Т.ЖАНЦАН
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийн 14 дүгээр хуралдаан манай улсад болж байна. Энэ хөтөлбөрт манай улсаас гадна БНХАУ, Азербайжан, Афганистан, Тажикстан, Пакистан, Узбекстан, Туркменстан, Киргиз, Казахстан зэрэг 10 орон гишүүнээр элссэн байдаг. Уг хөтөлбөрийг 1996 оноос хойш Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын сэргээн босголтын банк, Олон улсын валютын сан, Исламын хөгжлийн банк хамтран хэрэгжүүлжээ. Энэ хөтөлбөрийн зорилго нь Төв Азийн бүс нутагт тээвэр худалгааг хөнгөвчлөх, эрчим хүч, худалдааны бодлогыг харилцан уялдуулахад оршино. Энэ хуралд гишүүн орнуудын 40 гаруй төлөөлөгч оролцож байна. Хурлын үеэр Гаалийн ерөнхий газрын дарга Б.Цэнгэлтэй ярилцлаа.
-Импорт буурч гаалиас улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурсан. Ер нь, төлөвлөсөн орлого хэдэн хувиар бага байна вэ?
-Улс орны эдийн засаг өнөөдөр амаргүй нөхцөлд байгаа. Хөрөнгө оруулалт зогсонги байдалд орсон, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасан явдал гаалиас улсын төсөвт төвлөрүүлэх орлого буурахад шууд нөлөөлж байна.Тухайлбал, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал татвартай импортын бараа 800-900 сая ам.доллараар буурлаа. Үүнийг дагаад татварын орлого багассан. Гэвч бид ногдсон орлогоо бүрдүүлэх гэж дотоод нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Гаалийн хяналт шалгалт, бүрдүүлэлтэд анхаарч буй юм. Энэ ажлын үр дүнд төлөвлөсөн орлого бүрдүүлэлт 70 гаруй хувьтай байна. УИХ-ын намрын чуулганаар төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болох байх. Гаалийн ерөнхий газар энэ оны төсөвт төлөвлөснөөр 1.8 их наяд төгрөгийн орлого бүрдүүлэх учиртай.
Гэтэл өнөөдөр төлөвлөгөөт орлогын 30 орчим хувь нь биелэхгүй байна. Тэгэхээр үлдэж буй дөрвөн сард энэ төлөвлөгөө бүрэн биелэх нь хүнд асуудал. Улс энэ мөнгийг орж ирнэ, эдийн засгийн хөгжилд зарцуулна гэж төлөвлөсөн. Энэ мөнгө нь орж ирэх боломжгүй болсон тул төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Бид асуудлаа Сангийн яаманд тавьж байгаа. Иймд төсвийн тодотголоор гаалиас бүрдүүлэх орлогыг тодорхой хэмжээгээр хасч тооцох байх гэж бодож байна.
-Гаалийн татвараас ямар тохиолдолд бараа бүтээгдэхүүнийг импортын татвараас чөлөөлж байна вэ?
-Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Иймд хүлээсэн үүрэг бий. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгууллаа. Энэ гэрээгээр тодорхой хэмжээний бараанд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Ингээд тус улсаас импортоор орж ирэх 9000 гаруй бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар 0 асуудал яригдаж байгаа. Жишээ нь, манай улс авто машин үйлдвэрлэдэггүй. Японоос шинэ авто машин импортоор оруулж ирвэл гаалийн татваргүй болгох асуудал үндсэндээ шийгдэж буй юм. Монголоос ч тус улсад экспортолж буй бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар тавихгүй байх асуудал бий.
-Алтанбулаг-Хиагтаар зорчиход иргэд олон цаг дугаарлаж хүндрэл учирсаар байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-ОХУ-ын Уфа хотод өнгөрсөн сард Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн уулзсан. Энэ үеэр гурван улсын гаалийн байгууллагын удирдлага бас уулзалт хийсэн юм. Уг уулзалт гурван улсын гаалийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх чухал үйл явдал болсон. Учир нь, хоёр төрлийн чухал хэлэлцээр байгуулсан. Эхнийх нь гурван улсын гаалийн байгууллага гадаад худалдааг дэмжих чиглэлд хэрхэн хамтарч ажиллахыг тодорхойлсон юм. Хоёр дахь нь хилийн боомт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх хэлэлцээр хийлээ. Эдгээр хэлэлцээрийн дагуу Алтанбулаг, Хиагтын боомтод анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна. Ингээд ОХУ-ын гаалийн байгууллагатай хэд хэдэн санамж бичиг, хэлэлцээр хийлээ. Дээр нь Оросын талын боомтод авто тээврийн шалган нэвтрүүлэх цогцолбор хамтарч хэрэгжүүлэх проткол байгуулах санал тавьсан. Мөн ОХУ-ын Гаалийн дарга манай улсад айлчилна. Би саяхан Сэлэнгэ, Алтанбулгын боомтын ажилтай танилцлаа. Сангийн яамтай зөвшилцөж 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт тус боомтод хийхээр тохирлоо. Оросын тал Монгол руу орох, гарах авто замын урсгалаа хоёр болгож байна. Сэлэнгийн гаальд рентген тоног төхөөрөмж ашиглалтад оруулж байгаа. Манай талд хянаж шалгасан рентген тоног төхөөрөмжийн зургийг Оросын тал хүлээн зөвшөөрөх проткол байгуулсан. Өөрөөр хэлбэл, нэг улсад хяналт шалгалт хийсэн барааг нөгөө улс нь шалгахгүй нэвтрүүлнэ гэсэн үг. Тэгээд ямар нэр төрлийн барааг шалгахгүй нэвтрүүлэх жагсаалтаа тохирсон. ОХУ-аас 50 гаруй нэр төрлийн бараа бий. Манайхаас дөрөв, таван төрлийн бараа байгаа. Тухайлбал, эрэгтэй эмэгтэй бэлэн хувцас, монгол гэр гэх мэт барааг манайхаас ОХУ руу оруулахад шалгахгүй нэвтрүүлнэ.
-Яагаад шалгалтгүй нэвтрүүлэх барааны жагсаалт манайх цөөн, Оросынх олон байна вэ?
-Энэ нь хоёр улсын гаалийн байгууллагаас гадна бусад мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтаар ордог асуудалтай холбоотой. Цаашдаа хяналтгүй нэвтрүүлэх барааны тоо, нэр төрлийг нэмэгдүүлэх яриа хэлцэл хийнэ. ОХУ-ын Гаалийн дарга айлчлахад хамтарч ажиллах асуудлууд, хоёр улсын хилийн боомтыг хөгжүүлэх талаар дорвитой алхам хийнэ гэж бодож байна.
-КАРЕК-ийн хөтөлбөрт хамрагдсан орнуудын энэ удаагийн хурлаар ямар ямар асуудлыг шийдвэрлэх вэ?
-КАРЕК-ийн энэ жилийн хурлаар найман асуудал авч хэлэлцэж байна. Эхнийх нь бүс нутгийн орнуудын хүрээнд худалдааг хөнгөвчлөх талаар хийх ажил, тэргүүн туршлага солилцож буй юм. Энэ удаагийн хурлын нэг онцлог нь хувийн хэвшлийнхэн тээвэр зуучийн компаниудыг оролцуулж байгаа явдал. Мөн Евро Азийн эдийн засгийн коридорын тухай ярилцана. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн коридор хэрхэн бүрдүүлэх, үүний тулд тухайн улс, байгууллагууд ямар бэлтгэл хангах нь тодорхой болно гэсэн үг. Энэ коридор нь бүс нутгийн худалдаа арилжааг нэмэгдүүлэх арга хэмжээ юм. Мөн хилийн менежментийн асуудлыг хэлэлцэнэ.
Энэ хүрээнд дамжин өнгөрөх тээврийн тухай ярилцах юм. Учир нь, дамжин өнгөрч байгаа тээврийн бүрдүүлэх бичиг баримтыг цөөлөх гаалийн хяналт шалтгалтыг хялбаршуулах шаардлага бий. Эдгээрээс гадна аюулгүй байдлын тухай нэлээд нухацтай хэлэлцэнэ. Сүүлийн үед олон улсын хэмжээнд терроризмын талаар нэлээд ярих болсон. Бас гааль дээр гардаг хэрэг зөрчлийн нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Тухайлбал, манай улсын хувьд гэхэд хар тамхи, химийн хорт бодис, галт зэвсэг хууль бусаар хил дамжуулах гэсэн хэрэг гарч байгаа. Иймд аюулгүй байдлыг хангах нь чухал. Бас техник технологийн дэвшилт гарч интернэт худалдаа өргөн дэлгэр боллоо. Тэгэхээр гаалийн байгууллага хяналт шалгалт яаж зөв оновчтой тавих, эрсдэл хэрхэн тооцох тухай ярилцаж байна.
-Тэгэхээр дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр ачаа эргэлтийн хугацаа хэдэн хувиар багсах бол. Манай улсаар жилд хэдий хэмжээний ачаа дамжин өнгөрч байна вэ?
-Тээвэр зуучийн байгууллагуудад тохиолддог гол асуудал нь транзит тээвэр. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрч буй транзит тээвэр голдуу төмөр замаар явдаг. Нийт ачаа эргэлтийн 45 гаруй хувийг өнөөдөр транзит тээвэр эзэлж байна. Сүүлийн үед авто тээвэр хөгжиж байгаа. Замын-Үүдээс Алтанбулаг боомт хүртэл олон улсын хэмжээний Н 3 гэдэг зам бий. Алсдаа энэ чиглэлд хурдны зам тавих юм. Өнгөрсөн онд 200 гаруй ачааны авто машин транзит тээвэр хийсэн. Төрийг төлөөлж гаалийн байгууллага, экспорт, импорт эрхэлдэг компаниуд, тээврийн зуучлагч нар хамтран ажиллаж байж гадаад худалдаа, бараа эргэлтийг нэмэгдүүлэх учиртай.
-Гаалийн байгууллага гадаад худалдааг хөнгөвчлөх талаар ярилцаж тодорхой арга хэмжээ авч буй гэсэн. Энэ талаар ямар ямар ажил хийж байна вэ?
-Бид гаалийн хяналт шалгалт хийхээс илүү үйлчилгээний байгууллага болох чиглэлтэй байгаа. Монгол Улс гадаад худалдаанд оролцогч компаниудаа дэмжих бодлого баримталж буй. Үүнд гаалийн байгууллага гол үүрэг гүйцэтгэх учиртай юм. Бид гадаад худалдааг хөнгөвчлөх талаар маш олон алхам хийж байна. Тухайлбал, өнөөдөр 50 гаруй улсад эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор гэж бий. Бид үүнийг нэвтрүүлнэ. Үүнийг хамгийн идэвхтэй ашиглаж буй улс бол Хятад. Эдийн засгийн итгэмжлэгдсэн оператор гэдэг нь тухайн аж ахуйн нэгжийг гаалийн хяналт шалгалтаас чөлөөлж буй нэг хэлбэр. Татвараа төлдөг бараагаа зөв мэдүүлдэг аж ахуйн нэгж олон бий. Ийм аж ахуйн нэгжүүдийн барааг орж ирэх болгонд шалгаад байх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Харин алдаа зөрчил гарвал ногдуулах шийтгэл нь хатуу байна.
Мөн гаалийн мэдүүлгээ интернэтээр бүрдүүлдэг системд шилжсэн. Энэ мэтээр шат дамжлага цөөлж цаас хэмнэх боллоо. Дээр нь эрсдлийн удирлагад суурилсан менежмент нэвтрүүлж байгаа. Учир нь, зөрчил гаргадаггүй аж ахуйн нэгжүүдийг судалж гаалийн хяналт шалгалтаас чөлөөлсөн. Эрсдлийн менежментэд хамрагдаж гаалийн хяналт шалгалтаас чөлөөлөгдсөн аж ахуйн нэгжийн тоо одоогоор 45 хувьд хүрлээ. Бас гааль дээр хийж буй төлбөр тооцоог найман банктай хамтарч цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгэхдээ 250 гаруй дансыг цөөлж 30 болгосон. Эдгээр алхам бол гадаад худалдааг хөнгөвчилж цаг хугацаа хэмнэж, бараа эргэлт нэмэгдүүлж буй ахиц дэвшил.