Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Монгол Улсын зөвлөх инженер, Хандсүрэнгийн ЦОГТБААТАР.
Дэлхийд танигдсан технологи нэвтрүүлэн эрчим хүчний салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан, салбарын өмнө хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, өндөр хариуцлагатай, нэр төртэй, бахархалтай үйл хэргийг гардан хэрэгжүүлж байгаа Дарханы ДЦС ТӨХК-ийн хамт олон болон энэ байгууллагаас ажил амьдралын гараагаа эхэлсэн үе үеийн ахмадууд, азай буурлууддаа станцын нь 50 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Монгол Улсын эрчим хүчний анхны систем Улаанбаатар хотын хэмжээнд бүрэлдэн тогтсоны дараа 1965 онд Дарханы ДЦС ашиглалтад орж Дархан-Шарын гол-Зүүнхараа-Борнуур-Улаанбаатарын 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугамын барилга угсралтын ажлыг Зөвлөлтийн барилга угсралтын “Дархан-ЛЭП” строй трест гүйцэтгэсний үр дүнд Дарханы ДЦС-ыг нийслэлийн цахилгаан станцуудтай зэрэгцээ ажиллагаанд оруулах боломж бүрдсэн юм. Ийнхүү Монгол Улсын төвийн эрчим хүчний систем бодитой бий болсон юм. Техник технологийн өвөрмөц, онцлог бүхий харилцан нягт уялдаа холбоотой ажилладаг цахилгаан станц, цахилгаан дулаан дамжуулах, хуваарилах шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмжийг жигд найдвартай, эдийн засгийн үр ашигтай, оновчтой горимоор ажиллахад чиглэсэн тасралтгүй, шуурхай ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн инженерүүд л хийж чадах бөгөөд энэ ажлыг Дарханы ДЦС ТӨХК-ийн ажилсаг хамт олон нэр төртэй, сахилга баттай, өндөр хариуцлагатай гүйцэтгэж байгааг бахархан тэмдэглэж байна.
Улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болох эрчим хүчний салбар нь цаг ямагт ачааны хүндийг үүрч, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн бөгөөд түүний гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага улам өссөөр байна. Бусдыг сайн сонсдог, хэлсэн ярьсныг тусгаж хүлээн авдаг сайхан чанартай удирдах ажилтан станцын залуу дарга О.Нямдаваа, ямар ч ажлыг гялалзуулах Г.Туяахүү, ХТХНХ-ийн дарга В.Даваажав, ахмад инженер Р.Мөнхөө, П.Болд нартай хамтарч ажиллахад урамтай байсныг тэмдэглэх учиртай. Мөн ачааны хүндийг үүрч яваа бусад ажилтан, албан хаагчид, инженерүүдээрээ бахархаж байна.
“Оновчтой зохицуулалт, чанартай эрчим хүчийг үндэсний хэмжээнд” гэсэн эрхэм зорилготой Диспетчерийн үндэсний төвийн үүрэг нь Монгол Улсын хэмжээнд эрчим хүчээр тасралтгүй найдвартай, эдийн засгийн хамгийн хэмнэлттэй горимоор хангах явдал. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн манай инженер техникийн ажилтан, ажилчид, бүтээлч хамт олон үнэтэй хувь нэмэр оруулж байгаагийн нэг хэсэг нь Дарханы ДЦС ТӨХК-ийн хамт олон билээ.
Дарханы ДЦС ТӨХК-ийн хамт олон өдөр, шөнийн аль ч үед үйлдвэр салбарын ар тал болон ажиллаж хөгжлийнхөө түүхэнд өнөөдөр Дархан хотоор овоглосон тэргүүлэх байгууллага болтлоо өргөжин 50 жилийнхээ ойг тэмдэглэж байгааг тохиолдуулан танай хамт олонд, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нөхөддөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, урт удаан наслахын өлзийтэй ерөөл өргөн дэвшүүлье.
Бид цаашид эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахын төлөө энэ салбарынхаа хөгжлийг түүчээлэх болно.
Хөгжил дэвшил өөд хамтдаа....