Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын удирдлагууд Өршөөлийн хуулийг дэмжсэнгүй

Өршөөлийн хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн билээ.

Комиссын бүрэлдэхүүнийн даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, орлогчоор Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Нарийн бичгийн даргаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дэд дарга Г.Туулайхүүг ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгасан юм. Харин гишүүдээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Ц.Оюунгэрэл, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч Т.Уранцэцэг, Улсын ерөнхий прокурорын туслах, Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын дарга Д.Наранбаатар нарыг багтаахаар тусгаад байгаа.

Гэвч Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл дээрх комисст багтан ажиллаж чадахгүй гэдгээ албан ёсоор илэрхийлэв. Учир нь, Улаанбаатар хотын удирдлагууд “УИХ-аар Өршөөл үзүүлэх тухай хуулийг хаалттай хуралдаанаар хэлэлцэн баталсан явдал олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулж байгаа нь зүй ёсных юм” гэж үзээд, хууль хэрэгжүүлэх үйл явцад оролцохгүй гэж тохиролцсон байна.

Тухайлбал, Эрүүгийн хуульд заасан гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг зөрчиж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ба шүүхийн шатанд байгаа албан тушаалтнуудад хамаарал бүхий хэргүүдийг өршөөж, тэдгээр албан тушаалтнуудад ял завших, төрийн эрх мэдэл рүү эргэн санаархах боломж өгсөн хариуцлагагүй хууль батлагдсан гэж үзэж байгаа юм байна.

Түүчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасан Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалт явуулах гэмт хэрэгт өршөөл үзүүлж байгаа нь хуулийн засаглал болон төрийн байгууллагад итгэх итгэлийг эвдсэн, өргөсөн тангаргаа зөрчсөн гэмтнүүдийг өөгшүүлсэн хариуцлагагүй үйлдэл гэж шүүмжиллээ. Мөн энэ үйлдэл нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 30 дугаар зүйл (Яллах, шүүхийн шийдвэр гаргах, шийтгэл ногдуулах)-ийн 1 дэх хэсэгт "Оролцогч улс бүр энэхүү конвенцын дагуу тогтоосон гэмт хэрэгт тухайн гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шийтгэл ногдуулна" гэсэнтэй нийцэхгүй байгаа аж.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхгэрэл “ Миний бие Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажилд оролцоход бэлэн байсан бөгөөд анх удаа хэрэг үйлдсэн болон энэрэнгүй ёсны үүднээс өршөөгдөх ёстой хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настан, хөдөлмөрийн чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байхдаа төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтны хариуцлагагүй үйлдэл ба эс үйлдэл, хуулийн тодорхойгүй байдлаас болж гэмт хэрэгт сэрдэгдэн шалгагдаж байгаа бизнес эрхлэгчдийг өршөөх нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна. Харин энэ ажлыг далимдуулж албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа учир ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан