Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн менежер О.Ганчулуунаас техникийн хяналтын үзлэгийн өнөөгийн байдал, торгуулийн талаар тодрууллаа.
-Танай оношилгооны төв одоогоор хэчнээн автомашин үзлэгт оруулаад байна. Дунджаар өдөрт хэдэн автомашин үзлэгт орж байна вэ?
-Манай төв 50 гаруй мянган автомашинд техникийн хяналтын үзлэг хийсэн. Энэ нь энэ онд хийх ажлынхаа 60 хувийг нугаллаа гэсэн үг. Техникийн хяналтын үзлэг хийх таван шугам ажиллаж байгаа. Ер нь, 2-4 дүгээр сард жолооч нар автомашинаа үзлэгт бага оруулдаг учраас ачаалал бага байдаг. Харин тав, зургадугаар сар гараад ирэхээр өдөрт 800-1000 автомашин техникийн хяналтын үзлэгт хамрагддаг.
-Ирэх сарын нэгнээс техникийн хяналтын үзлэгээр орж, бүрэн бүтэн байдлаа шалгуулаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулбал торгуулийн хэмжээ өснө гэж байгаа. Яг хэдэн төгрөг болов. Мөн үүнтэй холбоотойгоор ачаалал нэмэгдэж байгаа зүйл ажиглагдаж байна уу.
-Одоогийн байдлаар 200-300 тээврийн хэрэгсэл үзлэгт орж байна. Манай техникийн хяналтын үзлэгийн төв дээр л том оврын ачааны автомашин, механизм, тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл үзлэгт ордог болохоор бусад оношилгооны төвтэй харьцуулахад ачаалал ер нь бага зэрэг өндөр байдаг. Харин ирэх сарын 1-нээс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотой үзлэгт орох гэж яваа жолооч мэр сэр л байгаа байх. Энэ хуулийн танилцуулга их явагдаж байгаа учраас жолооч нарыг мэдээлэл авсан байх гэж бодож байна. Энэ хуулийн 30 дугаар зүйлд техникийн хяналтын үзлэгт тээврийн хэрэгслээ оруулаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 96 мянган төгрөгөөр торгох заалт бий. Замын цагдаагийн албан хаагчид энэ хуулийг хэрэгжүүлнэ. Тэгэхээр тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт ямар нэг шалтгаанаар оруулаагүй бол торгуулна гэсэн үг. Хууль шинэчлэгдэхээс өмнө бол Замын цагдаа болон Авто тээврийн үндэсний төвийн байцаагчид тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт оруулаагүй иргэнийг 5-25 мянга, аж ахуйн нэгжийг 50-250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авдаг байсан.
-Техникийн хяналтын үзлэгийн төвүүд ямар цагийн хуваарьтай ажиллаж байгаа вэ?
-Ажлын өдрүүдэд 08.00-20.30 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хяналтын үзлэг хийж байгаа. Амралтын өдөр 09.00-19.30 цаг хүртэл ажилладаг. Манай төв цайны цаг гэж хаадаггүй. Мэргэжилтнүүд маань ээлжээр үдийн цайндаа ордог. Тийм болохоор цайны цагаа дайруулан ирсэн ч болно.
-Техникийн үзлэг хийх үнэ тариф нэмэгдэх тухай яриа гарсан. Энэ асуудал юу болсон бэ?
-Зам тээврийн яамнаас Засгийн газарт техникийн хяналтын үзлэг хийх үнэ тарифыг нэмэгдүүлэх санал тавьсан гэсэн. Үүнийг Засгийн газар хурлаараа шийдэх учиртай. Одоо мөрдөж байгаа үнэ тарифыг бараг 20 жил мөрдөж байгаа юм.
-Автомашины улсын дугаарын сүүлийн оронд харгалзах сардаа багтан техникийн үзлэгт ордог болно гэсэн. Үүнийг ирэх жилээс мөрдөх үү?
-Энэ оноос мөрдөж эхэлсэн. Өмнөх жилүүдэд эхний хагас жилд бүх тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт ордог байсан. Энэ нь иргэд болон техникийн хяналтын төвүүдэд нэлээд ачаалал үүсгэж ирсэн юм. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орноос хамаарч тухайн сардаа хяналтын үзлэгт ордог болсон нь ачааллыг нь жилдээ тэнцвэртэй хуваарилж өгч байгаа юм.
-Жилд хэчнээн авто машин шинээр бүртгүүлж, хяналтын үзлэгт орж хэдэн тээврийн хэрэгсэл нь бүртгэлээс хасагддаг вэ?
-Улсын хэмжээнд жилд 60-70 мянган автомашин нэмэгддэг судалгаа бий. Улсын бүртгэлээс хасуулж буй нь шинээр бүртгүүлж байгаа тээврийн хэрэгслийн 15 хувь орчим байдаг.