“Евро-2012”-ын хуваарийн дагуу өнгөрсөн шөнө “А” хэсгийн хоёр тоглолт
болсон. Нээлтийн тоглолт тэмцээнийг хамтран зохион байгуулагч Польш
болоод 2004 оны тивийн аварга Грекийн багийн хооронд болж, 1:1
харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол хоёр дахь тоглолт ОХУ болон Чехийн
шигшээ багийн хооронд өрнөж, хойд хөршийн баг итгэл төгс ялалт
байгуулснаар энэ жилийн Европын аваргын титмийн төлөө өрсөлдөх хүчтэй
өрсөлдөгч гэдгээ харууллаа. Польшийн Вроцлав хотноо болсон тоглолтод Дик
Адвокаатын багаас Алан Загоев дубль хийж, Роман Широков, мөн сэлгээгээр
талбайд гарсан Роман Павлюченко нар гоолдсон бол Чехийн багийн нэр
төрийн гоолыг Ярослав Пласил оруулжээ.
“А” хэсгээс хасагдах
шатанд шалгарах боломжтой гэгдэж буй тус хоёр багийн тоглолт Оросын
шигшээ багийн ноёрхол дор өрнөсөн. Багаа ахлан талбайд гарсан
“Арсенал”-ын довтлогч Андрей Аршавин үүргээ сайн гүйцэтгэсэн.
Голланд
мэргэжилтэн Гүсс Хиддинкийн удирдлага дор “Евро-2008”-ын хагас шигшээд
шалгарч байсан ОХУ дараагийн тоглолтоо зургадугаар сарын 13-ны 02.45
цагт Польшийн багтай хийнэ.
Харин өнөөдөр “В” хэсгийн тоглолтууд
болно. “Үхлийн” хэсгийн эхний тоглолт Украйны Харьков хотноо 00.00 цагт
Дани болон Голландын багийн хооронд болох бол хоёр дахь тоглолт Львов
хотод 02.45 цагт Герман ба Португалийн шигшээ багийн тоглолтоор
үргэлжлэх юм.