Л.БАТБААТАР
“Ургах наран” хорооллын оршин суугчид ШӨХТГ-т гомдол гаргажээ. Гомдолд цахилгааны төлбөрийг аж ахуйн нэгжийн үнэ тарифаар төлдөг тухай дурдсан байна. Мөн зарим өрх төлбөрөө төлөөгүй тохиолдолд, нийтээр цахилгаан тасалдаг тухай ч ШӨХТГ-т гомдол гаргажээ. Дээрх өргөдлийн дагуу ШӨХТГ-аас орон сууцны болон гэр хороололд ус, цахилгаан, дулаан түгээх үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хяналт шалгалт хийлээ. Шалгалтад “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуй үйлчилгээний газар болон түүний харьяа контор, хувийн орон сууц нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа эрхэлдэг “Бадамлах нар”, “Батбаяндулаан”, “Богд-Асар”, “Туул-Арвижих”, “Тунамал-Өргөө”, “ЖМБО” зэрэг аж ахуйн нэгж хамрагдсан байна.
“УБЦТС” ТӨХК-ийн үйл ажиллагаа нь хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа нь тогтоогджээ. Тухайлбал, гэр хорооллын айл өрхийн хашаанд байрлуулсан цахилгааны тоолуур нь заалтыг хянах цонхгүй, өндөрт байрладгаас хэрэглэгч өөрийн цахилгааны хэрэглээг хянах боломжгүй. Ийм нөхцөлд “УБЦТС” ТӨХК-ийн ажилчид тоолуурын заалт болон төлбөрийн бичилт өгдөггүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Ингэснээр Хэрэглэгчийн тухай хуулийн 7.2-т “Үйлдвэрлэгч барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө”, 7.2.5-д “Барааны хэмжээ, хэмжих нэгж” гэж заасныг зөрчжээ.
Газрын гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулдаггүйгээс өндөр тарифаар цахилгааны төлбөр төлж хохирч байсан тохиолдол олноор илэрсэн байна. Нийслэлийн захын гэр хороололд ихэвчлэн хөдөө, орон нутгаас шилжин ирэгсэд суурьшдаг. Эдгээр оршин суугчийн дийлэнх хэсэг нь газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээгүй байдаг нь шалгалтаар илэрчээ. Иргэдийн хуулийн мэдлэг дутмаг байдлыг ашиглан “УБЦТС” ТӨХК нь газар эзэмших болон Үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээгүй хэрэглэгчтэй гэрээ байгуулахаас татгалзан улмаар өндөр тарифаар төлбөр авч байсан нь шалгалтын явцад тогтоогдов. Энэ үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.3-т “Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөл шаардахыг хориглоно” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна. Үүний улмаас нэг тоолуурт хэд хэдэн өрх холбогдснооор хэрэглээний төлбөр 150 квт-өөс илүү гардаг. Энэ нь хэрэглэгчдэд хүндээр тусдаг нь тодорхой. Учир нь 150 квт-с илүү гарсан тохиолдолд нэг квт нь 125 төгрөг 29 мөнгө, 150 квт хүртэл НӨАТ ороод нэг квт нь 103 төгрөг 51 мөнгө төлдөг журамтай аж. Өөрөөр хэлбэл нэг квт тутамд 20 гаруй төгрөг илүү төлж байгаа нь ноцтой зөрчил гэж үзсэн байна. Мөн шинээр байгуулагдсан орон сууцны цахилгаан эрчим хүчний борлуулалтыг хүлээлгэж өгөх байдал удааширснаас болж хэрэглэгчид аж ахуйн нэгжийн үнэ тарифаар цахилгаан эрчим хүчний үнийг төлж, хохирох тохиолдол ч гарчээ.
Мөн ус, дулаан түгээдэг аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа нь хэрэглэгчдийн эрхийг зөрчсөн, хууль бус үйлдэл явуулж байсан нь тогтоогджээ. Тухайлбал, хувийн орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй компани болох “Тэлмүүн-Орд” компани нь хэрэглэгчтэй харилцан тохиролцолгүйгээр “Узелийн цахилгааны зардал” нэрээр сард нэг өрхөөс 2800 төгрөг авч байсан нь илэрчээ. Мөн “Богд-Асар” ХХК “Ус дулаан дамжуулах төвийн зардал” нэрээр нэг өрхөөс 6000 төг, “Бадамлах нар” ХХК “Насос тог” нэрээр 2475-11000 төгрөг, “Тунамал-Өргөө” ХХК нь орон сууцны халаалт доголдолтой үед орон сууцны айл өрхөөс дулаан, эрчим хүчний төлбөрийг бүрэн авч байжээ.
Ингэснээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.9-т “Бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.” гэсэн заалтыг дээрх аж ахуйн нэгж байгууллагууд зөрчсөн гэж ШӨХТГ үзлээ. Шалгалтын зөрчлөөс харахад дээрх аж ахуй нэгж байгууллага нь иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг ашиглан хэрэглээний төлбөрийг өөрийн үзэмжээр тогтоон, хэрэглэгчдийг хохироож байна. Хэрэглэгчдийг хэрэглээндээ хяналт тавин, эргэлзээтэй төлбөр илэрвэл ШӨХТГ-т хандахыг зөвлөлөө.