“Оюутан цэрэг-2015” хөтөлбөр амжилттай өндөрлөж, оюутан дайчид өнөөдөр Чингисийн талбай дээр тангараг өргөлөө. Энэ үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатартай ярилцлаа.
-“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаа хоёр дахь ээлжийн хөтөлбөр амжилттай өндөрлөж, 1000 оюутан-цэрэг тангараг өргөлөө. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсны ач холбогдол юунд орших вэ?
-Хуулийн дагуу их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн албанаас чөлөөлж байгаа учраас Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаа” гэсэн үүргээ оюутан залуус биелүүлж чадахгүй байгаа юм.
Мөн 1990-ээд оноос зэвсэгт хүчний цомхотгож, хугацаат цэргийн албан хаагчийн тоо цөөрсөн.Ийм нөхцөл байдал 20 гаруй жил үргэлжилснээр цэргийн зохих бэлтгэл бүхий зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл нөөц бүрэлдэхүүний хомсдол гарч мэдэхээр болсон. Мөн залуусын эх оронч хүмүүжил, төлөвшил, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаагаас гадна Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн жинхэнэ албанд цэргийн алба хаасан байх шаардлагыг тавихаар болсон. Иймээс цэргийн насны оюутан залуусын цэргийн алба хаах, Үндсэн хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарал хандуулах шаардлага гарсан юм.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж мөрийн хөтөлбөртөө “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэх заалт тусгаж, 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 92 тоот зарлиг гаргаж Засгийн газарт уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн. Ингээд Засгийн газар 2014 оны 2 дугаар сарын 14-нд 40 тоот тогтоол гаргасны дагуу Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нар хамтарсан тушаал гаргаж 2014 оны дөрөвдүгээр сараас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг орон даяар эхлүүлсэн нь хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
-Энэ жил өнгөрсөн жилийнхээс оюутан-цэргийн тоо нэмэгдсэн байна. Хөтөлбөрт илүү олон оюутан залуус хамрагдах эрмэлзэлтэй болсон гэж үзэж болох уу?
-Тэгж хэлж болно. Өнгөрсөн 2014 онд зөвхөн нийслэлийн 42 их, дээд сургуулийн 418 оюутан-дайчид хөтөлбөрт хамрагдан цэргийн алба хааж тангараг өргөж байсан бол энэ онд нийслэлийн төдийгүй орон нутгийн 66 их, дээд сургуулийн 1000 оюутан цэрэг хамрагдан тангараг өргөлөө.
-Энэ жилийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн онцлог юу байв?
-Оюутан-цэргийн тоо нэмэгдлээ. Орон нутгийн оюутнууд хамрагдсан. Бас энэ жилийн оюутнууд хилийн цэрэгт алба хаасан. Ийм онцлог байдал харагдаж байна. Сая тангараг өргөхөд нөхдөө төлөөлж оюутан Ц.Золбаярын хэлсэн үгийг анзаарсан байх. Тэнд их хөөрхөн жишээнүүд байгаа. 110 кг жинтэй очсон оюутан 80 кг болсон гэсэн. Гараа зүүгээр хатгаад захны давуугаа хадаж чадахгүй байсан залуу юм оёдог болсон байна. Компьютерээр л бууддаг байсан бол жинхэнэ буугаар буудаж сурсан гэж хэлсэн. Энэ мэт энгийн жишээнээс эхлээд 4-хөн сарын дотор бие бялдар, сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт гарсан байна.
-Тангараг өргөсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч оюутан-цэргүүдийн эцэг, эхчүүдийн төлөөлтэй уулзаж мэндчилсэн. Эцэг эхчүүд энэ үеэр юу хэлж байсан бэ?
-Эцэг эхчүүд нэгдүгээрт, хүүхдүүд нь бие бялдрын гайхалтай хүмүүжил олж авсныг сайшааж байсан. Хоёрдугаарт, эх орон дуудахад “Хэзээд бэлхэн” гэсэн сэтгэл зүйтэй болсонд нь талархалтай байсан. Гуравдугаарт, хамгийн наад зах нь гэр бүлтэй болохдоо өрх гэрээ аваад явах сэтгэлийн тэнхээ, хатуужилтай болсонд нь баярлаж байгаагаа илэрхийлцгээсэн.
-Дараагийн жилүүдэд хөтөлбөрөө үргэлжлүүлэх үү?
-Юуны өмнө энэ хөтөлбөрийг санаачилсан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУЯ, БХЯ, ЗХЖШ, МОХ, ажлын хэсгийнхэнд бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Хөтөлбөрөө дараа дараагийн жилүүдэд улам өргөжүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хөтөлбөрт онцгой анхаарч ажиллана.