Н.БАТ
Намрын сэрүү унав уу үгүй юу ургацын асуудал яригддаг. Ургац юу болж байгаа вэ. Энэ жил ядаж гурил будааных нь үнэ өсөхгүй байгаа даа гээд л...
Гэвч сүүлийн үед цаг үеийн аливаа асуудал түмэн хэрүүлийн бай болдог болчихож. Уржигдархан бид сурагчдын дүрэмт хувцастай холбоотой оёдлын үйлдвэрүүдийн талцаж муудалцахыг сонссон бол өчигдөр тариаланчдын гомдлыг жаал сонсов.
Бурмаа сайд, түүний яамныхан цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг бидэнд буруу өгснөөс хэтэрхий олон га-д тариалалт хийлээ, тариа будаа дотооддоо хангалттай байхад импортоор будаа авах гэрээ хийлээ, будаа тарихгүй бол рапс тариална газраа хураалга гэсэн, 600-гаад мянган тонн буудай авах байсан ч одоо 200-гаад мянгыг авах нь, ТЭДС нь бөөндөө нэг литр нь 1500 төгрөг байдаг шатахууныг бидэнд зээлээр 1870 төгрөгөөр өгч байна, тав зургадугаар сард үүлэнд нөлөөлөөд өг гээд байхад гараа хумхиад суугаад байсан хэрнээ одоо үүл буудаад байна гэх зэргээр зах замбараагүй бас заримдаа хоорондоо эсрэгцсэн мэдээллээр тархиа дүүргэв.
Л.Цандэлэг VS Р.Бурмаа
“Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”-ны хурал гэхээр тариаланчдын нүүр царайгаар тодроод байгаа Л.Цандэлэг, Б.Эрдэнэбат хоёр байх биз гэтэл өөрчлөгдчихөж. Учир нь холбооны тэргүүн Л.Цандэлэгийг ХХАА-н сайд Р.Бурмаа шүүхэд өгчихсөн учраас, нөхөр шүүх цагдаагийн үүд сахиад хурлаа ч хийж чадахаа больсон гэв. Ингээд энэ удаад хэвлэлийн хурлын эзэд нь МҮТЭГТХ-ны удирдах зөвлөлийн гишүүн О.Амаржаргал, У.Дамбийсүрэн болон зарим тариалан эрхлэгчид байлаа.
Хэдийгээр тэд Р.Бурмаа сайд гээд яриад буй ч тариаланчдад тохиолдоод байгаа зовлонгоо ядаж үнэн мөнөөр нь тоочих нь илт.
Тэдний ярьснаар газар тариалангийн салбарт энэ хавар 1000 гаруй аж ахуйн нэгж хувь хүн тариалалт эрхлэхээр 150 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн аж.
Тав зургадугаар сараас л ган болж байна. Гамшгийн хэмжээнд хүрчихлээ сайд аа, ургацынхаа 70 хувийг алдах нь тодорхой боллоо гэж ХХААЯ-нд албан ёсоор хандсан. Бид энэ эрсдэлийг хохирол багатай давахын тулд та бүхэнтэй хэрхэн хамтарч ажиллаж болох вэ гэхэд сайд “Та нар ургацынхаа 20-30 хувийг л алдахаар тооцоо бий. Энэ бол асуудал биш гээд тоож харалгүй асуудлыг нь тавьсан хүнийг асуудал болгож хараад байна хэмээн тариаланчид улстөржин гомдоллоо. Чухамдаа энэ бол Л.Цандэлэг, Р.Бурмаа хоёрын асуудал биш. Монголын стратегийн гол түүхий эд болсон улаан буудайн ургац энэ жил дотоодынхоо хэрэгцээг хангаж чадах уу, гурил, талх үнэд орохгүй байгаа гэдэг л иргэдийн хувьд жинхэнэ асуудал нь. Тиймээс төр стратегийн түүхий эдээ таслахгүйн тулд өөрийн боломжит арга хэмжээг авах ёстой. Мөн газар тариалангийн компаниуд бүхэлдээ хувийн өмч учраас өр зээл, эрсдэл, хохирлоо компанийн удирдлагууд хариуцаж хэнтэй хариуцлага тооцож, хэнд хариуцлага үүрүүлэхээ дотооддоо шийдэх ёстой.
Төрд татвар төлж байгаагийн хувьд бид татварын мөнгөө хямд талх идэхэд зориулах болохоос үнэтэй талх идэх гэж ахиад татвар төлнө гэвэл зах зээлийн энэ нийгэмд адгийн тэнэг болох биз. Тиймээс иргэн бид ч татварын мөнгийг хэнд хэрхэн зарцуулж байгаад хяналт тавих эрхтэй. Тэгэхээр бидэнд ирэх жилийн ургац хүртэл хямд талх идэх ямар боломж байгаа вэ. Төр үүнийг хэрхэн зөв зохицуулж байна вэ гэдгийг сонирхох нь зүй хэрэг. Түүнээс хэн нэгний бизнес шатах тоолонд төр хариуцлага үүрч байгаа нэрээр татварын мөнгөөр тотаци олгох нь хэр зөв зохицуулалт билээ.
Тариаланчид: Зээлийнхээ хугацааг сунгаж, хүүг багасгамаар байна
Тариаланчдаас та бүхэн төрөөс яг өнөөдөр юу хүсээд байгаа юм бэ гэж асуухад “Одоо алдагдлаа аль болох хохирол багатай хэрхэн даван туулах вэ гэдгээ хамтран ярилцах хэрэгтэй байна. Бидний зүгээс нийт тариаланчдаасаа хэчнээн га-д хэдий хэмжээний өртгөөр тариалалт хийсэн. Өнөөдөр хэдий хэмжээний тариа хурааж авах боломжтой, ямар хохирол амсав гэдэг мэдээллийг нь нэгтгэж авч байна. Мөн алдагдлаа нөхөх боломж хэр байна, аль аль банк санхүүгийн байгууллагад, ямар зээл өртэй байна гэдгийг нь нэгтгэж байна. Үүнийгээ л яамтай ч юм уу, Засгийн газартай нь тохиролцоод хугацааг нь сунгах, хүүг нь багасгах ямар арга байна гэдэгт л ярилцаж шийдэлд хүрмээр байна” гэв.
Түүнээс гадна үнийг чөлөөлөхийг хүсч байгаа гэнэ. Үнийг чөлөөлчихвөл аж ахуйн нэгжүүд зах зээлийн жамаар сая нэг амьдарч эхлэх аж. Харин буудайд тавих хяналтаа төр чангатгах ёстой. ОХУ-аас оруулж ирж байгаа буудай нь ихэвчлэн олон жил хадгалсан, таваарын гэж хэлэхэд ч хэцүүхэн байдалтай болчихсон, дээрээс нь цацрагийн хэмжээ ихтэй байдаг гэж ховлов. Мэдээж энэ үгийг гурилын үйлдвэрүүдээс харин ч эсрэгээр сонсч байсан болохоор лавлаж асуулаа. Гурилын үйлдвэрүүдийн хувьд дан дотоодынхоо буудайгаар гурил үйлдвэрлэе гэхээр чанарын шаардлага хангадаггүй. Цавуулаг багатай. Тиймээс заавал ОХУ-аас цавуулаг өндөртэй буудай авч хольдог гэдэг. Харин та нар болохоор импортын буудайг чанаргүй гэж байна гэхэд “Бидний муу гэгдээд байсан буудайг чинь саяхан орж ирсэн олон улсын төвшинд хүрсэн лаборатороор шинжлүүлэхэд 35 хувийн цавуулагтай гарч ирж байгаа. Бидний тарьсан энэ өндөр цавуулагтай будааг гаднаас оруулж ирсэн будаатайгаа хольж гурил хийж байна. Өнөөдөр дотоодын буудайн дундаж цавуулаг 24 хувьтай байгаа” гэв. Тэдний ярианаас харвал буудайныхаа цавуулгийг албан ёсоор тогтоож тодорхойлдог түүнийг нь хаана ч хүлээн зөвшөөрдөг лаборатор өнөөдөр байхгүй аж. Тариалан эрхлэгчдийн хувьд хэдий өндөр цавуулагтай гэж дээж өгсөн ч гурилын үйлдвэрийн лабораторид шинжлүүлэхээр цавуулаг нь буурчихдаг гэж буй бол гурил үйлдвэрлэгчдийн хувьд итгэмжлэгдсэн сүүлийн үеийн лаборатортай. Импортоор авсан буудайнхаа чанарыг Монголдоо холбогдох бүхий л төрийн болон төрийн бус байгууллагын хяналт шалгалтаар оруулдаг хэмээн баталдаг.
Тариаланчид “гурил үйлдвэрлэгч томоохон үйлдвэрүүд нь биднээс бага буудай авдаг. Харин жижиг үйлдвэрүүд сайн авдаг. Гэвч мөнгөө өгөх болохоор жижиг үйлдвэрүүд жаахан хүнд. Өнөөдөр өнгөрсөн жил жижиг үйлдвэрүүдэд өгсөн буудайн үнийн зөрүүгээ улсаас авч чадаагүй байна. Бидэнд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүллээ гэдэг ч үрийн хувьд урьдчилгаа авч зээлээр өгдөг. Шатахууны дэмжлэг гэдэг нь бөөнөөр нь литрийг нь 1500 төгрөгөөр зардаг түлшийг хоёр сарын зээлээр өгөхдөө литрийг нь 1870 төгрөгөөр тооцдог. Төрөөс олгож буй дэмжлэг, зээлийн төсөл нь бидэнд биш гурил үйлдвэрлэгчдэд зориулагддаг” гэв.
Тариаланчид: Энэ жил дотоодынхоо хэрэгцээг хангаж чадна
Монгол Улсын улаан буудайн дотоодын хэрэгцээг Эрүүл мэндийн яам болон ХХААЯ-наас 300 мянгаас 350 мянган тонн хэмээн тодорхойлсон байдаг. Өнгөрсөн жилийн хувьд 290 мянга орчим га-д буудай тариалж, 480 мянган тонн ургац хураасан. Харин энэ жилийн хувьд 359 мянган га-д тариалалт хийж 600 орчим мянган тонн ургац хураахаар төлөвлөжээ.
Одоогоор экспортлож чадах эсэх нь тодорхойгүй байхад дотоодын хэрэгцээнээсээ хамаагүй давсан тоо сонсогдож байгаа биз. Үүүнээс харамсалтай нь 200 мянган тонныг нь л хурааж авч чадна гэдгээ тариаланчид баталж байна. Тэгэхээр үлдсэн 150 орчим мянган тонныг импортоор авах нь зайлшгүй юм биш үү гэхээр тариаланчид үгүй хэмээн гөжүүдэлж буй юм. Учир нь, тэдний тооцоолсноор одоогоор гурилын үйлдвэрүүдэд тариаланчдад мөнгийг нь өгч чадаагүй 30 орчим мянган тонн буудай бий гэнэ. Мөн ТЭДС-д 30 мянга, гурилын үйлдвэрүүд худалдаж аваад нөөцөлсөн 30 орчим мянган тонн буудай байгаа гээд тооцохоор 2016 оны долдугаар сар хүртэл гаднаас нэг ширхэг ч тариа авахгүй байх боломжтой.
Гэтэл өнөөдөр сайд салбарт тулгараад байгаа хүндрэлтэй асуудлаа ярихгүйгээр импорт импорт гээд байгаа нь дөнгөж хөл дээрээ дэнчигнэж ядаж байгаа газар тариалангийн салбарыг татан унагаах байдалд хүргээд байна. Монголын эдийн засгийг аврах гарц бол газар тариалан, хөдөө аж ахуй. Тиймээс эндээ л нэгдсэн бодлоготой байх ёстой.
Бид ган боллоо гээд ярьсан чинь сайд нь гадаадаас 150 мянган тонн буудай авахаас өөр аргагүй болсоон гээд мэдээлэл хийсэн. Үүнээс улбаалаад л гурил талхны үнэ нэмэгдэх жишээний. Тэгэхээр импорт гэж ярихаасаа өмнө дотоодынхоо нөөц бололцоог эхлээд тооцож чадахгүй байна хэмээн Р.Бурмаа сайд салбарын биш энэ тэрийн гай гэлээ.
Ямар ч байсан тариаланчид сайдтайгаа учраа нэг л сайн ойлголцохгүй байна. Гэхдээ ард түмний хувьд гурилаар тасрахгүй бас боломжийн үнэтэй байх л чухал гэдгийг аль аль тал нь мэдэрч, энэ асуудлын ард гарах ёстой биз.