Т.ЖАНЦАН
Эдийн засаг эрс муудсаныг аль ч ТҮЦ, лангуу, дэлгүүрийн худалдагч гэрчилнэ. Учир нь иргэдийн сарын зарлага орлогоосоо давж хэрэглээ хумигджээ. Нэг өрхийн сарын бодит мөнгөн орлого энэ оны эхний хагас жилд 909 мянган төгрөг байна. Энэ нь өрхийн орлого өнгөрсөн оныхоос 15 мянган төгрөгөөр буурсаныг статистикийн судалгаанаас харж болно.
Гэтэл сарын дундаж зарлага 979 мянган төгрөгт хүрч өнгөрсөн оныхоос 59 мянган төгрөгөөр буюу 6.4 хувиар өслөө.
Ингээд нэг өрх сард юу юунд хэдэн төгрөг зарцуулж байгааг задалж үзье. Энэ оны эхний хагас жилийн байдлаар өрхийн хүнсний бүтээгдэхүүний зарлага 26 мянган төгрөгөөр өсчээ. Сард нэг өрх хүнсэндээ 244 мянган төгрөг зарцуулж буй тооцоо гарав. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүнд 75, гурил гурилан бүтээгдэхүүнд 59 мянган төгрөг тус тус зарцуулж буй аж. Үүн дээр төмс, хүнсний ногоо, жимс гээд хүнсний бусад бүтээгдэхүүний зардал нэмэгдэнэ.
Тэгвэл хүнснээс бусад бараа, үйлчилгээнд 715 мянган төгрөг сард зарцуулах болж. Энэ нь өнгөрсөн оныхоос 34.6 мянган төгрөг буюу 5.1 хувиар өссөн үзүүлэлт. Жишээ нь тээвэрт 77, холбоонд 38, бусдад 20 мянган төгрөгийн бэлэг дурсгал өгсөн тооцоо гарч буй. Харин бусдаас 45 мянган төгрөгийн бэлэг авч, өөрийн аж ахуйгаас 46 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаа статистик судалгаа гарлаа. Дээр нь төлөвлөөгүй зарлага нэмэгдэх учиртай. Энэхүү тооцооноос харвал эдийн засгийн нөхцөл улам бүр муудаж иргэд бүсээ чангалсаар. Дээрх судалгаа бол иргэд, өрхийн орлогын зөрүүтэй байдлыг тооцоогүй. Зөвхөн улсын хэмжээнд ерөнхийд нь тооцсон байдал. Хэрэв өрх тус бүр өөр өөрийн тооцоог хийвэл харилцан адилгүй дүн гарна гэсэн үг. Тэгвэл улсын хэмжээнд хамгийн бага хэрэглээтэй бүлгийн өрх нийт хэрэглээний найм, хамгийн чинээлэг хэсэг нь 40.4 хувийг эзэлж байна. Энэ нь чинээлэг өрхийн хэрэглээ ядуу өрхийнхөөс 5.1 дахин их байгааг харуулж буй аж.
Ингээд зарим өрхийн орлого, зарлага ямар байгааг харьцуулан үзсэн судалгааг дор хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны өрхийн орлого, зарлагыг бүлэглэн авч үзсэн тооцоог өгүүлье. Одоогоор нийт өрхийн 11.6 хувь нь сард 300 мянган төгрөгийн орлоготой. Гэтэл сард ийм хэмжээний зарлага гаргаад өрх 8.6 хувийг эзэлдэг. Сард 300-900 мянган төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 46 хувийг эзлэж байгаа бол дээрх хэмжээний зардалтай нь 47 хувийг тус тус эзэлж байна. Хамгийн өндөр буюу сард 2.1 сая төгрөгийн орлоготой өрх нийт өрхийн 6.2 хувийг бүрдүүлдэг. Дээрх хэмжээний зарлагатай өрх мөн адил 6.2 хувь байгаа юм.
Төв банкны судалгаагаар манай эдийн засагт нийт эрэлт энэ оны нэгдүгээр улиралд 4.4 хувьтай гарчээ. Энэ нь эрэлт бага байгааг илтгэнэ. Эрэлт буурч байгаа нь импорт багасч өрхийн хэрэглээ хумигдсаныг харуулж байна. Иймд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш манай улсын гадаад худалдаа ашигтай гарч эхэлжээ. Харин хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн гэж төв банкны эдийн засгийн өнөөгийн байдлын тухай судалгаанд өгүүлсэн байдаг. Уг судалгаанд энэ оны эхний улиралд өрхийн хэрэглээ нь ДНБ-ий 2.3 хувийг бүрдүүлжээ. Өрхийн хэрэглээнд хүнсний бүтээгдэхүүн болон орон сууц, түүний зардал гол нөлөө үзүүлж байна. Гэтэл өрхийн орлого буурсаар.
Эдийн засагчид дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнийн уналт ирэх жил ч үргэлжлэх төсөөлөл хийж байгаа. Дээр нь хуулиа өөрчилж таатай орчин бүрдүүлсэн ч гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдээгүй. Тэгэхээр өрхийн орлого, зарлагын байдал улам дордож мэднэ гэдгийг зарим эдийн засагчид хэлэх болов. Энэ нь манай улсыг эдийн засгийн хямралын том давалгаа чиглэн ирж буйг илтгэнэ.