Б.МЯГМАР
Нийтийн тээврийн шинэчлэлттэй холбоотойгоор нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбаттай цөөн хором ярилцлаа.
-Улаанбаатар хотын нийтийн тээвэр цахим хэлбэрт шилсэнээр 3000 гаруй кондуктор ажилгүй болно гэсэн мэдээлэл бий. Эдгээр кондукторыг цаашдаа яах вэ?
-Одоогоор манай системд 1300 гаруй кондуктор үйлчилгээнд явж байна. Смарт карт нэвтэрч эхэлснээр билет шалгагч хийж байгаа. Цаашдаа үүнийг зохицуулах журам, хууль гарна. Тэгээд хэдэн билет шалгагч байх уу гэдгийг судлаад тэднийг сургалтад хамруулж мэргэшүүлнэ. Мөн Хөдөлмөрийн яам, үйлдвэрчний эвлэлтэй ярилцаж байгаад үлдсэн кондукторуудад ажлын байр бий болгоно гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Хувийн компаниуд кондукторуудаа халж эхэлсэн гэсэн?
-Одоогийн байдлаар аж ахуйн нэгжүүд дээр кондукторууд хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байгаа. Тэрнээс биш кондукторуудыг огт байхгүй болгоогүй.
-Удахгүй оюутан, сурагчдын зуны амралт дуусч хичээлийн шинэ жил эхэлнэ. Нийтийн тээврээр оюутан, сурагчид хэрхэн зорчих вэ. Оюутнуудын хувьд ихэнх нь хавар виза картаа захиалаад авсан байгаа шүү дээ?
-Оюутнуудад зориулсан 110 мянган смарт карт нь хэвлэгдээд ирсэн байгаа. Үүн дээр нийслэлийн төсөвт ажлын өдрүүдэд хоёр суулттай мөнгө төсөвлөгдөөд нөхөн олговор хэлбээр орж ирнэ. Мөн оюутнуудад тодорхой лимит тогтоож өгөх юм. Ажлын өдөр хичээлдээ ирж очих гэсэн чиглэлд зааж өгнө. Түүнчлэн смарт картаа 3200 төгрөгөөр захиалан авах зохицуулалт хийнэ.
-Нийтийн тээвэр цахим хэлбэрт шилжсэнээр орлого нь хэдэн хувиар нэмэгдэх боломжтой вэ. Эхний өдрүүдийг харж байхад орлого өссөн үү, буурсан уу?
-Долдугаар сарын 29-нөөс нийслэлийн нийтийн тээвэр цахим хэлбэрт шилжээд явж байна. Одоогоор арав гаруй хоногийн орлого хийгдсэн. Эхний тав хоногийн орлогын дүн гарсан. Орлого сүүлийн өдрүүдэд 10-20 хувь буурсан тохиолдол бий. Гэхдээ одоо наймдугаар сарын 25-наас зорчигчдын тоо болон орлого нэмэгдэх байх.
-Орлогоо хэрхэн хурааж байна вэ. Цахим тоног төхөөрөмж суурилуулсан компани орлогыг хурааж авдаг гэж байсан?
-Смарт картнаас хэрхэн мөнгөө авах талаар банкуудтай гэрээ байгуулсан. Тэгэхээр манай газар орлого хураахад оролцохгүй байгаа гэсэн үг.
-30 минутын хооронд дараагийн автобусандаа суух юм бол үнэгүй зорчино гэсэн мэдээлэл байсан?
-Манай газрын зүгээс хоёр дахь сэлгэн суултыг үнэгүй болгоё гэсэн санал өгсөн. Гэхдээ хоёр дахь сэлгэн суулт дээр смарт картынхан нийт зорчигчид өндөр хувьтай байна. Хэрэв алдагдал гарвал яах вэ гэсэн асуудал гарсан учраас өнөөдөр хоёр дахь сэлгэн суулгалт огт үнэгүй байна гэсэн шийдвэр гараагүй. Үүнийг ярилцаж байна.
-Картын борлуулалт хэр байна вэ. Одоогоор хэдэн карт борлуулаад байгаа вэ?
-Өчигдөр /уржигдар/-ын мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай 60 гаруй мянган иргэн картаа аваад байгаа. Борлуулалтын цэгүүдээс 100 гаруй мянган иргэн худалдан авсан гэсэн мэдээ байна. Карт бол хангалттай бий. 600 мянга гаруй хэвлэгдсэн ирсэн.
-Автобусанд зорчиж байгаа иргэдийг харж байхад ихэнх нь мөнгөө төлөөд явж байгаа харагдсан. Мөн карт худалдан авахад шимтгэл авч байгаа. Энэ шимтгэлийг хаана хэрхэн зарцуулж байгаа вэ?
-Олон улсад бэлэн мөнгөний төлбөр нь картын төлбөрөөс өндөр байдаг. Энэ систем рүү оруулахаар яригдаж байгаа. Дээрх шимтгэлийг авахаа зогсоох гэж байгаа. Уг нь борлуулж байгаа цэгүүдэд зардлыг нь өгье хэмээн гаргаж ирж байсан л даа.