Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Согтууруулах ундааг монгол хүн дэлхийн стандартаас 10-20 дахин хэтрүүлж хэрэглэдэг

Л.БАТБААТАР

Хүн төрөлхтөн 5000 гаруй жилийн өмнөөс архи гэгч согтууруулах ундаатай танилцсан гэдэг. Эртний Египетчүүд усан үзэм амархан мууддаг ч шүүсийг нь исгэж ууж болдгийг анх мэдсэн байна. Харин цагаан архи хаана хэзээ үүссэн нь  тодорхой биш. Европт 16 дугаар зууны эхээр өндөр градустай цагаан архи ууж эхэлсэн тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Цагаан архи үүссэн анхдагч түүх нь манайх, танайх гэсэн маргаан Орос, Польшийн дунд  ч бий. Нүүдэлчин монгол­чуу­дын хувьд өөрийн гэсэн өвөр­­­мөц архины хэрэглээтэй байсан тухай судар бичигт тэмдэглэгдэн үлджээ. Нүүд­лийн амьдралын онцлог бо­лон хөдөлмөрийн хатуу хуваа­ри­лалтаар залуу эрчүүдэд архи уух цаг, зав, хугацаа байсангүй. Үүнээс үүдэн дөч хүрч дөнгөж амс, тавь хүрч тавьж уу, жар хүрч жаргаж хүрт гэсэн сургамж үг гарсан биз. Цагаагаар нэрсэн нэрмэл голдуу ууж ирсэн монголчууд социализмын жилүүдэд цагаан архи их хэмжээгээр уухыг Орос “ахаар” заалгаж бас нутагт нь очиж суралцдаг байлаа. Ингэж ар­хитай “дотно” танилцсан бид­­ний хэрэглээ жилээс жилд улам өссөөр өнөөдрийг  хүр­чээ.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсад архидан согтуурах явдал газар авч, нийгмийн дэг журам алдагдан, согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо гамшгийн хэмжээнд хүрснийг холбогдох байгууллагын тайлангаас харж болно. Монгол Улсын нэг иргэнд 23 литр согтууруулах ундаа ноогддог. Насанд хүрсэн хүн амын 51.2 хувь согтууруулах ундаа хэрэглэж байгаагаас, найман хувь  нь эмэгтэйчүүд байна. Дэлхий нийтэд стандарт уулт гэж тогтоосон норм бий. Үүнд насанд хүрсэн хүн нэг удаа шар айраг 250 мл, дарс 100 мл, ликёр 60 мл, архи, виски 25 мл уух нормтой аж. Насанд хүрсэн хүний элэг ийм хэмжээний согтууруулах ундааг шүүж, хоргүйжүүлэх чадвартайг тооцон, энэ нормыг тогтоожээ. Тэгтэл монгол хүн энэ стандартаас 10-20 дахин илүү ууж хэрэглэдэг байна. Ингэж согтууруулах ундааны хэт их хэрэглээ  монгол хүний эрүүл мэндийг хохироох хамгийн том эрсдэлт хүчин зүйл болсоор удлаа. Үүнд дүгнэлт хийн, Хууль зүйн яам болон Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт хоёр өдрийн сургалтыг нийслэлийн Өрхийн эмнэлгийн болон Хорооны нийгмийн ажилтан нарын дунд зохион байгууллаа. Энэ сургалтын ач холбогдлын талаар Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгааны арга зүйн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Майцэцэг “Ирэх аравдугаар сард “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний чуулган” болно. Хууль зүйн яамнаас “Архидан согтуурахтай тэмцэх, хор хөнөөлийг бууруулах” төслийн уралдаан зарласан. Энэ төсөлд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн оролцож, тус сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад Өрхийн эмнэлгийн болон Нийгмийн ажилтнууд оролцлоо. Энэ хүмүүсийг чадваржуулахын чухал нь үйл ажиллагааны хувьд бусад салбарын нэгж болох цагдаа, хороо, сургууль, цэцэрлэг, олон нийттэй нүүр тулан ажиллаж, анхан шатны тусламж үзүүлдэгт оршино. Архины хор хөнөөл бол зөвхөн Эрүүл мэндийн салбарын асуудал биш, бусад салбарын оролцоо үүнд маш чухал үүрэгтэй“ гэв. Мөн тэрээр “Монгол Улсад нэг хүнд ногдох архины хэрэглээ 23 литр байна гэсэн тооцоо гарсан. Тэгвэл энэ хэмжээ ОХУ-д 15 литр, Шинэ Зеланд, Австралид 6-9 литр бол урд хөршид 4.4 литр байдаг” гэлээ. Сургалтад оролцож буй Чингэлтэй дүүр­гийн Эрүүл мэндийн төвийн өрхийн менежер Т.Нямжав “Чингэлтэй дүүрэг 180 мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд 19 хороо, 16 өрхийн эмнэлэг ажилладаг. Хороо болон Өрхийн эмнэлэг бүрт нийгмийн ажилтан ажиллаж байгаа. Архинд донтох өвчтэй болоод архины хамааралтай хүмүүстэй тулж ажиллах эмчийн  орон тоо дутуу. Гэсэн хэдий ч  дүүргийн 80 өрхийн эмнэлэг болон сэтгэцийн эмч нартай хамтран иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг боломжийн хэрээр шийдэхийн төлөө ажилладаг. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүстэй  өрхийн эмч л тулж ажилладаг. Гэр хороололд ажилладаг өрхийн нэг эмчид 3000 иргэн ногддог. Тогтоосон нормоор бол нэг өрхийн эмчид  2000 иргэн ноогдох учиртай. Ажлын ачаалал их байгаа” гэж хэллээ. Архинд донтсон өвчтөнтэй өрхийн эмч хэрхэн ажилладаг талаар асуухад “Архинд донтох өвчтэй хүмүүсийн судалгаа өрхийн эмчид байдаг. Донтолтын зэргээр ангилан, эхний ээлжинд гэр бүлийн гишүүдтэй тулж ажиллана. Донтолт нь хүндэрвэл дүүргийн Сэтгэцийн кабинет болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтүү­лэн эмчлүүлдэг” гэж хариуллаа.

Архийг хэтрүүлэн ууснаар тухайн хүний биеэ хянах чадвар алдагдах нь ойлгомжтой. Үүнээс үүдэн гэмт хэргийн тоо ч ихэсдэг. Архинаас үүдэлтэй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Мэндбаяр илтгэл тавьсан. Тэрээр “Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 2010-2014 оны хооронд тогтмол өсч байсан. 2014 оноос эхлэн өмнөх онтой харьцуулахад хасах хоёр хувиар буурч эхэлсэн. 2015 оны долоон сарын байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 9772 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1740 буюу 17.8 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэсэн статистик тоо гарсан. Ядуурал, ажилгүйдэлтэй холбоотойгоор нийгмийн эмзэг давхрынхан дунд архидалт их байна. Төрийн байгууллага болон оюутан залуусын дунд харин архидалт буурсан. Эдгээр давхарга нь архидан согтуурсны улмаас үүдэн гарах хор хохирол болон хууль тогтоомжийн  хэрэгжилтийг мэд­­дэг, ойлгодог. Энэ дав­хар­гын  архидалтын хэм­жээ  багассан нь нийт дүн­гээр буурахад гол нөлөө үзүүллээ. Мөн “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль шинэчлэгдэн батлагдлаа. Үүнтэй холбоотойгоор баар, рестораны ажиллах цагийн хуваарь, тусгай зөвшөөрөл нь шинэ хуулийг даган бүгд өөрчлөгдөх гэж байна” гэв.

Архи олон муу зүйлийг дагуулдаг. Архитай газар цус, нулимс үргэлж байдаг гэлцдэг. Ийм ч учраас архидалт нь гэр бүлийн хүчирхийллийн гол шалтгаан болдог. Өмнөх жилүүдтэй харьцуулахад гэр бүлийн хүчирхийлэл өссөн судалгаа гарсан. Гэр бүлийн хүчирхийлэлд архи­далт  хэрхэн нөлөөлж буй талаар Улаанбаатар хо­тын Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүх­дийн эсрэг гэмт хэргээс урьд­чи­лан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Энхтуяа “Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодийн, сэтгэл са­наа­ны, эдийн засгийн, бэлгийн гэж дотор нь дөрөв хуваадаг. Нийслэл хотын хэмжээнд 2015 оны эхний хагас жилийн байдлаар Гэр бүлийн хүчирхийллийн ул­маас 310 гэмт хэрэг үйлдэгд­сэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 23.7 хувиар өссөн үзүүлэлт гарсан. Хүчир­хийл­лийн хэлбэрээр авч үзвэл бие махбодийн 227, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн 71, бэлгийн хүчир­хий­лэлд хоёр хүн байна. Тус хэлтсийн “Түр хамгаалах байр”-аар хүчирхийлэлд өртсөн 161 гэр бүлийн 252 иргэнийг хамгаалалтад аван сэтгэл зүйн болон хууль эрх зүйн зөвлөгөө  өгч эрх ашгийг нь хамгааллаа. Гэр бүлийн хүчирхийлэлд нөлөөлдөг гол хүчин зүйл бол архидалт, ажилгүйдэл, ядуурал  юм” гэлээ.

Архины хор хөнөөлийн талаар тоочоод баршгүй. Энэ “Эмгэг”-ийг олон улсад өвчин гэж тооцдог. Гэхдээ бүрэн эдгэрдэг өвчний тоонд ордог юм билээ. “Архинд донтох эмгэг”-тэй салбар бүр тусдаа тэмцээд үр дүнд хүрэхгүй нь өнгөрсөн жилүүдийн туршлагаас харагдсан.  Төр, ТББ, иргэдийн хамтын хүчээр энэ “Эмгэг”-тэй эрчимтэй тэмцэх цаг болжээ. Эс тэмцвэл оройтох нь. Энэ талаар Эрүүл мэндийг дэмжих, сургалт, судалгааны арга зүйн төвийн Эрдэм шинжилгээний ажилтан П.Ундармаа нэгэн санаачлага гаргасан юм. Тэрээр “Төрийн зүгээс уламжлалт баяруудыг архигүй тэмдэглэх уриалга гаргах, үүнд нь ТББ-ын зүгээс хяналт тавин ажиллах хэ­рэгтэй. Иргэний хувьд архинд донтох эмгэгээс эдгэрсэн хүнээс үлгэр аван, гэр бүлдээ нэвтрүүлэх замаар архины өндөр хэрэглээг тодорхой түвшинд буулгана” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан