Л.ХАТАНБААТАР
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжсэн 1990-ээд оны үеэс эхлэн монголчууд валютын ханшийн зөрүү буюу хэлбэлзэл гэдэг ойлголттой нүүр тулсан . Үүнээс өмнө ханшийн хэлбэлзлийн зөрүү ихсэх, багасах нь төгрөгийн худалдан авах чадварт ямар ч нөлөөгүй байв. Энэ талаар иргэд ч ойлголтгүй байлаа. Нэг үгээр хэлэхэд социалист нийгэм мөнгөний хатуу бодлогыг хэрэгжүүлдэг байсан юм. Үндэсний валютын хувьд ямар ч хэлбэлзэлгүй, тогтсон нэг ханшаар үйлчлэх журамтай байв. Зах зээлийн эдийн засагт шилжсэн үеэс эхлэн гадаадын голлох валют болох ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтмол өссөөр эдүгээ Монгол банкны нэрлэсэн ханш 1: 1987 төгрөгт хүрлээ. Олны дам яриагаар Найман шаргын ченжүүд монголын валютын зах зээлийг тодорхойлдог гэдэг.
Үүний учир шалтгааныг сурвалжлахаар Найман шарга валют арилжааны төвийг зорилоо. Үдээс өмнө очиход хөл хөдөлгөөн багатай байв. Санхүүгийн зохицуулах хорооноос хийсэн олон ажлын нэг нь гар дээрээс валютын солилцоо хийхийг хориглосон шийдвэр байлаа. Үүний үр дүнд валютын ченжүүд тодорхой хяналтын систем бүхий ажлын байртай болжээ. Энэ нь аюулгүй байдал талаас болон үйлчилгээний хувьд хэрэглэгчдийн шаардлагад нийцжээ. Урьд нь ченж нар мөнгө бүхий том цүнх барин хоёр, гурвуул хамт зогсдог байв. Валют худалдан авах гэсэн иргэдтэй арилжаа хийн, захын хашааны булан болон суудлын машины бүхээгт мөнгө солилцдог байсан нь ердөө хэдэн жилийн өмнөх дүр зураг. Одоо бол ганц ченж камер бүхий шилэн хоргоны цаана зогсон бүхий л гүйлгээг хийж харагдана.
Эдийн засгийн шинэ харилцаа болох зах зээлийн нийгэмд шилжсэнээр олон мэргэжил шинээр бий болсны нэг нь валютын ченж юм. Сүүлийн үед голлох валют болох долларын ханш яагаад өссөний учирыг мэдэх ченж олдсонгүй. Нэг үгээр хэлэхэд энэ талаар ярилцах дургүй байв. Ингээд 20 гаруй жил валютын арилжаа хийсэн гэх ченжээс ам.долларын ханш сүүлийн үед өссөн талаар асуухад “Монголбанк болон арилжааны банкууд тоглолт хийж байна. Долларын хэрэгцээ их байвч доллар нь ховор. Улс орны эдийн засаг хүнд үед бараа зарагдахгүй. Иймээс наймаачид гадагш бараанд явахгүй. Мөн бидний үйлчлүүлэгчид эрс ховордсон. Валютын ханшийг өсгөж, унагаснаар ард түмэн л хохирно. Даваа болон пүрэв гаригт банкууд долларын ханшыг 10-20 төгрөгөөр унагаадаг. Унасан үнээр нь доллар авъя гэхээр байхгүй гэнэ. Маргааш нь ханшыг өсгөдөг. Ингэж банкууд тоглолт хийн мөнгөө олж авч байна. Бид банкны ханшаас үргэлж доогуур зардаг. Зарим банк бидний зарласан ханшаар доогуур тогтоодог ч амьдрал дээр худлаа байдаг” гэв. Мөн тэрээр “Монголбанкны зарласан ханш энгийн иргэдэд ямар ч хүртээлгүй. Монголбанкнаас зарласан ханшаар нь валют авах бололцоо байхгүй” гэв.
Худалдагчаас яагаад зарим валютын худалдах болон зарах үнийн дүн их бага байгааг асуухад “Өдөр болгон зарагддаг валютын худалдах, зарах ханшийн хэлбэлзэл бага байдаг. Еврог тэр болгон худалдан авдаггүй. Иймээс худалдах, худалдан авах ханшны зөрүү их байх жишээтэй. Манайх ханшийн зөрүүг тогтоохдоо авах ханшыг арилжааны банкнаас арай өндрөөр тогтоодог. Зарах ханшыг эсрэгээр бага байхаар тогтоож өгдөг” гэв. Самбарын ханшийн мэдээллээс харахад монголчуудын гол худалдан авах буюу зардаг валют нь Оросын рубль, юань, доллар байв. Валютын ханшийн хэлбэлзэлийн дарамт нь сүүлийн хэдэн жилд иргэдийн амьдралд ихээхэн мэдрэгдэх болсон билээ. Нуруугаа авахуулсан морь гэдэг шиг ам.доллар өслөө гэдэг сургаар ард түмний яс хавталздаг болсоор олон оныг өнгөрөөж байна. Манай эдийн засагт чухал нөлөөтэй долларын ханш өсөж, буурахыг мөнгөний бодлого хариуцсан Монгол банк хэлж тайлбарлаж чадахгүй байсаар удлаа. Харин хөндлөнгийн шинжээч болох МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Л.Оюун “Аливаа зүйл эрэлт нийлүүлэлтийн хуулиар явагддаг. Манай голлох экспортод гаргадаг нүүрс, зэсийн үнэ унасантай холбоотойгоор долларын нийлүүлэлт багассан нь үнэн. Хамгийн гол нь улс төрийн тогтворгүй байдал нөлөөлж байна” гэв. Дэлхийн улс орны хөгжсөн түүхийг харахад төрийн тогтвортой байдал нь хөгжлийн хөшүүрэг болж байжээ. Дээдэс нь хөлөө олохгүй байхад доодос гүйдлээ олохгүй гэдэг зүй үг бий. Нэг үгээр хэлэхэд төр тогтворгүй үед доллар өснө гэдэг энгийн гаргалааг хийж болно.