Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭНДЧИЛГЭЭ

Хөдөөгийн жижиг сум, төмөр замын багахан өртөө байсан Бурхантын хөндийд, Найрамдлын Дархан хот хэмээх их айл анх төвхнөж эхлэхэд  ёстой юм юм л хэрэгтэй болсон нь мэдээж. Дулаан байвал мянган лан гэдэгчлэн хамгийн түрүүнээ аж үйлдвэрийн энэ том хотыг  гэрэл цахилгаан, илч дулаанаар хангах гал зуух хэрэгтэй болсон нь Дарханы дулааны цахилгаан станцыг барих үндэс болсон юм. Үүнээс хойш зууханд нь гал бадамлаж, турбин нь мөнхөд эргэлдсээр Дархан хотын албан байгууллага, айл өрх, уугуул болон суугуул иргэдийг цахилгаан гэрэл, илч дулаанаар хангасаар хагас зууныг элээж.
 
Анх шавыг нь тавьж, галыг нь өрдөн цахилгаан гэрлийн шонг нь босголцсон хүмүүс хэдийнээ гавьяаны амралтандаа гарсан ч  мөч амсхийхгүй бадамлах гал, мөнхөд эргэлдэх бул, ахмад, дунд залуу үеийнхний өнө мөнхийн залгамж халаанд эрдэм мэдлэгтэй, элгэмсүү найдвартай хүмүүсийн гар дамжсаар  энэ станцын яндангийн утаа ямагт дээшээ байж, түгээсэн цахилгаан нь хэдэн өртөө газраас гялалзан, гялтганаж, илгээсэн илч дулаан нь өрөө тасалгаа бүрийг халааж дулаацуулсаар байна.

Энэ л станцын хагас зууны түүх, хамт олны ажил үйлс бүхнийг  баринтаглаж, гэрэл цахилгаан, илч дулаан, хүн бүрийн  сэтгэл зүтгэлийг шингээсэн номыг таны гар дээр талбиж байна.
Энэ л станцын суурийг тавьж, анхны галыг нь бадраасан болон үе үед ажиллаж байсан ахмадууд болон эднийхээ залгамж халаа болж өнөөдөр ажиллаж байгаа залуу үеийнхэндээ 50 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ДАРХАНЫ ДЦС ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.НЯМДАВАА

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан