Аливаа улс орны эдийн засагт, гадаадын хөрөнгө оруулалт маш чухал үүрэгтэй. Дэлхийн өндөр хөгжсөн ихэнх улс орон гадаадын хөрөнгө оруулалтыг үр дүнтэй ашигласнаар эдийн засгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлсэн байдаг. Манай улс Дэлхийн банкны тогтоосон зэрэглэлээр бол хөгжиж байгаа орны тоонд ордог. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт ус, агаар шиг хэрэгтэй.
Дүн бүртгэлээс үзэхэд Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхайн салбарт ноогдож байна.Уул уурхайн салбарын дараа банк санхүү, тээврийн салбар удаалжээ. Харин хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт үгүйлэгдсээр.
Тэгвэл энэ салбарт хөрөнгө оруулалт оруулах, Монголын бүтээгдэхүүнийг Польш Улс цаашлаад Европын Холбооны Улсуудад танилцуулах, борлуулах зорилгоор “Монголд бид үйлдвэрлэв” ТББ, Польш Улсын хөрөнгө оруулагчдын анхдугаар хамтарсан уулзалтыг “Хүннү Молл” төвд хийлээ. Энэхүү уулзалтаар Польшийн хөрөнгө оруулагчидтай манай бизнес эрхлэгчид уулзах боломжтой бөгөөд харилцан тохиролцож чадвал хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээг үзэглэх боломжтой болох юм. Хөрөнгө оруулагчдын энэ удаагийн сонирхол нь хөнгөн үйлдвэрийн салбар, тэр дундаа арьс шир, ноос ноолуурын бизнес байв. Манай талаас арьс шир, ноос ноолуурын бизнес эрхэлдэг 20 гаран аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ. Арьсан эдлэлээр хийсэн цүнх, гутал, бүс, ноолууран дээл хувцас мөн мөнгөн эдлэлээр ур гарган хийсэн эмээл хазаар хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихэд татаж байв.
Польш Улсын хөрөнгө оруулагчдын тэргүүн, тус улсын Уул уурхайн сайд асан Мачей Калискигаас Монгол Улсад хөрөнгө оруулахад хууль эрх зүйн орчин нь таатай эсэх, эдийн засгийн хямралтай үед оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой талаар асуухад “Би Монгол Улсад гурав дахь удаагаа ирж байна. Ирэх болгонд уулзаж, гэрээ хэлэлцээр хийж байсан хүмүүс маань өөрчлөгдсөн байдаг. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын хууль болон ажил хариуцсан боловсон хүчин тогтвор суурьшилтай ажилладаг байх ёстой. Монгол Улс түүхий эдийн давуу талаа ашиглан гадаадын зах зээлд хүчтэй өрсөлдөх хэрэгтэй гэж бодож байна. Үүний тулд үйлдвэрлэлийн техник, технологийг шинэчлэх шаардлагатай. Ялангуяа ноос, ноолууран бүтээгдэхүүний салбарт амжилт гаргах боломж монголчуудад бий. Бидний хувьд ашиг гэхээс илүү эхний ээлжинд тогтвортой хамтын ажиллагаа чухал юм” гэв. Мөн тэрээр “Монгол Польш хоёр улс газар зүйн хувьд хол ч сэтгэл зүрхээр ойр байдаг. Польш Улс бол монголчуудын хувьд Европ руу гарах гарц юм. Зөвхөн түүхий эд гаргадаг орон байх бус бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Польш болон Европын зах зээлд борлуулаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна” гэлээ.
Эдийн засгийн хямралтай үед үйлдвэрлэгчид экспортод чиглэсэн үйл ажиллагаа явуулж бүтээгдэхүүнээ гадаадад борлуулах нь хүндрэлийг даван туулах хамгийн зөв гарц юм. Монголын “Exclusive” компани нь ноос, ноолуураар эцсийн бүтээгдэхүүн болох цамц, дээл, хувцсыг өнгө дизайн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг нь Польш Улсын ноолууран эдлэлийн бизнес эрхэлдэг “Кашмир” кампанийн анхаарлыг татжээ. Ингээд тус хоёр компани хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар монголын бүтээгдэхүүнийг Европод гаргах эхлэлийг тавьсан байна. Энэ тухай “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг “Польшийн “Кашмир” компанитай гэрээ байгуулсан. Монголын анхны брэндийн дэлгүүр есдүгээр сарын эхээр Польшийн Краков хотод нээгдэнэ. Монголчууд бид зөвхөн үйлдвэрлэл, загвар дизайн дээр анхаарал тавьж ажиллана. Борлуулалтыг Польшийн тал хариуцсанаар үйлдвэрлэгч бидний ажлыг хөнгөвчлөх болно. Энэ дэлгүүрээр зөвхөн манай компанийн бүтээгдэхүүн биш манайд үйлдвэрлэгддэг ноос, ноолуур, арьс, гар урлал, оёмол бүтээгдэхүүн хийж буй бүх аж ахуй нэгжийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой. Түрүүн Польшийн сайд асан хэлж байна. Польш Улс бол монголчуудын Европруу гарах гарц гэж хэлсэн. Энэ боломжийг үйлдвэрлэгч бид нар маш сайн ашиглаж чадвал их ирээдүй байна” гэв.
Тус уулзалтыг зохион байгуулж буй “Зөв монгол” ТББ-ын тэргүүн Г.Тансагчимэг “Манай ТББ нь “Монголд бид үйлдвэрлэв” ТББ-тай хамтран монголд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийг судлан эхний ээлжинд энэ чуулга уулзалтыг хийж байна. Энэ уулзалтад манай ТББ-ын 10 орчим үйлдвэрлэл эрхлэгч оролцож байгаа. Манай бараа бүтээгдэхүүнийг хөрөнгө оруулагч нар маань үзэж сонголт хийх юм. Сонгогдсон компаниуд тодорхой хэмжээний санхүүжилт авч, урт хугацааны зээл болон тусламжид хамрагдах боломжтой болно. Монголд эдийн засгийн хямралтай холбогдуулан жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкны зээл олдохоо байсан үед энэ бизнес уулзалт чухал ач холбогдолтой” гэлээ.
Ямартай ч манай хувийн хэвшлийнхэн эдийн засгийн хямралтай байгаа энэ үед гараа хумхин зүгээр суусангүй. Төр засгийн шугамаар биш, ардын дипломатын зарчмаар хөрөнгө оруулагчдыг татан, бизнесээ өргөжүүлэхээр хичээж ажиллаж байна.Төрийн хүнд сурталтнууд “тус” болдоггүй юмаа гэхэд “ус” болохгүй байгаасай билээ.