Турины тусгай олимпоос А.Алтан-Очир хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн гэмтэл согог, сэргээн засах чадавх бэхжүүлэх төсөл хэрэгжүүлнэ
Монголд албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 135 орны 31279 гадаадын иргэн байна
Татвараа төлөөгүй бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ
Гал түймрийн аюулаас 21 автомашин буюу 4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Ресторанд үйлчлүүлээд төлбөрөө төлөхгүй, зугтсан иргэний асуудлыг шалгаж байна
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Баян-Овоо суманд ажиллаж, тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
Нийслэлд үйл ажиллагааа явуулж буй 770 нийтийн байранд хяналт шалгалт хийлээ
Эрэлхэг дайчин Лувсандамба
Хорвоогийн аяг араншин, хүрээлэн буй орчноо өдөр тутам тандан, элээ халаагүй эргэлдэх элдэв учрал зовлонг сөрж, аж амжиргааных нь гол үүсвэр болсон буянт малынхаа хойноос үе улиран дагасан буурлууд маань энэ нутагтаа малаа бэлчээр дагуулан маллахаас өөр өгөөжтөй арга ухаан үгүйг хэзээнээ нотолсон юм. Гарт нь орсон нэгэн хэмийн энэ амь зуулгаа өөрчилсөнгүй өнөөг хүрчээ. Мал маллах арга, мах иддэг ам, хашаа саравч, хазаар ногт нь хүртэл зуун зууны дараа яг л хэвээрээ үлдэж. Энэ бол нэг ёсондоо олон зууны турш хуримтлуулсан амьдрах арга ухаан нь юм шүү дээ. Үүнийгээ тэд хувь тавилан маань ийм л юм гэж тайлдаг юм. Тэд хувь тавилан ба тохиолдлын талаар “Хорвоо жамаараа, хүн тавилангаараа” гэдэг ч зарим нь “Бүх юм тохиолдлын чанартай” хэмээн маргана. Учир нь хүн бүрт амьдрал өөр өөрөөр заяагддаг аж. Үүнийг эх байгаль, амьдралын хэмнэл дунд хүмүүнд заяасан хувь тавилан гэх нь бий. Хувь тавилан, тохиолдол хэмээх хорвоог захиран эзэмшигч энэхүү хүний амьдралын хоёр том зангилаа дунд язгуур болон заяа тавилан бүрэлдэн тогтож төгсгөл хязгааргүй мөнх үргэлжлэлийг ар араасаа дагуулсаар ирсэн бөлгөө.
Ивэн Бургалтайгаар нутагтай Жав гэж нүүрэндээ толботой, нүдэндээ галтай нэгэн амьдарч байлаа. Жинхэнэ нэр нь Сүрэнжав л даа уул нь. Эхнэр нь Жүгдэржав гэж үргэлж гүйж явдаг үнэхээр ажилсаг бор авгай байв. Нутгийнхан Сүрэнжав Жүгдэржав нарыг “хоёр Жав” гэсээр тэгж нэршсэн ч байж болох. Жав гуай “Би гурван төрийн нүүрэнд, Манжийн ноёнд малгай агнаж, Монголын хаанд толгой бөхийж, Майхан толгойд гаминг устгаж явлаа” гэдэг байж билээ. “Малгай агнаж” гэдэг нь үнэг агнахыг хэлж байгаа юм. Мань хүн ан амьтныг нэрээр нь хэлэхийг цээрлэж гахайг түгдэр, чоныг саарал, тарвагыг хулгар, хандгайг эвэрт, бугыг туриг гэдэг байв. Тэднийх Бүрэнханаа тойрон, Бургалтайгаа хаяалан бэлчээрийн соргогийг даган мал маллан, ан гөрөө хийж аж амьдралаа залгуулдаг байв. Жав гөрөөч нэг орой дарь хийхээр хүхэр шүүгээ ширмэн тогоондоо хуурч байхдаа хэрхэн болсныг харахаар банзан шүдэнзээ зуртал галтай толгой нь тогоо руу нь үсэрч халуун дарь авалцан нүүр лүү нь тургичихсан юм гэнэлээ. Өөрөө ярихдаа галаа чангадуулж, хүхрийг нь ихдүүлээд хэтэрхий халаачихсан байх гэдэг. Тэгээд нүүр нь түлэгдэж толботой болчихсон хэрэг. Бор гэртэй, борог хоолтой, арав таван малтай, анч алаг нохойтой, жангийн цахиур буутай, Жав гуайн амьдрал жам ёсоор болж байтал Монголд гамин гээч аюул нүүрлэв.
Тэр үед гадаад дотоодын элдэв хөл үймээн ихтэй Хиагт болон хойд хилийн сав нутгаар гамин цэргүүд цувж байсан цаг. Энд ардын журамт цэрэг бүрэлдэн нутгийнхан өргөнөөр элсэн ард олныг гамингийн аюулаас аврах итгэл найдвар болж байлаа. Бургалтай нутгийн Жамцын Нанзад өөрийн нөхөд их толгой Эрдэнэ, Хишигийн Нинж, Сүрэнжав нарын хамт Цагаан эрэгт үхэр тэргээр жин тээж яваад гол хүчнээсээ тасарсан гамингуудад шар тэрэг, ачаа бараагаа дээрэмдүүлж, хойноос нь хөөцөлдсөөр Сүхбаатарын цэрэгтэй тааралдсан нь амьдралыг нь тэс өөрөөр эргүүлсэн гэдэг. Тэд гамингийн хойноос нь хөөцөлдөж явсаар Орхон Сэлэнгийн бэлчирт монгол хүмүүстэй тааралдсан нь Сүхбаатарын цэргүүд тэр дунд тэдний танил ч байсан хэрэг. Монгол цэргүүд голдуу л өнөөгийн Сэлэнгэ аймгийн хойд хэсэг тэр үеийн Ахай гүн, Сумъяа бэйс, Баатар ван болон Эрдэнэ вангийн хошуунаас бүрдэж байлаа. Суман харуулын дарга тэдний яриаг сонсоод цэргүүдээ хоёр хэсэг хуваан нэг хэсэг нь Сайханы хөтлийн баруун талаар өөрөө хэдэн цэрэг дагуулан Ханийн хөндий өөд өгсөн Хонгор морьтын даваанд уулзахаар гаминг мөрдөв. Мөрдсөөр Хонгор морьтын даваанд хаданд буйг тогтоон хад сүлжин явсаар олж гэнэ.
Гамингууд эгц цавчим нүцгэн ангалын ёроолоор ороход нь мань хэд өмнөөс нь олон цэргүүд ирж яваа мэт хашгирч “Зогс! Зэвсгээ хая! Та нар бүслэгдсэн бууж өхгүй бол буудлаа! Нэг нь ч амь үлдэхгүй” хэмээн хадны наана цаана гарч байраа солиод цэрэг командлан нэг хоёр, нэг хоёр гэж хашгиран жагсаалаар яваа цэргийн чимээг дуурайхад хадны цуурайд тэдний дуу олон цэргүүд жагсч яваа мэт сонсогдсон тул айж сандран бууж өгчээ. Хорь шахам дайсны зэвсгийг нь хураахад тэд хууртсанаа сая мэдсэн ч оройтсон байв. Хэл хүргэхээр нэгийгээ буцааж, үлдсэн хэсэг нь мань хоёрын хамт дайсныг хадан хясаанд буу тулган саатуулсаар нөгөө хэсэг нь ирсэн аж. Ингэж хүчээр дийлээгүй гаминг арга залиар давсан юмсанж. Тэд Алтан нуга дахь цэргийн байранд очиж идэр эрс байлдааны сургууль хийж буйг харж сүрийг гайхав. Сүх жанжны цэргийн ачаар дээрэмдүүлсэн ачаа малаа эргүүлж авсан тэднийг буцахад нь жанжин гамин цэргийн даргаас хураасан тав үсэрдэг гар буу өгч “Эр хүн эх орноо хамгаалах үүрэгтэй” гэж айлдсан аж. Ингэж Нанзад нь Сүхбаатарын цэрэгт үлдэн бусад нь ачаа хөсгөө авч буцсан гэдэг. Энэ тухай Жав өөрөө цэрэгт үлдсэн мэт ярьдаг байлаа.
Тэр орой саахалт айлынхан тэднийд цуглан Жав Сүхбаатарын цэргийн сүр хүчийг бишрэн цэрэг цуухын сониноос ярихад нутгийнхан бүгд цугларан чих тавин сонсоно. Энэ хооронд эхнэр Жүгдэржав нь нялх хүү Лувсандамбынхаа хамт гамингаас дүрвэн хүрээ орсон байв. Жүгдэржав хүүгийнхээ хамт хүрээ орсныг Сүрэнжавд ээж нь дуулгав.
- Тэгээд хаана байгаа бол?
- Наймаачны хүрээнд гэнэ үү, тэнд ажилд орсон юм байх.
- Юу хийдэг юм бол доо, нялх хүүхэдтэй хүн?
-Хүүхдээ хажуудаа унтуулчихаад хувцас оёдог юм байх, манай эндээс олон хүн явсан олоон олон. Эд нар маань хүрээ хүрээ гээд л хотон дахь хэдэн малаа хаячихаад яваад байдаг боллоо. Өвгөн бас хот хүрээ орно гээд л байгаа, монгол хүн малаа орхиод яаж амьдрах юм бол гэхээр одоо чинь цаг өөр болсон гэдэг.
-Чи очоод юу хийх хүн бэ? гэж би асуудаг. “Манаач хийхгүй юу” гэх юм. “Би хүүтэйгээ ярьж байж болно” гэсээр бид хоёр л үлдэв шив.
-Тиймээ хөгшөөн? гэхэд саяхан орон дээр хэвтэж байсан өвгөн нь “ээзгий буцалгаж” байв.
- Нөгөө манаач хийх хүн маань харин дүнгэнтэл хурхирч байх шив, муу аав чинь одоо өтөлжээ. Юун манаач хийхтэй манатай. За за миний хүү одоо унтаж амар гэснээ удсан ч үгүй өөрөө өвгөнийхөө араас “ээзгий буцалгаж” гарав. Жүгдэржавыг хүрээ орсон гэдгийг сонссоноос хойш Сүрэнжавын сэтгэл тогтохоо больж, хэд хоноод аав ээж хоёрыгоо хэдэн малтай нь үлдээгээд эхнэр хүүхдийнхээ хойноос их хүрээний зүг хөдлөв.
Жүгдэржав хүүгээ тэврэн түүний мөрийг түшин нулимс унагаж угтсанаар тэдний амьдрал дахин эхэлж төдөлгүй нутаг буцав. Жав угаас шүтлэгтэй тул ууган хүү Лувсандамбыгаа сайн номтой лам болгож, эцсийн өдөр толгой дээр сан тавих хүнтэй больё гээд Амарбаясгалан хийдийн нэгэн ламд шавь оруулжээ. Өөрсдөө сумын төвд элдэв ажил хийн заримдаа шүүр шааж, пийшин барьж эхэлсэн тэр намраас хойш хэдэн жил өнгөрч тэд бүл нэмж хоёр хүүтэй болжээ.
Жав хөвгүүдээ багаас нь өөрийн биширсэн цэргийн ёс зашлаар хүмүүжүүлж, “Эр хүн эх орноо хамгаалах үүрэгтэй” хэмээн Сүх жанжны хэлснээр номолдог байв. “Залуудаа олсон тэвчээр хөгширдөггүй хэмээн хүүхдүүдээ багаас нь “Галуун цуваа”-нд явгалж, “Нарс гэдэг модоор наадмыг нь модон морь, савлуур болгон сийлж” дээр нь хөвгүүдээ цэргийн тэвчээр олгосоор залуус ч эрэлхэг зоригтой, эр чадалтай болж өсчээ. Цаг үеийн байдал ширүүсч, 1937 оноос Бургалтайд залуу лам нарыг цэрэгт татаж эхлэв. Ингэж Амарбаясгалан хийдийн арвандолоон настай лам хүү Лувсандамба лам малгай, орхимжтойгоо цэрэгт татагдан түүнтэй хамт Рэнцэнгийн Намхайдорж, Дагдандаагийн Цэгмид, Доржпаламын Гомбосүрэн, Цэрэндоржийн Дорж нар явжээ. Үүнээс өмнө лам нарыг цэрэгт татаж байсангүй, модон тагшаа өвөртлөн очсон балчир хүүхдүүд лам дээлээ тайлан цэрэг хувцас өмсч эрх мааниа орхин, буу, сэлэм агсаад цэргүүдийн дунд ороход зүүд зэрэглээ шиг санагдаж, дайсны өөдөөс байтугай зэвсэг агсахаас ч айж байлаа. Тэд Матадын наймдугаар дивизийн хорингуравдугаар морьт хороонд байлдагч болж амьдралд нь огцом өөрчлөлт гарсан аж.
Яаж анх цэрэгт мордож байсан болон цэргийн амьдралын тухай Доржпаламын Гомбосүрэн буюу хурандаа Гомбосүрэн гуай Улаанбаатарт энх тунх амьдарч байхдаа инээд хүрэм хөгжилтэй, нулимс унагам өрөвдөлтөй сонин адал явдлуудын тухай хуучлан ярьдаг байлаа. Гомбосүрэн гуай 1937 онд лам хүүхэд цэрэгт татагдаж тэтгэвэрт гартлаа цэргийн албанд зүтгэсээр хурандаа болсон хүн юм билээ.
Цэргийн амьдралд нухлуулсан хөвгүүд нас хэдий залуу ч хал үзэн хат сууж цэргийн эрдэм, хүчир албыг төвийн хуарангийн дэглэмээс эхлэн хил дээр хааж байтал зүүн хилээр элдэв дайсан цувж ойролцоох нөхцөл байдал ширүүсэн 1939 оны Халх голын дайны аюул армид цэрэг нэмж дайчлав. Бургалтайгаас Ишдонгоогийн Жамбалжав, Зундуйн Нацагдорж, Сэрээнэнгийн Магсар нарын залуус татагдаж байв. Үүгээр тэдний дайн дууссангүй, 1945 оны чөлөөлөх дайнд Бургалтайгаас Бадамын Намсрай, Базарын Дэмид, Доржийн Данзан, Лувсангомбын Дагва, Жадамба, Шийрэв, Батдондог, Бүрэнжаргалын Гомбожав, Бургалтайн Жамбалжав, Гомбожавын Самдан, Лхамжавын Ойдовдорж нар цэрэгт татагдаж байлаа. Энэ дайнд оролцсон Базарын Дэмид, Сүрэнжавын Лувсандамба нар нас барсан. Дэмид хорлогдож нас барсан гэж түүнтэй цуг явсан хүмүүс ярьдаг боловч сураг нь өнөөг хүртэл гараагүй. Харин энэ хоёр дайнд оролцон Монгол улсын баатрын дайтай гавьяа байгуулсан хүн бол Ивэнгийн буюу Сүрэнжавын Лувсандамба юм хэмээн Гомбосүрэн гуай хуучлан ярьдаг байлаа.
Халх голын дайн эхлэхэд Жав “Эр хүн эх орноо хамгаалах үүрэгтэй” хэмээх нөгөө л үгээ давтан аюул тулгарахад хараад суух эрхгүй хэмээн өдий хүрсэн, одоо ч тэр зангаараа хөвгүүдээ цэрэгт уриалахад эхнэр Жүгдэржав нь түүнээс
- Та бас явах уу?
- Тэгэлгүй яахав.
- Дөч гарсан хүн барах юм уу?
-Зүгээр зүгээр хөгшин минь. Би дайсанд дөч гарсан эр, дөрөө дарсан ат ямар байдгийг үзүүлнэ гэсээр хоёр хүүгээ дагуулан цэргийн хэлтэс дээр ирж миний баатруудыг хар, нутаг орныг маань дайсан гишиглэж байхад харж суух аргагүй гэхэд хэлтсийн дарга бошиг Цэрэндорж Лувсандамбыг цэрэгт авч сүр дулиантай үдээд Жав гуайг насанд хүрээгүй хүүхдүүдийнх нь хамт буцаав. Ууган хүү Лувсандамба нь Халхын голд тулалдан ялалт байгуулж дайн дуусахад нутаг орондоо ирж ээж ааваа баярлуулсан ч хэдэн жилийн дараа чөлөөлөх дайн эхлэв. Жүгдэржав дахиад л эр нөхрөөсөө
- Та бас явах уу?
- Тэгэлгүй яахав.
- Тавь хүрсэн хүн барах юм уу?
- Зүгээр, зүгээр хөгшин минь. Би дайсанд тавь хүрсэн эр, тав үсэрдэг бууны ид шидийг үзүүлнэ гэсээр хоёр хүүгээ дагуулан дахин дайнд мордов. Цэргийн хэлтсийн бошиг Цэрэндорж хуучин цэрэг Лувсандамбыг авч насанд хүрээгүй хүүг нь эцгийн хамт буцаав. Энэ явдлаас хойш бага хүү нь ээжтэйгээ хоёул шуудангийн Гонжид гуай дээр өдөр бүр очин горьдсон харцаар түүнийг харахад тэрээр гараа алдлан толгой сэгсэрч “Танай баатар дайсантай тулалдаж гавьяа байгуулаад захиа бичих завгүй яваа” гэж л байв. Харин тэртээ дал гаруй жилийн өмнөх энэ дайн тэдний гэр бүлийн хувьд аймшигтайгаар дууссан юм.
Чөлөөлөх дайн гэж чухам юун дайн юм бэ. Энэ бол монголчуудын хувьд харийн дайснаас эх орноо хамгаалж, гурван зуун жил тусдаа байсан Өвөрмонголчуудаа чөлөөлөх тухай дайн байлаа. Нөхцөл байдлаас шалтгаалан сүүлчийнх нь тухай чанга ярьдаггүй байсан юм. Дайны гол талбар нь Хятадын зүүн хойд хэсэгт Манжуур Хятадын нутаг Чуулган хаалга, Жанчхүү, Долнуур тэнд байрласан Японы Квантуны армийг устгахад чиглэж байв. Монголын талаас МАХЦ-гийн дөрвөн морьт дивиз, танк, их буу, хуягт болон бусад хилийн болон тусгай хороод, анги нэгтгэлүүд нийт хорь гаруй мянган цэрэг дайчид офицерууд оролцсон хэмээн түүхэнд үлдсэн байна.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа их гүрнүүдийн зэвсэгт хүчний байдалд өөрчлөлт гарч Японы эсрэг хөдөлгөөн өрнөв. АНУ, Японд атомын бөмбөг хаяж, эзэн хаан нь бууж өгөх мэдэгдэл хийсний дараа хоёр хоногт Орос улс 1945 оны наймдугаар сарын эхээр Японы эсрэг дайн зарлаж маргааш нь Монгол улс дайн зарлав. 1930-аад онуудын их хэлмэгдэлд өртөж, ихэнх эрчүүдээ хядуулж, 800 орчим мянган хүн амтай үлдсэн Монгол хорин хоёр мянган цэрэг эрсийг Манжуурт илгээсэн юм. Тэд Оросын улаан армийг Манжуурт нэвтрэхэд гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ дайнд Бургалтайн эрчүүд оролцон Чуулган хаалга хүртэл нийт мянга гаруй ки зам туулж тэнд гурван хоногийн турш шөнө өдөргүй дайтсан Жанчхүүгийн даваанд 1945 оны наймдугаар сарын 19-20-ны өдөр болсон тулаанд Монголын 13 баатар эр алтан амиа өгсөн нь түүхэнд үлджээ. Гол тулаан Халх голоос зүүн тийш орчим Сайхан цагаанд Квантуны армийг бут цохиж, 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр япончууд үг дуугүй бууж өгсөн тухай актад гарын үсэг зурснаар энэ дайн Монгол-Зөвлөлтийн армийн ялалтаар дууссан юм. Энэ ялалт бол ЗХУ-ын хувьд дэлхийн хоёрдугаар дайныг эцэслэж, монголчууд бидний хувьд тусгаар тогтносон улс болох эхлэлийг тавьсан түүхэн үйл явц болсон юм. Чөлөөлөх дайнд Монголын талаас 78 цэрэг офицер нас барсан гэдэг тоо байдаг юм билээ. Тэдний нэг нь Бургалтайн Сүрэнжавын Лувсандамба юм. Гэхдээ Бургалтайгаас энэ дайнд яваад буцаж ирээгүй миний төрсөн ах Базарын Дэмид болон бас бус хүмүүс байдаг юм. Иймээс энэ 78 гэхэд нэг л итгэж өгдөггүй юм.
Хятадын зүүн хойд хэсэгт намрын эхэн сарын эцсээр бороо хур ихтэй тул гол мөрний ус хальж үер ихтэй байдаг ажгуу. Олон зуун мод газарт элсэн цөлөөр морин марш хийсэн наймдугаар дивизийн тагнуулын 23 дугаар ангийн тусгай салааны дарга Лувсандамба өөрийн морин отрядтайгаа тулааны гол талбарт тагнуулд явж байв. Энэ отряд бол Улсын баатар Нянтайсүрэн, Жанчив нарын командалсан наймдугаар морьт дивизийн харъяа хуягтын механикжуулсан бригадын толгойн сэргийлэх, тагнуулын хорингуравдугаар анги байх хэмээн Гомбосүрэн хурандаа ярьдагсан. Ингэж яваад хүн хүч, зэвсгээр илүү дайсантай гэнэт тулгарчээ. Тэдэнтэй тулалдаж байсан монгол цэргийн тагнуулын хоёр суман гэнэтийн дайралтад өртөн нэг л мэдэхэд тус тусдаа салангад бүслэгдсэн байлаа. Тэд хүлэг морьдынхоо хурдаар Сайхан цагаанаас Халх голын зүг зугатан халз тулаанаас холдон зайлсхийж амжсан ч бүслэлтээс гарч чадаагүй хэвээр байв.
Одоо тэдний байгаа газар бол голын эрэг дагуу хоёр талаар эгнэн ургасан хэсэг улаан бургас бүхий мөргөцөг тохой тэр хэсэгтээ намхавтар газар байлаа. Энэ тохойн хавиар мушгиран урсах гол тэдэнд сайн нуувч боловч гол их үертэй, үүнээс цаашхи газар цагаан, хаашаа ч гарсан намхан толгодтой нүцгэн тал үргэлжлэн цэлийх агаад энэ голын цаана хил, монголын цэргүүд бий. Ийм үед цэргүүдээ амьд авч гарах нь л чухал байв. Цэргүүдээ мэнд гол гаргачихвал өөрийнхөнтөйгөө нийлэх тухай Лувсандамба бодож байлаа. Иймээс тэд чухам үүгээр гол гаталж нөгөө талд гарах нь тактикийн хувьд зөв, цаанаас тусламж ирэхэд хялбар нийлж болох цорын ганц гарц байлаа. Гэсэн ч голын нөгөө эрэг үерт нурж огцом хана үүссэн тул ачаа тэрэг, морь мал гарах боломжгүй байв. Амьд амьтан болгон нуугдаж дүрвэн алга болсон энэ хэсэгт авиа ч үл гарахаар нам гүм байх энэ агшин буун дуунаас ч илүү нэг л аймшигтай санагдана. Гагцхүү голын тэртээ дээгүүр эргэлдэн нисч буй хүрэн элээ энэ бүхнийг ер тоосон шинжгүй тун удалгүй доош буун хүүр, малын сэг зэм дээр ажиг үгүй тухлан сууна. Голын нэг талд иймэрхүү ёозгүй бүүдгэр байхад, нөгөө эргийн цаадах намхан толгодын оройгоор наран мандаж харагдана. Энэ хэсгээс доош бургас үгүй, бутлаг нам ургамал төдий, цаашлах тутам армаг тармаг болж голын нөгөө эргээр чулуун хайрга бүхий сайр, нам гарамтай ч эргэн тойрны юм ил гарч ирнэ. Гэсэн ч тэд дайсныхаа хараанаас холдох тул бургастай хэсгээр орж урсгал даган доошилж эрэг нам хэсгээр гол гарах энэ хувилбарыг сонгов.
Лувсандамба үлдсэн цэргүүдийнхээ хүчийг гол гатлахад зохион байгуулж, болзошгүй тулаанд базааж эхлэв. Одоо бүслэлтээс гарч нэгдэхийн төлөө ухаан зарж аюул тулгарвал эр эмээ үзэлцэх нь гарцаагүй боллоо. Олон хүнтэй арай илүү цэрэг зэвсэгтэй нь Лувсандамбын суман, нэг тачаанк тэргэндээ хөнгөн пулемёттой байлаа. Нөгөө хэсэгтэйгээ амь дүйсэн тулалдаанд нэгдэж чадсан боловч нилээдгүй хэд нь үрэгджээ. Одоо тэд голын нөгөө эрэгт гарах нь амь насных нь баталгаа, эх орныхоо өмнө тангарагаар хүлээсэн үүрэг, дайны үеийн тушаал, туйлын зорилт болжихуй. Лувсандамба хорооны штабын сүүлчийн тушаалыг эргэн санав. “Бүслэлтээс хүчээ нэгтгэн голын нөгөө эрэгт гарсугай, олзлогдож үл болно” гэжээ.
Тал бүрээсээ дайсанд бүслэгдсэн тэдний суман хороогоо хаана буйг мэдэхээр тагнуул гаргаж, хороо тийш холбоочин илгээсэн боловч хаа яваа нь тодорхойгүй. Одоо тэд амарсхийгээд гол гатлах хэрэгтэй. Гол гатлах гэдэг тайван цагт жирийн зүйл авч цэрэг дайны ийм нөхцөлд маш эрсдэлтэй цөөн хэдэн цэргийн хүчээр эргэн тойрон хүрээлсэн галт зэвсэгт дайсны дундуур үертэй гол гатлах нь ухаанд багтамгүй зүйл, гагцхүү эх орныхоо өмнө тангараг өргөсөн дайчдын хувьд элгэн нутгаа хамгаалах нэр төрийн хэрэг байсан юм. Гээд ч үүнээс өөр зам тэдэнд байсангүй.
Гол гатлах үед буудалцаан болоход эрэг дээрээс тэднийг галаар халхлах хөнгөн пулемётчинг нэг хэсэгт гарган нуцлав. Ганц нэгээр сэм гатлах тохиолдол өтгөн манантай үед байвчиг олон цэрэг эрс, зэр зэвсэг, хөсөг тэрэг, хүлэг морьд бүгд дайсанд анзаарагдахгүй гарах боломжгүй ажээ. Тэд боломжтой үеийг хүлээн суух тутам дайснууд ойртсоор тул урьтаж хөдлөх хэрэгтэй болов. Дайснууд ч ар араасаа цуварсаар л....
Жижиг хуягттай явган цэргүүд тэдний гарах гэж төлөвлөсөн энэ хэсэгхэн хонхор доорх нууцгай хэсгийг анзаараагүй бололтой түүнээс дээгүүр эрэгт дөхөж байгаа нь тэртээд харагдаж, хааяа их буун дуу сонсогдох ажгуу. Тэд урсгал даган доош хөвөх нь дайснаас холдох ч нам дор газраас ил гарч харагдах эрсдэлтэй. Түүнээс дээш тэр хавийн бусад бүх газрыг салаа цэрэг байтугай шувуу ч нэвтрэхгүйгээр дайснууд эзэлжээ. Энэ тохойн нөгөө талд бутлаг ургамал алаг цоог модтой хоёр хэсэг өндөрлөг байх агаад энэ бол Монголын газар нутаг юм. Голын нөгөө эрэгт энэ толгойн эсрэг талд буй өндөрлөгийн ардаас утаа суунаглах нь дайсны хүнд зэвсгүүд бололтой. Байн байн шоволзон байх нь дуранд үзэгдэх тул тэнд дайсны нууц харуулын цэг буюу далдаас ажиглах нуувч байгаа нь тодорхой.
Ирэх эсэх нь үл мэдэгдэх нэмэлт хүч иртэл хуягт бүхий дайсныг торгоон барина гэдэг сүүлчийн хүчээ дуустал амь өрсөн тулалдахын нэр. Тийм хүч ч тэдэнд байсангүй. Ойрын хэд хоногт бороо их орж тэнгэр бүрхэг холын бараа төдийлөн харагдахгүй байсан тул тэд энэ нөхцлийг ашиглан гол руу хөдлөв. Цэргүүд морь малаа хөтлөн, зэвсгээ мөрлөн үертэй гол руу орлоо. Улаан хоормог болон оволзсон голын ус захад нь дөнгөж ороход л морины ташаа хальж эхлэв. Цэргүүд мориныхоо сүүлнээс зүүгдэн урсгал даган хөвсөөр голын дунд хэрд хүрч байхад тэд бургаснаас гарч ил болсон тул дайсны эхний буун дуу хадав. Мэдээж тэд олоод харчихжээ. Энэ үед голд явсан салааг хамгаалан эрэг дээрээс халхавчийн пулемёт тачигнаж энэ хооронд амжиж эцсийн дайчдаа эрэг дээр гартал нь Лувсандамба дайсны галыг өөр дээрээ татахаар шийдэж дээд талаар буудалцан явсаар цэргүүд урсгал даган холдож нөгөө эрэгт эсэн мэнд гарчээ. Хүчээр давуу атлаа монгол цэргүүдийг гол гарахад нь устгаж чадаагүйдээ хорсол нь буцалсан дайснууд одоо голд дунд илхэн үлдсэн Лувсандамба дээр улайран хамаг хүчээр галлаж эхлэв. Ширүүн галын дунд орсон Лувсандамба төдөлгүй дайсны суманд өртөн алтан амиа алдсан юм. Түүний бие голын эрэг дагуу хөвсөөр ...
Халхавч хийж байсан тачаанктай пулётчин гол руу түүн дээр ирэхэд Лувсандамба нэгэнт амьсгаа хураасан байв.
Гол гаталсан цэргүүд эргээд дайснуудтай буудалцаж эхлэв. Ширүүн тулааны их нүргээн дундаас моторын дуу хадаж төдөлгүй Зөвлөлтийн улаан армийн бөмбөгдөгч онгоцнууд шуугин ирж дайснуудыг бөмбөгдөж эхлэв. Монгол цэргүүд ч ирлээ.
Ингэж Лувсандамба амиа алдсан ч түүний салаа хороотойгоо нэгдэн тэр дороо л тулаанд орсон билээ. Энэ байлдаанд тэд тэр хавийг харийн дайснаас бүрэн чөлөөлж, амь үрэгдсэн дайчдаа өөрийн нутагт нь оруулж оршуулав.
Сүрэнжавын Лувсандамба арваннайман настай 1938 оны дайны хүнд жилд анхныхаа тулалдаанд, улмаар Чөлөөлөх дайнд оролцон эх орноо хамгаалж, Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор хоёр удаа шагнагдаж явсан Ивэн,Бургалтайн унаган хүн юм. Тэрээр 1944 оны чөлөөлөх дайнд тагнуулын сумангийн даргаар онцгой нууц даалгавар гүйцэтгэн Хятадын нутагт явж байхдаа ингэж үертэй голоор өөрийн ангийг гаргахын тулд дайсны галын гол хүчийг өөр дээрээ татан ангиа эсэн мэнд гол гаргаад өөрөө эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэн энэ газар шороон дээрээ халуун амь, бүлээн цусаа шингээн хойч үедээ үлдээсэн бөлгөө.
Лувсандамба бол Жанчхүүгийн даваанд амь үрэгдсэн монгол цэрэг эрсийн жагсаалтад мөнхрөн үлдсэн, чөлөөлөх дайны ялалтын түүхэнд бичигдэн үлдэх учиртай баатарлаг эр юм. Бургалтайд эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулж явсан хатан зоригт аавын хөвгүүд олон бий.
Лувсандамба дайчин нөхдөө хамгаалан гол гаргаад өөрөө амь алдсан тухай мэдээг сумын холбооны Гонжид өвгөн, Сүрэнжав, Жүгдэржав нарт хүргэв. Үүнээс хойш Жав өвгөн өөрөө хэрхэн гаминг мөрдөж явсан, хөвгүүдээ цэрэгт хэрхэн мордуулснаа ярьсаар нэг намар дулаан орныг зорих галуун цувааны хамт одсондоо зайлуул. Дараа жил нь бас нэг хүү цэрэгт явах болоход ээж нь хүүгээ дэргэдээ байлгах арга хайн цэргийн ар гэр хэмээн хөөцөлдсөөр цэргийн сургуульд өгч Жүгдэржав өвлийн хүйтэнд нөхрийнхөө барьж өгсөн шавар пийшингээс өөр нөмөргүй хоцорчээ.
Навчис гандсан намар цаг шаргалтаж, дээгүүр хөврөх үүлэн дундаас нүүдлийн шувуудын дуу гангинахад гаднаа гунихарч ганцаар зогссон Жүгдэржав тэнгэрийн хаяаг ширтсээр тэртээ дээр үед нөхрөө аян замд үдэж байхад галуун цуваа зэллэн хөвсөн намрын ийм өглөө байсан нь сэтгэлд нь бууж дээгүүр нисэх шувуудын араас нулимс мэлмэрүүлэн миний нөхөр, миний хүүхдүүд намайг дуудаж байна гээд алчуураа зангидан гүйтэл гадаа нь хүнгэнэх чимээ гарч суудлын жижиг ногоон тэрэг ирж зогсов. Машин дотроос нэгэн залуу эр, мөн залуу эмэгтэйн хамт бууж түүний зүг харж инээсээр ойртон “Ээжээ, би ирлээ” хэмээн цэрэг маягаар ёслон инээхэд ээж нь отгон хүүгээ танин түүнийг тэврэн угтлаа. Тэрээр сургуулиа төгсөөд цэрэгт явахаар ээжтэйгээ уулзаж эхнэр болох хүнээ танилцуулахаар яваа нь энэ аж.
Жүгдэржав түүнийг тэврэн “Хаашаа ч явуулахгүй” гэсээр хүүгээ эх орны цэргийн албанд үдэж араас нь харуулдсаар үлдлээ.
Монгол улс Чөлөөлөх дайнд ялсны 70 жилийн ойг тохиодуулан энэ дайнд оролцон улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын төлөө эрэлхэгээр тэмцэн баатарлаг гавьяа байгуулан алтан амиа алдсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат Сүрэнжавын Лувсандамбад Монгол Улсын Баатар цол нэхэн олгох нь зүй ёсонд нийцэх буйзаа. Зохиогч миний бие Бургалтайн Сүрэнжавын Лувсандамба гэдэг энэ хүнтэй садан төрлийн ямар нэг холбоогүй. Харин миний болон аав, ээжийн минь өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харъяат хүн тул энэ тухай багадаа болон сүүлд энэ хүний өвөг эцэг Бургалтайн хууз Сандагдорж гэдэг өндөр настан буурлын үр, ач, зээ нар болон нутгийн иргэдээс олж сонссон зүйлүүд мөн намайг найман настай байхад 1952 оны зун миний төрсөн эцгийн садан төрлийн хүн партизан Ж.Нанзад гуай эхнэр Дэмчигсүрэн охин Хишигт | миний төрсөн эгч, үрчлүүлсэн| нарын хамт морин тэргээр манайд зочилж байхдаа хоёр дайнд оролцож амиа алдсан Лувсандамба гэдэг хүний тухай ярьж байсан бодит түүхүүд орсон болно. Би хэдийвээр балчир хүүхэд байсан ч түүний яриа ой тойнд минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн билээ.
Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ
(өгүүллэг)

0 Сэтгэгдэл