УИХ дахь МАН-ын бүлэг Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авах болсон талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллээ.
Тус бүлэг өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтийн дараа хуралдаж, Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хориг болон Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг хэлэлцэв.
Бүлгийн дарга С.Бямбацогт, “Анх УИХ-ын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэлэлцэх үед авлига, албан тушаалтны хэргийг өршөөх нь буруу гэсэн байр суурь илэрхийлж байсан. Тиймээс Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээн авах нь зөв гэж үзсэн.
УИХ Ерөнхийлөгчийн хэсэгчлэн тавьсан хоригийг хүлээж авсан тохиолдолд Өршөөл үзүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үүнийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна. Анх удаа алдаа гаргаж, гэмт хэрэгт холбогдсон, Өршөөлийн хуулийг хүлээж байгаа олон хүн бий. Тиймээс хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал цаг алдалгүйгээр Өршөөлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж батлах нь зөв” гэлээ.
Тэрбээр, МАН-ын бүлэг “давхар дээлтэй” буюу УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хаших нь буруу гэсэн байр суурьтай байгаа. МАН Шийдлийн Засгийн газарт хамтран ажиллаж байх үедээ ч бас энэ байр сууриа хадгалж байсан. Өөрөөр хэлбэл, үндсэн чиг үүргийн буюу Сангийн болон БОНХАЖ-ын сайд “давхар дээлтэй” байсан. Бусад сайд УИХ-ын гишүүн байгаагүй. Ерөнхийлөгч “Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай тогтоолын төсөл”-ийн зөвшилцлийн хариуг өгөхдөө давхар дээлийг эсэргүүцсэн байсан. Бид Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байгаа” гэлээ.
Энэ үеэр УИХ-ын ээлжит бус чуулган зарласан нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай талаар С.Бямбацогт дарга хэллээ. Үндсэн хуулийн 27 дугаар зүйл “УИХ-ын гишүүдийн 33 хувиас дээш шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан. Гэтэл УИХ-ын дэд дарга энэхүү ээлжит бус чуулганыг зарлах захирамж гаргасан. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай тул УИХ-ын дарга болон холбогдох албаны хүмүүс нь нарийн судлах хэрэгтэй гэв.