Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссеф 2014 онд тус улсад зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шар айраг худалдаалахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурчээ. Бразильд 2003 оноос хойш хөлбөмбөгийн тэмцээн наадмын үеэр согтууруулах ундаа зарахыг хориглосон хууль хэрэгжиж байгаа юм. Гэвч хоёр жилийн дараа болох ДАШТ-ий үеэр уламжлал ёсоор шар айраг худалдах ёстой учраас хуулиа өөрчил гэсэн шаардлага ФИФА-гийн зүгээс Бразилийн эрх баригчдад тавьсан. ФИФА-гийн шаардлагаас үүдэн хуулиа өөрчлөх эсэх дээр Бразилийн хууль тогтоогчид удтал маргасны эцэст олон улсын жишгийг дагахаар боллоо. Шар айраг үйлдвэрлэгч “Budweiser”-аас санхүүгийн томоохон дэмжлэг хүртдэг ФИФА шар айргийг хөлбөмбөгийн тоглолтын салшгүй нэг хэсэг гэж үздэгээ энэ оны эхээр Бразилийн хууль тогтоогчидтой маргалдах үеэрээ мэдэгдэж, тус улс ДАШТ-ийг ном ёсоор нь зохион байгуулах гэж байгаа бол хуулиа өөрчлөх ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогссон юм.