Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга Цэвээнжавын Ууганбаяр:
- Аль ч байгууллагын амин сүнс нь хөрөнгө санхүү байдаг. Энэ том айлын санхүүгийн хэлтэс ямаршуухан ажилладаг бол?
Манай хэлтсийн үндсэн үүрэг нь төрийн өмч хөрөнгийг хадгалан хамгаалах, зарцуулалтад бүртгэлээр хяналт тавьж компанийн санхүү эдийн засгийн ойрын болон хэтийн бодлогыг тодорхойлж, төлөвлөж ашигтай ажиллуулахад оршино.
Үүний зэрэгцээ олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартад нийцсэн бүртгэл хөтлөх учиртай. Компанийн жил бүрийн бизнес төлөвлөгөөг бүх цех хэсэг нэгжүүдтэй хамтран боловсруулж бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалт түүнд шаардагдах зардал, ашгийн хэмжээг тооцдог. Мөн ажилчдын нийгмийн зардал, урсгал засвар, хөрөнгө оруулалтын хэмжээг сар улирлаар нь нарийвчлан төлөвлөж гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг юм. Компанийн хэмжээнд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж мөрддөг. Харилцагч аж ахуйн нэгж компани болон хувь хүмүүстэй өр авлагын тооцоог нийлж ажилладаг юм.
-Тавин жилийн өндөрлөгөөс эргэн харахад станцын хөрөнгө санхүүг арвижуулах талаар танай хэлтэс ямар ямар томоохон ажлууд амжуулсан байх юм?
-Сүүлийн арав, хорин жилийн хугацаанд манай компани ХБНГУ-аас 1993-1995 онуудад 15.4 сая дойч маркын зээл авсан. Энэ зээлээр станцын зуухны халах гадаргуу, турбин, дулааны хянах хэмжүүрийн шинэчлэлийн ажлыг хийж хэрэгжүүллээ. 2010 онд УИХ-ын 72 тоот тогтоолоор тухайн үед төлөх байсан 11.0 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үеийн ханшаар тооцож хөрвүүлснээр Сангийн Яаманд төлөх өрийг 7.0 тэрбум төгрөгөөр бууруулж зээлийн ачааллыг багасгаж чадсан. Улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд 2.1, 2011 онд 2.2, 2012 онд 1.4 тэрбум, 2013 онд 700 сая гээд нийт 6.4 тэрбум төгрөгийн татаас авч Шарын гол, Багануурын уурхайд төлөх хуримтлагдсан өрөө барагдуулсан. Ингэснээр компанийн санхүү сайжирсан юм. Мөн 2010-2012 онд зуухны шинэчлэлд 3.8, турбины шинэчлэлд нэг тэрбум, хоёрдугаар турбины засварын ажилд 550 сая төгрөг зарцуулсан байна. Ингэснээр цахилгаан станцын засвар шинэчлэлтэд томоохон эргэлт гарсан. Өнгөрсөн оноос үнсэн сангийн даланг шинэчлэх ажлыг 8.5 тэрбум төгрөгөөр хийж байна. Ингээд тоочоод байвал манай цахилгаан станц техник технологийн чамгүй өөрчлөлт хийсэн юм.
-Цахилгаан дулааны үнийг тө- рөөс хүчээр барьж байгаа. Энэ нь цахилгаан станцын санхүүд сөрөг нө- лөөлдөг. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Төрөөс эрчим хүч, дулааны үнийг 2011-2013 он хүртэл хүчээр барьж ирсэн. Ингэснээр манай компани 2012 онд 3.8, 2013 онд 3.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байлаа. Эрчим хүчний зохицуулах хороо 2013 оны наймдугаар сараас эрчим хүчний үнийг 37.7 хувь буюу 106 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны долдугаар сард 23.2 хувь буюу 131 төгрөг болгон нэмж өгсөн юм. Үүний үр дүнд манай станц үндсэн үйлдвэрлэлээс 103 сая төгрөгийн ашигтай ажиллаж байна. Цаашид 1квт цахилгааны үнийг 140 төгрөгт хүргэж чадвал компанийн санхүү төлбөрийн чадвар бүрэн сайжрах юм.