1988 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр ДЦС-ын Баасанжав даргатай бэлтгэн нийлүүлэх цехийн ацетилен, кислородын станцад мастераар орж, ДЦС-ын ажилтан болсон. Тэр үед ацетилен, кислородын станц шинээр ашиглалтад орж байлаа. н.Жаргалсайхан, н.Энхбаатар гэсэн хоёр машинчтай гурвуулаа ажиллаж байв. Манай хоёр гарын ур дүйтэй сайн залуучууд байсан. Ажилдаа махруу, хөдөлмөрч машинистууд байсан. Залуучууд минь одоо хаа нэг газар амжилттай хөдөлмөрлөж яваа байлгүй дээ. Нэг их удалгүй тухайн үеийн ЗХУ-д нэг сар мэргэжил дээшлүүлэх курст явах асуудал яригдаж эхэлсэн. Гэвч ДЦС-ын захиргааны гишүүдийн хурлаар механик тасгийн мастер н.Цэнд-Аюуш гуайг олон жил ажилласан гэж ЗХУ-д курст явуулах шийдвэр гарч н.Цэнд-Аюуш гуай бид хоёр албан тушаалаа сольж ажиллах болсон юм. Манай механик тасагт токарьчин Г.Тэрбиш /агсан/, А.Баатар, Д.Ням-Осор, н.Цогтбаатар, н.Отгонбат, фрезерчин н.Батгэрэл, засварчин Н.Батсүх, төмөр хөрөөдөгч н.Гомбодонров асан, халуун төмөрчин Мягмар асан, нярав Алимаа гуай, үйлчлэгч Х.Бадамцэцэг, Б.Дэлгэрмаа нар ажиллаж байлаа. Манай ажилчид үүрэгт ажлаа хэнээр ч заалгахгүй үр бүтээлтэй, сайн гүйцэтгэж байсныг ДЦС-ын хамт олон мартаагүй байхаа. Нэн ялангуяа токарьчин Г.Тэрбиш, А.Баатар хоёр маань Дархан хотдоо гайхагдсан чадварлаг токарьчид байсан даа.
1990 дөнгөж гараад манай үйлдвэрт ардчиллын салхи сэвэлзэж эхэлсэн дээ. Дархан хотын ардчиллын анхдагчид ДЦС-аас гарсан. Ардчилсан үзэл бодолдоо үнэнч байна гэж Дархан хотод МоАХ-г үүсгэн байгуулагчидаас 17 залуу анхны тангараг өргөсний дөрөв нь манай станцынх байлаа. Станцаас АИХ болон УБХ-ын гишүүнээр Д. Баттулга, Дархан хотын депутат, тэргүүлэгч гишүүнээр С.Очирсүх, О.Ундрал, Найрамдал хорооны депутатаар машинист Ө.Сумъяа нар 1990 оны сонгуулиар сонгогдсон. В.Даваажав Дархан хотын МоАН –ын анхны дарга болж хотын депутатаар нөхөн сонгогдож байсан. Улмаар 1997 онд В.Даваажав ДЦС-ын дарга, миний бие УСАГ-ын даргын албан тушаалыг хашиж байлаа. ДЦС-ын ерөнхий инженер Г.Туяахүү нэгэн хариуцлагатны зөвлөлгөөн дээр Ундрал манай станцын угшлын дарга шүү хэмээн наргиан болгож хэлэхэд надад сайхан санагдаж Г.Туяахүүдээ их баярлаж билээ. ДЦС-ынхаа хамт олон, ахмадуудаасаа үйлдвэр, үйлдвэрлэлийн талаар их зүйлийг сонсч, сурч, мэдэж авсандаа. Цаашид улсад хөдөлмөрлөхөд миний оюун ухаан, ажил, амьдралын гараа, гарын авлага болсон ДЦС-ын хамт олондоо баярлаж явдаг даа.