөлөө үзүүлдэггүй. Харин манай улсад сөргөөр нөлөөлөхөөр харагдаж байна. Учир нь, манайд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 90 гаруй хувь нь уул уурхайн олборлох салбарт чиглэдэг. Улс орнуудын түүхээс харахад уул уурхайн боловсруулах бус олборлох салбарт оруулсан хөрөнгө дунд болон урт хугацаанд үр ашиг өгдөггүй. Дандаа сөрөг нөлөөлсөн, эдийн засагт нь алдагдал авч ирсэн байдаг. Тэгэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас их зүйл хүлээх шаардлаггүй. Өөрийн нөөц бололцоонд тулгуурлах нь илүү чухал.

-Энэ оны төсөвт өмч хувьчлалаас чамгүй мөнгө төвлөрүүлэхээр тусга­сан. Үүнийг нөөц болол­цоо гэж болох уу?
-Өмч хувьчлалаас төсөвт мөнгө төвлөрүүлнэ гэсэн нь буруу. Манай улс өмч хувьчлал хийгээд дууссан гэж хэлж болно. Одоо үлдсэн объектуудыг хувьчилж болохгүй. Яагаад гэвэл боловсрол, эрүүл мэнд болон хүний суурь хэрэгцээнд зориулагдсан үйлдвэрлэл, үйлчилгээний объект. Тухайлбал, цахилгаан станц, эмнэлэг, сургууль байгаа юм. Гэтэл өнөөдөр төсөвт орох өмч хувьчлалын орлого 90 гаруй хувиар тасалдлаа гэж байгаа нь утгагүй. Нөгөө талаар өмч хувьчлал бол нэг удаагийн орлого. Ийм зүйлд дулдуйдаж төсвийн орлого бүрдүүлэх нь урт хугацаанд сөрөг үр дагавартай. Жишээ нь цахилгаан станц төрийн мэдлийнх тул татвараа найдвартай, үнээ зөв төлдөг. Дээр нь цахилгаан дулааны үнийг төрөөс зохицуулж буй тул иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Гэтэл хувьд шилжвэл дараа жилээс нь эхлээд үнэ өсгөх, татвар дээр унжих гээд сөрөг үр дагавар гаргахыг үгүйсгэхгүй.

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдлаа. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулхад эерэг нөлөө үзүүлж чадах болов уу?
-Тийм. Энэ хуулийн эхний заалтад батлалгүй орхисон  Эдийн засгийн өршөөлийн хуульд байсан бүх асуудлыг базаад оруулсан харагдаж байгаа нь ноцтой. Зарим эдийн засагч, судлаачид энэ хууль эрх баригчид өөрсдөдөө зориулсан хууль гэж үзэж байгаа. Үүнтэй би санал нэг. Хөрөнгө, орлогоо ил болговол татвараас чөлөөлнө гэж заасан. Энэ нь хэн нэгэн хүн асар их авлига аваад түүнийгээ өөрийн нэр дээр шилжүүлбэл ил болгосон компанид нь ногдсон, шинээр ногдох татвар нь хүчингүй болно. Сайн уншвал ийм л ойлголт төрүүлж байгаа юм. Олон улсын практикт эдийн засаг болон татварын өршөөлийн хуульд ногдсон татвараас хэзээ ч чөлөөлдөггүй. Харин торгууль, шимтгэл, эрүүгийн хариуцлагаас өршөөж болно.  Саяхан баталсан  энэ хууль шударга бус тул татварын орлогыг нэмэгдүүлэхгүй. Уг нь, эдийн засаг болон татварын хуулийн гол зорилго нь татварын орлогыг нэмэгдүүлэх явдал. Гэтэл эсрэгээрээ татварын орлогыг бууруулах хууль болсон. Манай улс урд нь 2008 онд Татварын өршөөлийн хууль хэрэгжүүлсэн. Судалгаагаар энэ хууль хэрэгжсэн ч татварын орлого огт нэмэгдээгүй. Тухайлбал, 2007, 2008 оны татварын орлогыг харьцуулж үзсэн. Гэтэл бүх төрлийн татварын орлого буурсан байгаа. Тэр дундаа аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг аваад үзвэл 2007 онд 250 тэрбум төгрөг байсан. Тэгээд Татварын өршөөлийн хууль хэрэгжсэн жил уг татварын орлого 50 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт бий. Тэгэхээр энэ хууль үр дүн өгөөгүй. Зарим хүн дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө ил болсон гэдэг. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байгаа. Харин энэ хөрөнгө хаачив, юу болов гэдэг асуулт гарч ирж буй юм. Ер нь, Татварын өршөөлийн хууль хэрэгжсэнээр ямар үр дүн гарсан тухай албан ёсны судалгаа, тоо баримт байдаггүй юм билээ. Хүмүүсийн ам дамжсан ганц хоёр тоо давтагдаж явдаг. Татварын өршөөлийн тухай хуулийг буруу хэрэгжүүлэх нь шударгаар тавар төлдөг бизнесүүдэд халтай. Тэд шударгаар татвар төлөхөө больдог. Буруутгах арга ч байхгүй. Нэг хэсэг нь хэрүүл хийж унжиж явсаар байгаад өршөөгддөг байж таарахгүй юм. Хамгийн их хохирч байгаа нь манай улсын аж ахуйн нэгжийн 98 хувийг бүрдүүлж байгаа бага дунд орлоготой компаниуд. Харин улс төр, бизнесийн бүлэглэлийн ивээлд байдаг томоохон компаниуд завшдаг. Нэг ёсондоо жижгийг нь залгиж томыг нь улам томруулна л гэсэн үг.

-Дэлхийн практикт эдийн засаг, татварын өршөөлийн хуулиар их хэмжээний хөрөнгө ил болж, эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлсэн улс орон бий юу?
-Ийм өршөөлийн хууль хэрэглэсэн улс оронууд бий.  Гэвч манайх шиг хэлбэрээр хэрэгжүүлсэн улс орон байхгүй гэж хэлж болно. 1990 оны сүүлчээр Аргентинд Татварын өршөөлийн тухай хууль хэрэглэх гэж оролдсон. Яг манайх шиг ил тод болгосон хөрөнгөд татвар ногдуулахгүй гэсэн. Гэтэл үр дүн өгөөгүй. Тус улсын түүхэнд хамгийн муу хууль болж үлдсэн юм. Энэтхэг улсад татварын өршөөл үзүүлэх хууль эерэг үр дүн өгсөн тохиолдол бий. Учир нь тус улсын татвар маш өндөр байсан. Жишээ нь, орлогын 90 хувийн татвартай байсан. Үүнийг 30 хувь болгож бууруулсан байдаг. Ингэж буурахад татварын орлого эрс нэмэгдсэн үр дүн гарсан юм. Улс орнуудын жишгээс харвал татварын өршөөл үзүүлэх нэг л нөхцөл байгаа. Тэр нь татварын систем нь гажуудалтай, бизнест дарамттай байсан тохиолдолд өршөөлийн хууль хэрэгжүүлж алдаагаа засдаг.  АНУ, Орост ч татварын өршөөл үзүүлээд дандаа сөрөг үр дүн авч ирж байсан удаатай.  

-Эдийн засгийн эрүүл зөв тогтолцоотой болохын тулд ямар алхам хийх ёстой гэж үзэж байна вэ?
-Энэ бол их том асуудал. Эдийн засгийн суурь тогтолцоонд чиглэсэн алхмууд хийж таарна. Төсөв, эдийн засагтай холбоотой асуудлыг хэсэгчлэн засаад нэг хоёр жилдээ өнгөлөн далдлаад явж болно. Төсвийн урсгал орлого өнөөдөр дутагдаж байгаа ч хөрөнгө, зээл тусламжийг ихэсгэх замаар алдагдлаа нөхөөд явж байна. Гэхдээ эдийн засгийн суурь тогтолцоогоо өөрчлөхгүй бол бидний орлого дутуу дулимаг хэвээр үргэлжилнэ. Сууриа өөрчлөхийн тулд эхлээд хоёр чиглэлээр ажиллах ёстой гэж би харж байгаа. Нэг­дүгээрт, банк санхүүгийн тогтолцоог, хоёрдугаарт, гадаад худалдаа­гаа өөрчлөх ёстой. Тухайлбал, банк санхүүгийн бодлогод инфляц онилох гэхээс илүү ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл эдийн засагт хамгийн гол нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл бол ажлын байр, бизнесийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Тэгэхээр төв банк төгрөг ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд барих бодлого хэрэгжүүлэх асуудал бий.
Нөгөө талаар мөнгөний тэлэх бодлого баримталж бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл өгөх боломж бүрдүүлэх ёстой. Гадаад худалдаанд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнийг хэрэгжүүлэх чиг хандлага тогтсон гэж үзэж байна. Учир нь,   өнгөрсөн долдугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу цемент, мөхөөлдөс, өндөг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 6-20 хувь болгон  нэмэгдүүлсэн. Үүнээс гадна экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой.

0 Сэтгэгдэл
importiin tatvariig nemj bolohgui gej 11 11 tovd sanal ogson hunees bolj nemeegui
importiin tatvariig nemj bolohgui gej 11 11 tovd sanal ogson hunees bolj nemeegui
Хамгийн их уншсан