Л.БАТБААТАР
Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд барилгын салбар хамгийн эрчимтэй хөгжиж буй юм. Тохилог орон сууцанд амьдрах гэсэн иргэдийн хүсэлт буюу нийлүүлэлтээс давсан эрэлт мөн зээлийн уян хатан бодлого энэ салбарт хамгийн их түлхэц өгч байлаа. Чанартай чанаргүйг үл харгалзан иргэд байр авдаг “Алтан үе” ч байсан. Хэт их эрэлтээс үүдэн үнийн хувьд “Хөөсөрсөн” нь ганц, хоёрхон жилийн өмнөх явдал. Гэвч айсуй эдийн засгийн хямрал болон эрэлтийг буруу тооцсоны улмаас зах зээлд 20 мянга гаруй орон сууц борлогдох магадлалгүй болсон нь салбарын хувьд хүнд цохилт болов.
Барилга барих нь ганц барилгачдын ажил биш. Олон салбарын хамтын ажиллагааны үр дүнд тохилог орон сууц сүндэрлэн босдог. Өчигдөр эдгээр салбарын төлөөлөл оролцсон “Барилга орон сууц 2015” уулзалт семинарыг зохион байгуулж тулгамдсан асуудлаар санал солилцлоо. Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “УБЦТС”, УБДШС” ТӨХК, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцон хот төлөвлөлт, дэд бүтэц, дулаан, цахилгаан шугам сүлжээний хүрэлцээ хангамжийн талаар мэдээлэл хийв.
Б.Алтандуулга: Гэр хорооллын цахилгаан түгээлт найдвартай байдлын хувьд хүндрэлтэй
/“УБЦТС” ТӨХК-ийн Техник, бодлого шинэчлэлийн хэлтсийн дарга/
Манай компани Дулааны 2, 3 дугаар цахилгаан станцаас эрчим хүч худалдан авч, хэрэглэгчид болон аж ахуйн нэгж байгууллагад түгээх үйлчилгээ үзүүлдэг. Компанид тохиолдож буй хүндрэлтэй асуудлын нэг нь тоног төхөөрөмжийн элэгдэл хуучрал. Гучаас дээш жил ашигласан тоног төхөөрөмж дийлэнх хэсэг нь байгаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын цахилгаан хэрэглээний ачаалал эрс нэмэгдэн, дэлхийн дунджаас 2-3 дахин их байгаа. Цахилгаан хэрэглээний өсөлт нь эдийн засгаас шууд хамааралтай. Ачааллын оргил үе нь эдийн засаг өссөн 2012 болон 2013 он байв. Хямрал эхэлсэн 2014 онд өсөлт долоон хувьтай хадгалагдсан. Улаанбаатар хотын цахилгааны өсөлт жилд дунджаар 7-10 хувиар нэмэгдэж байна. Мөн хэрэглэгчийн тоо жил ирэх тутам өсдөг. Нийт хэрэглэгчийн 49 хувийг орон сууцны, 35 хувийг нь гэр хорооллын, зургаан хувийг аж ахуйн нэгж эзэлдэг судалгаа бий. Хотын төвийн цахилгаан түгээлтийн найдвартай байдал харьцангуй сайн. Яагаад гэвэл өргөжин тэлэх боломжгүй учраас. Гэр хороолол нь байнга өргөжин тэлж байдаг болохоор цахилгаан түгээлт, найдвартай байдлын хувьд хүндрэлтэй байдаг.
Э.Батмөнх:180 км шугамын ашиглалтын хугацаа дууссан
/“УБДШС” ТӨХК-ийн Инженерийн албаны дарга/
“УБДШС” компани нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг найдвартай хангахын тулд төвлөрсөн дулаан хангамжийн системийн ашиглалт, горим тохируулга, хэтийн төлөв, тооцоо судалгаа, засвар үйлчилгээ, дулааны эрчим хүчийг түгээх борлуулах зэрэг үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна.
Манай компани 2014 таван тэрбум 45 сая гкалл дулааны эрчим хүчийг өөрийн эзэмшлийн 150-1200 мм-ийн голчтой, 380 орчим км-ийн урттай 13 Төв магистраль шугам, даралт болон насосны найман станцаар дамжуулан 2800 гаруй хэрэглэгчийн 9000 гаруй обьектэд дулаан түгээн ажиллалаа. Сүүлийн жилүүдэд хотын барилгажилттай холбогдон дулааны эрчим хүчний хэрэглээ 1.1-6 хувийн өсөлттэй байгаа. Дулааны эрчим хүчний түгээлтэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь агаарын температур. 2014 онд агаарын температур олон жилийн дунджаас 6.6 хэмээр дулаан байснаас хэмнэлт 1.2 хувьтай гарсан. Гол хүндрэл нь нийслэлийг дулаанаар хангадаг 380 км шугамын 49 хувь буюу 180 км шугамын ашиглалтын хугацаа дууссан явдал.
Эрчим хүчний яам, нийслэлийн болон компанийн дотоод нөөц бололцоог ашиглан сүүлийн таван жилийн хугацаанд 60 гаруй тэрбум төгрөгийн өртгөөр хуучирсан шугамын 20 хувийг шинэчиллээ. 2008 оноос эхлэн барилгажилтын ажил эрчимтэй нэмэгдсэн. 2015 онд 230 барилгыг дулааны шугам сүлжээнд холбохоор урьдчилсан судалгаа гаргаад байна.
Ш.Энхжаргал: Усны хэрэглээ нийт нөөцөө давах тооцоо бий
/Ус сувгийн удирдах газрын Ус хангамжийн инженер/
Туул голын сав дагуу долоон эх үүсвэрээс гүний худгаар усыг олборлон хэрэглэгч рүү бид түгээдэг. Долоон эх үүсвэрийн хоногийн нийт нөөц нь 286800 шоо метр ус юм. Одоогийн байдлаар долоон эх үүсвэрээс 152000 шоо метр ус хоногт олборлон нийслэлийн хэрэгцээнд түгээж байна.
Урьдчилсан тооцоогоор 2016-2020 онд 252000 метр куб усыг хоногт хэрэглэх судалгаа бий. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах, тендерийн нөхцөл олголтоос үзэхэд хоногийн 286800 шоо метр усны нөөцийг хэрэглээ нь давах тооцоо гарсан. Одоогоор шинэ орон сууцыг 100 хувь, хуучны сууцыг 60 хүртэл хувиар тоолууржуулсан. Ингэснээр давсан хэрэглээг хэмнээд 252000 метр куб усыг нийлүүлэх урьдчилсан тооцоог хийлээ. Нийт 1.2 сая хүн амын 95.3 хувийг бид усаар хангаж байна. Үлдсэн 4.7 хувь болох Багануур дүүрэг болон Зайсангийн иргэд төвлөрсөн усан хангамжид хамрагддаггүй. Усны үнэ хямд байснаар үргүй зардал их гарч байна. Өнгөрсөн онд хэрэглээний усны үнэ нэмэгдсэн.
Усны үнэ нэмэгдсэнээр хэмнэлт гарсан нь судалгаанаас харагдсан. Цаашид усны үнийг нэмэх талаар санал боловсруулан дээд байгууллагад хүргэх болно. Нийт олборлосон усны 85.9 хувийг орлого болгон төвлөрүүлж авч байна. Шугам сүлжээний алдагдлыг жил болгон бууруулж байна.